С.Амарсайхан: Төлөвлөгөөт хугацаандаа ажлаа дуусгаж чадахгүй компанитай нийслэл дахин хамтран ажиллахгүй

2019 оны 08-р сарын 01 өдөр, 12 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5_20190731071657

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс өнөөдөр Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилга дээр очиж ажиллалаа.

“Төв гүүрэн гарцын үндсэн ажил  90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ирэх есдүгээр сард багтаагаад үндсэн гүүрийнхээ хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна. Энэ зун бороо их орсонтой холбоотойгоор үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээх ажил 20 хоног хойшилж байгаа. Газар шорооны болон шугам сүлжээний ажил дууссан байгаа. Дам нурууны ажил энэ долоо хоногт дуусна. Үүний дараа цутгалт, тэгшилгээ, тороосон татлаганы ажил зэрэг технологийн ажлууд явагдана” хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр ярилаа.

Гүүрийн урд болон хойд хэсэгт газар чөлөөлөх шаардлага тулгарч байгаа юм. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Уг гүүрэн гарцыг барихтай холбоотойгоор 2018 оноос хойш замын траст өртсөн иргэн, ААН-үүдтэй зөвшилцөөд явж байгаа. