Халхын голын дайн эхэлсэн эхний өдрөөс сүүлчийн өдрийг хүртэл дайсан этгээдтэй нүүр тулан байлдаж ялалт авчирсан Монгол Ардын Хувьсгалт Цэргийн тэргүүн таван морьт хорооны нэг бол Матадын 8-р морьт дивизийн 22-р морьт хороо юм. Энэ хорооны дайчид дайны хүнд бэрхийг даван туулж дайсантай халз тулан байлдан давшсаар шийдвэрлэх цохилт эхэлсэн эхний өдрөөс Эрс уул, Хулд овоо, Дархан уулын заагаар эх орны хилд тулан очиж, Зөвлөлт-Монголын цэргийн бүлэглэлийн баруун жигүүрээр хүчтэй цохилт өгөх гэсэн Японы асар их хүчний эсрэг дөрвөн сарын турш сөрөн зогсож ширүүн байлдаж ялалт байгуулснаар Халхын голын дайныг дуусгасан юм.
Тамсагийн 8-р морьт дивизийн тэргүүн хороо гэгдсэн энэ хорооныхон Халхын голын дайнд 30 шахам удаагийн байлдаанд орж үүргээ зохих ёсоор биелүүлж байсан нь тус хорооны дарга Раднаагийн Бадарчийн удирдан жолоодох авьяас жинхэнэ монгол цэргийн дарга хүний хатан зориг хатуужилтай салшгүй холбоотой юм. Халхын голын дайны түүх бичлэгт 8 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд болсон үйл явдлуудыг голчлон авч үзэж, энэ үеэр л Халхын гол дахь дайны ажиллагаа дууссан мэтээр тусгаж ирсэн байдаг. Харин 9-р сард 8-р морьт дивиз болон хилийн заставууд оролцсон их бага хэмжээний байлдааны ажиллагааг орхигдуулж, зарим байлдааныг гуйвуулан үзэх хандлага гарч байсныг түүхчид дурьдсаар байна. Тухайлбал, 22-р морьт хорооны Нөмрөгийн голд хийсэн байлдааныг олон жилийн турш зөвхөн нэг талыг барин үнэлэлт өгч бодит байдлыг үгүйсгэсээр иржээ.
Армийн 1-р бүлгийн командлагчийн 8-р сарын 27-нд өгсөн тушаал ёсоор Зөвлөлт, Монголын цэрэг 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн мөргөлдөөний районд улсын хилийн дагуу хориглолтод шилжиж, өөрийн байрлалыг бэхжүүлэх ажилд эрчимтэй оржээ. Хэдийгээр дайсан бут цохигдсон ч гэсэн хүчтэй хэвээр байв. Ялангуяа Эрс овоо, Номон хаан, Бүрд овооны хоорондох хилийн хэсгийг онцгой бэхлэх хэрэгтэй байв. Энэ үед 8-р морьт дивиз Хулд уул, Эрс уулын заагт тухайлбал, 22-р морьт хороо Хулд уулын, 23-р морьт хороо Эрс уулын районд улсын хилийг хориглон хамгаалж байв.
Японы командлал 9-р сарын эхээр шинэ ангиудыг татан ирүүлж, 35-40 мянга орчим хүнтэй бүлэглэлийг манай улсын хилийн цаахан бий болгон, өдөөн хатгаж эхэлжээ. 9-р сарын 1-нд хилийн цаанаас Зөвлөлтийн цэргийн байрлалыг их буугаар буудаж, 9-р сарын эхний хагаст 6 удаа агаарын тулалдаан хийж байлдааны ажиллагаагаа агаарт идэвхжүүлэхийг оролджээ.
Мөн 9-р сарын 3-ны өдөр 22-р морьт хорооны хориглож байсан хэсгээр, 3-ны өдөр Эрс уулын чиглэлээр, 4-ний өдөр Хулд уулын районоор, 5-ны өдөр 23-р морьт хорооны байрлалаар гэх мэтээр удаа дараа довтолж хил нэвтрэхийг оролдож байсан ч тухай бүртээ Монгол, Зөвлөлтийн цэрэгт бут цохигдож байсан юм.
