Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийв. Тэрбээр “Наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний нөөц 155.600 тонн байна. Түлшийг Сонгинохайрхан дүүргийн 22, 28 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 22, 23, 27 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нийт 10 цэгээр тавдугаар сарын 15-наас борлуулж эхэлсэн. Өнөөдрөөс эхлэн нэмж борлуулагчидтэй гэрээ байгуулж ажиллана. Мөн Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавьж ажиллах бүтцийг дөрвөн түвшинд гаргаад байна” гэв.
Дараа нь нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа нийслэлд зохион байгуулагдаж буй худалдан авах ажиллагааны талаар товч мэдээлэл хүргэхдээ “Нийслэлийн хэмжээнд 2018 оноос он дамжсан болон 2019 онд нийт Нийслэлийн Засаг даргаас 498.8 тэрбум төгрөгний нийт төсөвт өртөгтэй 917 төсөл арга хэмжээний эрх шилжсэн байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 193, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 411, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 240, нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар 73 төсөл арга хэмжээнүүд хэрэгжиж байна” гэсэн юм.
2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, элсэлтийн талаарх мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл хүргэлээ. Тэрбээр “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин 92 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна. Мөн Улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэлийн 71 сургууль, цэцэрлэгт 5.3 тэрбум төгрөгийн их засварын ажил хийх төлөвлөгөө батлан хэрэгжүүлж эхэлсэн. Сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн хүрээнд “Сургуулийн орчинтой танилцах өдөрлөг”-т 25.894 хүүхэд багачууд, 25.913 эцэг эх, асран хамгаалагч, 2646 багш хамрагдсан. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Наймдугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагийн байдлаар цахим бүртгэлд 23.546 хүүхэд бүртгэгдсэн байна. Мөн нийслэлийн Засаг даргын зургаадугаар сарын 24-ний өдрийн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын байгууллагын барилга байгууламж, сургалтын орчны зохион байгуулалт, эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлсэн эсэх, Удирдах ажилтан, багшлах болон мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал, сургалтын цөм хөтөлбөр, түүний хэрэгжилт, сургалтын орчин бүрдүүлсэн байдал зэрэгт хяналт, шалгалт хийж, холбогдох дүгнэлтийг гарган БСШУСЯ, НМХГ-т хүргүүлж, дүүргүүдийн Боловсролын хэлтэс, ЕБС-иудад цаашид хийх ажлын чиглэл, үүрэг даалгаврыг өгч ажилласан. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журмын төсөл боловсруулж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” хэмээв.
Шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт тавих батлагдсан хуваарийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогч, төслүүдийн удирдагч нар хариуцсан дүүрэг, дүүрэгт очиж ажиллах, хөрөнгө оруулалтын ажлын чанар, гүйцэтгэлд хяналт тавих ажил ямар шатанд байна. Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ байгаа зөвшөөрөлгүй, ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх ажил ямар шатанд хэрэгжиж байна. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Амгалан” амаржих газрын хажуу талд тогтмол шөнийн цагаар архи, согтууруулах ундаагаар үйлчилж, үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээлэл, гомдлууд ирж байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонсож, “Амгалан” амаржих газартай холбоотой асуудлыг холбогдох байгууллагууд өнөөдөртөө багтаан шийдвэрлэх үүрэг чиглэл өглөө.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн бүртгэлийг холбогдох журмын дагуу зохион байгуулах, хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, сургууль орчмын замын тэмдэг, тэмдэглэгээг засварлах, шинэчлэх, хурд сааруулагчыг стандартын дагуу байршуулах ажлуудыг холбогдох газрууд зохион байгуулах шаардлагатай. Наймдугаар сарын 15 гэхэд бүх сургууль, цэцэрлэгийн засвар, үйлчилгээний ажил дууссан байх ёстой. Хичээл эхлэхэд хүүхдүүдийн ая тух, суралцах боломжийг алдагдуулах будаг, шунх ямар нэгэн эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэх зүйл үнэртэж байх ёсгүй. Энэ талд маш сайн анхаарч, холбогдох байгууллагууд гүйцэтгэлийг хянаж ажилла” хэмээв.
Мөн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд гэр хорооллын айл өрхийн амьдрах орчны судалгааг гаргах, иргэд, олон нийтэд түлшний борлуулах цэгүүдийн талаарх мэдээлэл, зөвлөмжийг сайн хүргүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулах, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгах, нийтийн эзэмшлийн зам талбайд зориулалтын бодис, давсыг зам дээр цацдаг машин тоног, төхөөрөмжийн судалгааг гаргаж танилцуулах, ойрын өдрүүдэд түр зуурын усархаг бороотой байгаа тул нийтийн эзэмшлийн гудамж, явган зам болон авто замын цэвэрлэгээ болон үерийн далан суваг, ус зайлуулах шугамын цэвэрлэгээ зэргийг тогтмол хийж ажиллахыг онцгойлон анхааруулж, өгсөн үүрэг даалгавруудыг холбогдох нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтнууд төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг даалгасан юм.