Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дорнод аймгийн Халхгол суманд хэрэгжиж буй “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Түүхт Халхголын тулалдааны 80 жилийн ойг энэ жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчлэх сум дундын бүтээн байгуулалт буюу “шинэ сум” төслийг Халхголд хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой тус сумын хүн ам цөөрч байгаа тул Халхгол сумыг шинэчлэх төслөө танилцуулж, улмаар ОХУ-ын тал санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Роснефть” нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэр тус компанийн удирдлагууд Халхгол сумын бүтээн байгуулалтын ажилд зориулж, 8 сая евро хандивлах болсноо мэдэгдсэнээр, газар шорооны ажил 2019 оны дөрөвдүгээр сарын 3-нд эхэлсэн юм.
ХАЛХГОЛЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 80 ГАРУЙ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
“Шинэ сум” бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Халхгол сумын Засаг даргын Тамгын газар, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн багтаамжтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламжийг барьж байгуулж байна. Ингэхдээ дэд бүтцийг буюу халуун хүйтэн ус, ариун цэврийн байгууламжийг шийдэж байгаа юм.
Дэлгэрэнгүйг үзнэ үү:
Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүн бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа нь төслийг цаг хугацаанд нь чанартай хийж дуусгахад хамгийн том түлхэц болж байна.
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАХ ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“Бид XX зууны хөдөөгийн бодлогыг 1950, 60-аад онд гаргаж байсан. Одоо бид XXI зууны шинэ хөдөө, орон нутгийн бодлогоо гаргах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг бүх түвшинд ярьж, хэлэлцэж эхэлсэн энэ үед тус хуулийн төсөлд тусгагдсан засаг, захиргааны асуудлыг хөндөж ярилцах хэрэгтэй.
Мөн ахуй буюу XXI зуунд хүн яаж амьдрах ёстой вэ гэдэгт, хоёрдугаарт малчдын орлогыг хэрхэн тогтвортой байлгах вэ гэдэгт анхаарлаа хандуулдах шаардлагатай юм. Хөдөөгийн, сумын иргэдийн малаас гаралтай түүхий эд нь баталгаатай борлогддог байлгах, нөгөө талаасаа газар тариалангийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Халхгол сумаар жишээ авахад Улаанбаатар хотоос 1000 гаруй км зайтай энэ бүс нутагт газар тариаланг хөгжүүлж хөрш зэргэлдээ улс, хот руу бүтээгдэхүүн экспортлох боломж бий. Өөрөөр хэлбэл, орон нутагт нь ямар нэг байдлаар боловсруулах үйлдвэр барих зэргээр төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай гэж үзэж байна.
Мөн Халхголын тулалдааны 80 жилээр бөх барилдуулж, морь барилдуулаад зогсох бус бодит бүтээн байгуулалт босгоё гэж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ ярьсан. Үр дүнд нь бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэлсэн. 2019 оны есдүгээр сарын 3-нд бид 80 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ үед шинэ сумын бүтээн байгуулалт дуусч, үйл ажиллагаа нь жигдэрчихсэн байх болов уу.
Энэ мэтээр бид алслагдсан 100 гаруй сум, орон нутгаа хөгжүүлэх шаардлагатай. 2012 онд УИХ-аар алслагдсан сумдаа шинэчлэхээр болсон 2, 3 хан сум шинэчлэгдээд энэ ажил зогссон. Та бүхэн Халхголын бүтээн байгуулалтаар сум шинэчлэх ажил амжилттай үргэлжилж байгааг харж байгаа байх. Мөн ажилд барилгын цэргийн ангийнхан оролцож байгаа. Дотоодын ажиллах хүчнээрээ бахархаж байна” гэлээ.