Халхын голын дайны түүхэнд саяхныг хүртэл Нөмрөгийн гол, Мана уулын районд болсон 8-р морьт дивизийн 22-р морьт хорооны нэгэн өдрийн байлдааны ажиллагаа хар толбо болон бичигдэж байв. 9-р сарын 11-ний өдрийн байлдаанд 22-р морьт хороо ухарснаас болж Мана уулыг дайсанд алдсан гэдэг нэр зүүн тус хороо болон дивизийн байлдааны амжилт, гүйцэтгэсэн үүргийг нь үгүйсгэх хандлага газар авсан юм. Энэ байлдааны талаар одоог хүртэл буруу зөрүү ойлголт байсаар байгаа тул бодит байдал юу болсныг түүхийн олон баримтаас тодруулан нягтлах нь зүйтэй гэж түүхчид, мэргэжлийн судлаачид үздэг. Зөвлөлт, Монголын цэрэг 1939 оны 8-р сарын 20-нд шийдвэрлэх давшилт хийж, Японы цэргийн үндсэн бүлэглэлийг Халхын голын зүүн талд бүслэн устгаж, улсын хилийг сэргээх үед Япончууд өөр чиглэлээр буюу Нөмрөгийн голын Мана уулын районд цэргийн үлэмжхэн хүчийг хуралдуулан байлдааны ажиллагаанд бэлтгэж байв.
Армийн 1-р бүлгийн штабын дарга, бригад командлан захирагч М.А.Богдановоос Нөмрөгийн Мана уулын районыг Япончууд эзлэн авсан шалтгааны талаар Гадаад Хэргийн Ардын Комиссар В.Молотовт бичихдээ “Энэ районыг эзлэн авахдаа Японы командлалын тавьсан оперативын зорилго нь БНМАУ-ын хилийг Япончуудын оперативын чухал байр болох Халуун рашааны төмөр зам, Халуун рашааны хээрийн зам, Хан ширээ, Жанжин сүм, Хайлаараас холдуулж Нөмрөгийн голын зүүн эргээр байгаа томоохон өндөрлөгүүдээр өөрийгөө халхлахад оршиж байв” хэмээн тайлбарлажээ.
Энэ үед Мана уулын районд хориглож байсан Япон, Баргын тусгай батальон, морьт суман, их бууны батарейг устгуулахаар 1939 оны 8-р сарын 31-нд Зөвлөлтийн 8-р мотохуягт бригадын хүч нэмэгдүүлсэн буудлагын батальоноос бүрдсэн 300 орчим хүнтэй отрядыг хошууч Коневоор удирдуулан явуулжээ.
Коневийн отряд Нөмрөгийн районд ирж хязгаарын цэргийн 5-р заставтай хамтран байлдааны ажиллагаа явуулсан боловч хүч хомсдон Мана уулын баруун бэлд хориглолтод шилжин дайсны хүчийг тогтоон барьж байв.
Армийн 1-р бүлгийн командлалаас Мана ууланд бугшсан дайсныг устгах, тэнд буй Коневын отрядыг солихын тулд дахин шинээр отряд зохион байгуулан Нөмрөгийн гол руу явуулахаар шийдвэрлэж, Улаан армийн 5-р буудлага-пулемётын бригадын даргын орлогч хошууч Таранецаар даргалуулсан МАХЦ-ийн 22-р морьт хороо, 8-р морьт дивизийн хуягт суман, их бууны батарей, Улаан армийн 8-р мотохуягт бригадын буудлагын нэг рот, 6-р танкийн бригадын БТ-7 танкийн нэг салааны бүрэлдэхүүнтэй отрядыг илгээжээ. Үнэн хэрэгтээ энэ шинэ томилогдсон отряд гэдэг нь 22-р морьт хороо, түүнд хавсаргасан их бууны батарей бүхий 400 гаруй хүнтэй хүч байсан байна.
Шинээр зохион байгуулсан отрядыг 9-р сарын 7-ны 20 цагт 8-р морьт дивизийн байрлалын районоос хөдөлж, 8-ны өдрийн 16 цагт Нөмрөгийн голын баруун талд буй 1100 тоот өндөрлөгийн районд хүчээ хуралдуулан, 8-9-нд шилжих шөнө солих ажлыг зохион байгуулахыг тушаажээ. Ингээд 22-р морьт хороо Хулд уулын орчмоос морин маршаар хөдлөн явж 120 км орчим зам туулан 10-ны үүрээр заагдсан газар очиж Коневын отрядыг сольжээ. Тус хороог очсоны дараа хошууч Конев өөрийн отрядаа буцаасан байна.
