Олон улсын хадгаламж, зээлийн хоршооны зохицуулагчдын зөвлөл (ICURN)-ийн жилийн хурал АНУ-ын Чикаго хотноо долоодугаар сарын 24-26-ны өдрүүдэд боллоо.
ICURN нь гишүүдийнхээ хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа явуулахыг зорьж байгаа харьцангуй шинэ байгууллага бөгөөд 6 тивийн 39 улс гишүүн нь юм. Тус зөвлөлд 2019 онд Уганда, Өмнөд африк, Барбадос, Мьянмарын зохицуулалтын байгууллагууд шинээр элсжээ. Монгол Улсын зохицуулалтын байгууллага СЗХ нь 2017 онд гишүүнээр элсэж, хамтран ажиллаж байна.
Олон улсын хадгаламж, зээлийн хоршооны зохицуулагчдын зөвлөл (ICURN) нь 2015 оноос эхлэн гишүүн байгууллагуудаа оролцуулсан жилийн хурлыг зохион байгуулж байна. Хурлын үеэр зохицуулагчид нэг дор цугларч хяналт шалгалтын сүүлийн үеийн чиг хандлага, арга хэлбэрийн талаар хэлэлцдэг. Энэ удаагийн хуралд 18 орны 61 төлөөлөгч оролцлоо.
Хуралд оролцогчид дугуй ширээний уулзалт хийж, өөр өөрийн орны хадгаламж, зээлийн хоршооны зах зээл, тулгамдсан асуудлыг ярьж, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцож, кибер аюулгүй байдал, ФинТек-РегТек-СупТек/зохицуулалт, хяналт шалгалтын зардал, хадгаламжийн даатгалын тогтолцоо, залилах гэмт хэргийг илрүүлэхэд технологийг ашиглах боломж, хадгаламж, зээлийн хоршоог өөрчлөн байгуулах зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.