22-р морьт хороо ийнхүү маршаар Нөмрөгт очихдоо тушаалд заагдсан хугацаанаасаа хожимдон очсон явдлыг олон нөхцөл байдлаар тайлбарлаж болох юм. Тухайлбал, Хороо олон сар байлдааны үүрэг гүйцэтгэсний улмаас агт морьд, зүтгэх хүч их сульдаж ядарсан, зам бартаатай, цас бороо холилдон орж байсан цаг агаарын хүнд нөхцөлд марш үйлдсэн нь хөдөлгөөний хурдыг ихээхэн сааруулжээ.
Мана уулын районд 22-р морьт хороог ирэхэд Японы тал 3000 гаруй хүн, 12 их буутай, Монгол, Зөвлөлтийн тал 450 гаруй хүн, 4 их буутай хоёр талын хүчний харьцаа тэнцвэргүй байв.
9-р сарын 11-ний өглөөнөөс цаг агаар улам хүйтрэн баруун хойноос ширүүн салхи үлээж цас бударч байв. Энэ өдрийн өглөө Японы тал их бууны гал болон 2 морин сумангаар дэмжүүлсэн 2 явган батальон хүчээр 22-р морьт хороо руу давшиж байлдаан эхэлжээ. Энэ байлдаан өглөөний 6 цаг 50 минутанд эхлэн, 22-р морьт хорооны хориглолтыг 2 жигүүрээр нь бүсэлж эхэлсэн байна. 22-р морьт хорооны хориглолтын баруун жигүүрт түүний 4-р суман, дунд нь 3-р суман, зүүн жигүүрт нь Улаан армийн буудлагын рот, нийтдээ 200 орчим хүнтэй хүч хориглож байв.
Дайсны цэрэг зарим газраар нэвтэрч гардан байлдаан хүртэл болж байв. 22-р морьт хороо дайсны давуу хүчинд түрэгдэн аргагүйн эрхэнд ухрахдаа 4 их буугаа авч чадалгүй орхисон ажээ. Японы тал нийтдээ 800-900 орчим хүнтэй хүчээр довтолж, байлдаан 11 цаг 25 минутийн орчим дууссан бөгөөд Япончууд ч давшилтаа зогсоожээ.
Энэ байлдаанд 22-р морьт хорооны 3, 4-р суман болон тэдгээрт хавсаргасан пулемёт салаа, их бууны батарейнаас 19 хүн амь үрэгдэж, 7 хүн шархдан, Зөвлөлтийн буудлагын ротоос 7 хүн амь үрэгдэж, 10 хүн шархаджээ. Японы талаас 10 хүн алагдаж, 7 хүн шархадсан байна. Отрядын бүрэлдэхүүнд орсон танкийн салаа нь энэ байлдаанд ямар нэгэн шалтгаанаар оролцоогүй бөгөөд 8-р морьт дивизийн хуягт суман хориглолтын өвөр эгнээнээс баруун хойно байрлаж, галын дэмжлэг үзүүлэн хорооны ухралтыг галаараа халхалжээ.
Ингэж энэ өдрийн байлдаанд 22-р морьт хороо дайсны давуу хүчинд түрэгдэн ухарснаас болж Мана уулыг Японд алдсан гэдэг яриа гарах болсон юм. Энэ байлдаанд дайсны давуу хүчний давшилтыг зогсоох, улмаар няцаах боломж 22-р морьт хороонд байсангүй. Тэгээд ч бүслэгдэх аюул тулгарсан тул хүн хүчээ хадгалж хамгаалах зорилгоор хорооны дарга, ахмад Р.Бадарч ухрах тушаал өгснөөр Нөмрөгийн голын баруун эрэгт хориглолтод шилжсэн байна. Тухайн үед дайсны давшилтыг ямар ч аргаар болов няцааж, зогсооно гэдэг нь эцсийн эцэст бүх хүнийхээ амь насыг хөнөөлгөнө гэсэн хэрэг бөгөөд ингэх нь ямар ч утга учиргүй хэрэг байв.
Цагийн байдлын ийм нөхцөлд хороог бүслэгдэх аюулаас гаргах, газар орны ашигтай байрлал эзлэх зорилгоор ухрах шийдвэр гаргасан нь тухайн үед зөв байсан гэдгийг тэр үеийн байлдааны захирагч Поздняков “Энэ нөхцөлд бүх төрлийн зэвсгийн галаар дайсанд хохирол учруулж хорооны үндсэн хүчийг Нөмрөгийн голын баруун эрэгт зохион байгуулалттай гаргах нь тактикийн хувьд зөв байсан” хэмээн бичиж байжээ.
Харин хорооны удирдлага давуу хүчээр давшиж байгаа дайсанд бүх төрлийн галаар хүчтэй эсэргүүцэл үзүүлж, салбаруудыг дэс дараатай ухраах ажиллагааг удирдах, хяналт тавихад сул анхаарсан, их бууны батарейг хориглолтын өвөр эгнээнд ойрхон, намгийн цаана гаргаж байрлуулсан, ухрах үед их буунд хөлөлдөг морьдыг ар талаас авч амжаагүй явдал батарейг дайсны галын дороос авах бололцоогүй болгожээ.
Хориглолтын заагийг өдөр сольж дайсанд хүчээ мэдэгдсэн, урьд нь хориглож байсан Коневын отряд болон 1-р морьт сумангаас дайсны хүч, байрлал, галын цэг, ажиллагааны бодлогын талаар тагнуулын мэдээ аваагүй, пулемёт суманг морьт сумангуудад тарааж өгсөн/тэр үеийн дүрмээр/, хориглолтын өвөр эгнээнд зөвхөн 3, 4-р морьт суманг авч 1-р морьт суманг байлдаанд оруулаагүй /2-р морьт суман арын хамгаалалтад байв/ зэрэг тактикийн хуучин загварт баригдаж байлдааны журмыг байгуулсан зэрэг хэд хэдэн шалтгаан хориглолтын бат бэх байдлыг хангахад муугаар нөлөөлсөн байна. Түүнчлэн хошууч Конев байрлалаа хүлээлгэн өгч өөрийн отрядыг буцаасны дараа шинээр ирсэн отрядыг цагийн байдалтай танилцуулахаар 2 хоногийн хугацаатай үлдэх ёстой байсан боловч тэрээр үлдээгүй, мөн отрядын дарга хошууч Таранец отрядыг нэгтгэн захирч удирдлагаар хангаагүй нь байлдааны ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн байна.
Харин 9-р сарын 10-нд Мана уулын баруун бэлд өдрийн цагаар дайсны хяналтын дор отрядууд солилцон хориглолтын заагийг эзэлсэн явдал нь отрядуудын болон хорооны удирдлага, сургагч нараас гаргасан тактикийн алдаа мөн гэх үндэстэй.
Гэвч 22-р морьт хороо 4 цаг гаруй дайсны давшилтыг тогтоон барьж арга буюу ухран хориглоход хүрсэн байдаг. Ингэхээр Мана уул улсын хилийн цаана үлдсэн нь 22-р морьт хорооны байлдааны ажиллагаанаас болоогүй бөгөөд энэ нь нэг талаар тус хороог Дархан уулнаас гарч байсан 9-р сарын эхээр Мана уулыг дайсан нэгэнт эзлээд газар орны ашигтай байрлалыг эзэлж бат бэх хориглолт хийн улмаар ихээхэн хүчийг ирүүлж байсан, нөгөө талаар Зөвлөлт, Монголын командлал Нөмрөгийн районд байгаа дайсны хүчний талаар тодорхой мэдээгүйгээс бага хүчийг хугацаа хожимдуулж явуулсан тал харагддаг байна.
Цагийн байдал эрс өөрчлөгдсөн нөхцөлд Армийн 1-р бүлгийн командлал Нөмрөгийн районыг дайснаас бүрэн чөлөөлөх байлдааны төлөвлөгөө боловсруулж, уг операцийг 9-р сарын 16-нд эхлэхээр бэлтгэжээ. Гэтэл 9-р сарын 15-ны өдөр Москвагийн цагаар 13.00 цагт байлдааны ажиллагааг зогсоож хоёр тал эзэлсэн шугам дээрээ үлдэх тухай дээд командлалын тушаал гарсан тул 22-р морьт хороо Нөмрөгийн голын баруун эрэгт хориглосон байрандаа үлдэж, Мана уул улсын хилийн гадна үлджээ. Ийнхүү 8-р морьт дивизийн 22-р морьт хорооны дайчид 1939 оны 9-р сарын 11-нд Халхын голын дайны сүүлчийн хүч тэнцвэргүй байлдаанд орж түүхэнд эерэг, сөрөг дурсагдах болсны учир энэ билээ.
1939 оны 9-р сард Нөмрөгийн голын орчим болсон байлдаанд 8-р морьт дивиз ялангуяа 22-р морьт хорооны гүйцэтгэсэн үүргийг олон нийтэд үнэн байдлаар ойлгуулж, цэргийн түүхэнд зохих байрыг нь эзлүүлэх явдал түүхэн үнэнийг сэргээх, залуу үеийг цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, цэрэг, ард түмний холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
МАХЦ-ийн 8-р морьт дивизийн 22-р хорооны дайчид, түүний удирдлагыг 1939 оны 9-р сард Японтой байлдаж байхдаа дээд командлалаас өгсөн байлдааны үүрэг даалгаврыг биелүүлээгүй, эх орноосоо урвасан гэж үзээд удирдлагыг цэргийн шүүхэд шилжүүлэн, хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн бол 1970 онд Улсын дээд шүүх уг хэргийг хянан үзээд 22-р хорооны удирдлагыг эх орноосоо урваагүйг тогтоосон юм.
Мөн Улсын их хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс 22-р хорооны дайчид, түүний удирдлагууд 1939 оны байлдаанд урвасан эсэхийг нарийвчлан шалгах тусгай комиссыг дахин томилон ажиллуулжээ. Түүх архивын ихээхэн хэмжээний материал судалж, түүх судлаачид болон 1939 оны 9-р сард Мана уулын хавьд болсон байлдаанд биеэр оролцсон ахмадуудтай уулзаж судалсны үндсэн дээр 8-р дивизийн 22-р морьт хорооны дайчид, түүний удирдлагыг эх орноосоо урваагүй гэсэн эцсийн дүгнэлтийг гаргаж, хүч давуу дайсны эсрэг эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь хайрлалгүй эрэлхэг зориг гаргаж тэмцэж явжээ гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.
8-р дивизийн 22-р морьт хорооны дарга Р.Бадарч бол байлдааны эгзэгтэй үед зоримог шийдвэр гаргаж, түүнийхээ зөв гэдэгт итгэж байсан бөгөөд буцаж няцалгүй шулуун шударга тэмцэгч дарга байжээ. Шүүн таслах хурал дээр шударга биш, хүнд ял оноож байхад тэрээр “төрсөн бие хоёр нүдтэй, төр түмэн нүдтэй гэдэгсэн… надад эх орондоо муу санасан буруу байхгүй… би амь гуйхгүй. Хэрэв амь гуйх юм бол эх орондоо хар буруу санаж, гэмт хэрэг хийгээд эцэст нь намайг уучлаач гэсэн үг болно биз ээ” хэмээн хэлж байсан нь үүнийг гэрчилнэ.
8-р морьт дивизийн 22-р морьт хорооны комиссараар ахлах улс төрийн удирдагч цолтой ажиллаж байсан Ё.Цэдэн-Ишийн “Дайн ба Улс төрийн яргалал” номонд нийтлэгдсэн дурдатгалд “…1939 оны 9-р сарын 13-ны едөр. Намрын шар наран тэнгэрийн хаяанаас алгуурхан хөөрч сайхан өдөр болох шинжтэй. Бидний морио идээшлүүлж байгаа армаг тармаг зулзаган хустай хөндийд олон машинтай дарга нар ирж, хороон захирагч Бадарч, түүний сургагч Чепик, миний сургагч Васен, батарейны дарга Дамдинжав, түүний сургагч бид зургааг дуудсаныг цэрэг илтгэлээ.
Хусны цоорхойд арав гаруй дарга зогсож байна. Тэдний цаанаас бүхээгтэй Таз-бикав” ойртож харагдана. Дарга нарын дунд Дотоод яамны будүүн шар дэд хурандаа онцгойхон зогсохыг дарга нь гэж ухаарлаа. Бадарч түрүүлэн очиж түүнтэй мэндлэн гар бариад хажуу тийш нэг алхан надад зай тавих агшинд хаанаас хэдийд ч гараад ирсэн юм бэ бүү мэд араас хоёр офицөр барьж гарыг нь мушгих шиг харагдав. Агшин зуурт бид зургуул гараа ардаа хүлүүлжээ. …1939 оны 9-р сарын 23-ны өдөр. Үүр тэмдгэрээгүй шахам харанхуйгаар “гараад ир” гэв. Нүхний хажуухан Таз-бикав” зогсож байна. Түүнд суулгаад хэдэн тэрэг урд хойноо ороод зүүн урагш хөдлөв. Үд хэвийх үед зогсож буу гэв. Буугаад ирвэл нэгэн том уулын ард манай хороо ирсэн бололтой. Энд тэндээс цэрэг жагсаалаараа ирснийг нэг газар суулгаад байдаг. Сандал ширээ авчирч тавив. Хоёр буутай цэрэг бид гурвыг тууж тэр цэргүүдийн өмнүүрх сандлын оронцог дээр суулгав. Эх орноос урвагчдын хэргийг таслах шүүх хурал нээв. Шинэчилсэн мөрдөн байцаалт маягтай гурав, дөрвөн асуулт тавьж хариу авав. Тэгээд л шүүхийн тогтоол уншиж, 24 цагийн дотор амь гуйх эрхтэйгээр бид гуравт цаазаар авах ял оноов. Гэрч, өмгөөлөгч оролцсонгүй, даван заалдах эрх ч өгсөнгүй. Бид хаана байна вэ? гэж нэг цэргээс асуухад Нөмрөгийн хойд уулын ард гэтэл харгалзагч цэрэг “Хөөе. Юу яриад байна” гэж тас цохив. Түүнээс хойш гурав хоноод байтал цайны дараахан үүдний харгалзагч нүхний амсраар шагайж, гурван цаас, гурван харандаа өгч “өргөдөл бич” гэв. Цаасны дор тавих юм байхгүй болохоор түүнийг нугалан зузаалж үүдний гэгээнд дөхөж суугаад бичив. Бадарч маань цаас харандаагаа газар хаячихаад буруу харсан хэвээр. “Бадарчаа та бичээч” гэж дарга уруу харлаа. “Та хоёр биччихсэн үү”. “Биччихлээ”. “Юу гэж бичдэг юм бэ та хоёр”. Би өргөдлийн агуулгыг хэлэв. “Хн, та хоёрын өргөдөл бичдэг буруу. Хэдийгээр хэрэг хийгээгүй гэдгээ бичсэн боловч амь гуйна гэдэг чинь хэрэг хийсэн хүний л ажил. Хэрэг хийгээгүй бол амь гуйх хэрэггүй биз дээ” хэмээн дарга ухуулж, бид хоёр уруу ширүүхэн харц шидэж, “Би хэрэг хийгээгүй, амь гуйхгүй” гэв. Бид хоёрт дуугарах үг олдсонгүй. Дарга цааш харж бодлогоширсноо “Би хэдэн сарын турш японы мянга мянган сумны өөдөөс явахад дайсны нэг ч сум намайг оноогүй. Эх орны минь 1 сум намайг онох ёстой болсон бол төөрөг нь мэдэг. Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй гэдэг биз дээ. Бид гурвыг нэг харах байлгүй, чухамдаа алах л бол амь гуйсан ч ална, гуйгаагүй ч ална, би өргөдөл бичихгүй” гээд хэвтээд өгөв. “Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг. Амьд үлдээд орхивол төр, түмэн бидний үнэн мөнийг олно биз дээ” гэгчлэн Дамдинжав бид хоёр түүнийг ятгав. “Үгүй, би бичихгүй” гэснээс өөр үг сонсож үл чадав. Оройхон бидний өргөдлийг дахин нэхэв. Бадарч “Өг, өг. Минийхийг хоосон өг” гэв. Бид хоёр өргөдлөө түүний хоосон цаастай нийлүүлж, үүдээр сарвайв. Үүнээс хойш хэл чимээгүй арав гаруй хонов. Гэтэл Бадарч, Дамдинжав хоёрыг дуудаад явлаа. “цаг нь болжээ” гэдэг гунигт бодол л сэтгэлд харвана. Маргааш үдийн хирд хүний хөлийн чимээ гарахад нуруу хүйт оргих шиг болов. Гэтэл Дамдинжав минь ороод ирлээ. Бие биеэ тосон тэврэлдэж, хацар хацраа түшиж мэгшин уйлцгаав. “За юу болов, Бадарчийг яав. Хаана очоод ирэв”. Тэрээр “Бадарчийг миний хажуугийн шоронд хийгээд удалгүй буцаагаад аваад явчих шиг боллоо” гэж ярив. Нүхнийхээ амсар уруу дөхөн сууж, тэр өдөр шөнийн турш Бадарчаа хүлээв. Бадарч минь ирсэнгүй. Эдүгээ тавин жил хараад ирсэнгүй” гэж бичигдсэн байдаг. Өөр нэгэн дам яриагаар бол Бадарч, Дамдинжав, Цэдэн-Иш гуравт ногдуулсан цэргийн хээрийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ нэгэн манханы хонхорт зэрэгцүүлэн зогсоогоод “Та гурав яг одоо амь гуйвал ялыг чинь хөнгөлж 10 жилийн хорих ялаар шийтгэнэ” гэхэд Дамдинжав, Цэдэн-Иш хоёр нь тэр дороо доош сөхрөн сууж амь гуйхад Бадарч сөхөрч суухгүй зогсоод байсан. Түүнийг амь гуйхыг шаардахад тэрээр тас зөрөн “би бүтэн 4 сарын турш японы мянга мянган сумны өөдөөс сөрж явахдаа амиа хайрлаагүй юм. Эх орныхоо нэг суманд энд алагдах тавилантай байсан юм бол ална л биз. Би хэрэг хийгээгүй байж амь гуйхгүй” гэж эрс шийдэмгий хэлээд сөхөр ч суухгүй зогсоод байж. Түүний хоёр талаас нь Дамдинжав, Цэдэн-Иш хоёр нь уйлан зуурч доош сууж амь гуйхыг ятгаад ч тэрээр эрс шийдэмгий цэх зогсож байгаад цээжиндээ буудуулж үхсэн гэдэг яриа байдаг. Дайны хажуугаар дажин гэгчээр тухайн үеийн ДЯЯ-ны хүмүүс дайсантай нүүр тулж байлдаанд оролцоогүй хэрнээ байлдаж байгаа цэрэг дайчдын ард дулаан конторт гэдэс цатгалан сууж, бусдын алдааг ухан төнхөж, ноцтой, асар том эсэргүү хэрэг илрүүлсэн мэт сүр бадруулж дээд удирдлагад худал мэдээ хүргэн, түүгээрээ алдар цол, гавьяа шагнал хүртдэг, амьдрах аргаа болгож байсан байна. Тэд энэ арга барилаараа олон мянган гэм буруугүй шудрага эх орончдыг хохироож ирсний нэг бодит жишээ бол 22-р морьт хорооны дарга, ахмад Раднаагийн Бадарчид тохиолдсон эмгэнэлт хэрэг билээ.
Монгол эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө МАХЦ-ийн морьт хороог командлан дайны эхнээс дуусах хүртэл бүхий л үеийн туршид ямагт тэргүүн шугаманд тулалдаж, төр засаг, МАХЦ-ийн дээд командлалын үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлсэн ч тухайн цаг үеийн өнгө аяс, хувь заяаны төөргөөр байгуулсан гавьяа, туулсан зам мөр нь буруугаар эргэж, дайны талбарт цаазын ял сонсож гүйцэтгүүлэн амьдрал нь гашуунаар төгссөн МАХЦ-ийн эрэлхэг дарга нарын нэг, 1939 оны Халхын голын байлдааны талбарт тэргүүн хороо гэгдэн өндрөөр үнэлэгдэж явсан Матадын 8-р морьт дивизийн 22-р морьт хорооны дарга Раднаагийн Бадарч бол 1911 онд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт төрсөн. 1931 он хүртэл эцэг Раднаа, ээж Палам, эрэгтэй дүү Надмид нарын хамт нутагтаа мал маллан амьдарч байгаад 1931 оны 10-р сард цэргийн албанд татагдан ирж улмаар Бүх цэргийн ерөнхий сургуульд суралцан, амжилттай сайн төгссөний учир 1935 оны 7-р сард цэргийн дээд командлалаас нагаан буугаар шагнуулж байжээ. Тэндээсээ зүүн хязгаарын Овоотын 20-р хороонд салааны дарга, 1938 онд 23-р морьт хороонд пулемёт сумангийн дарга, улмаар тус дивизийн 22-р морьт хорооны даргаар дэвшин ажилласан байна. 1934 онд МАХН-д элсэж, 1935-1938 онуудад морьт хороонд намын үүрийн нарийн бичгийн даргаар ажиллажээ. Р.Бадарч 1932 онд баруун зарим аймгуудад гарсан хувьсгалын эсэргүү бослогыг дарахад Бүх цэргийн ерөнхий сургуулийн хэсэг сурагч, дарга нарын хамт оролцож, Ж.Малж, Чоймбол нарын удирдсан отрядад 4-н сарын турш байлдахдаа 16-н удаа дайсантай халз тулгаран байлдаж, тавигдсан үүргийг онц сайн биелүүлсэн учир үнэмлэх, үнэ бүхий зүйлээр шагнуулж байв.
Монгол улсын тусгаар тогтнол, улс орны батлан хамгаалах үйл хэргийн төлөө 1939 оны Халхын голын дайны тэргүүн шугаманд өөрийн хороог онцгой чадварлаг удирдаж, гарамгай байлдан, баатарлаг гавьяа байгуулсны учир БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид ба Ардын сайд нарын зөвлөлийн хуралдааны 60-р тогтоолоор Р.Бадарчийг Цусан гавьяаны улаан тугийн 1-р зэргийн одонгоор шагнажээ.
Энэхүү зоригт Монгол цэргийн даргын талаар эх сурвалжуудыг үндэслэн миний бие 2018 оны намар Улсын баатар Гомбын Цэндийн хөшөө дурсгалыг сэргээн мөнхжүүлэх асуудлаар түүний үр хүүхэд, ач гучийг эрэн сурвалжилж явсаар зээ хүү Ганбат нь Дорнод аймгийн Чойбалсан хотод амьдарч байгааг тогтоон очиж уулзсан юм. Гэтэл энэ хүний эх нь БНМАУ-ын баатар Гомбын Цэндийн бага охин Цэрэндулам мөн байсан бөгөөд түүний нөхөр нь Халхын голын дайнд алдарт 22 дугаар морьт хорооны комиссараар ажиллаж байгаад хилсээр шийтгүүлж, 10 жилийн хорих ял эдэлж явсан Ё.Цэдэн-Иш гуай болж таарсан юм. Тэгэхлээр Ганбат нь Гомбын Цэнд гуайн зээ хүү, Ё.Цэдэн-Ишийн том хүү нь юм. Ё.Цэдэн-Иш гуай 90 гаран насалж, ардчилал шинэчлэлтэй золгож хаалттай цаг үед ярьж болдоггүй, ам хамхиж явсан зарим зүйлийн ээдрээг тайлж бодит үнэнийг өнөөгийн бидэнд хэлж захиж үлдээсэн байдаг.
Мана уулын районд болсон энэ байлдааны талаар түүхч, судлаач, сэтгүүлчдийн бичсэн материалууд, болон тус хорооны ахмад дайчдын дурьдатгалууд сонин хэвлэлд олонтоо хэвлэгдэж байсныг эргэн үзэж, их ялалтын 80 жилийн ойг мөдхөн тэмдэглэх цаг дор уншигч олондоо хүргэх нь зүйн хэрэг.
Жинхэнэ монгол цэргийн дарга, шударга эх оронч Раднаагийн Бадарчийн байгуулсан гавьяа түүхэнд тодорхой учир, төрийн дээд шагнал Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнах нь зүйд нийцэх санагдана.
Судлаач Хотгойд овогт Түдэвийн Батжаргал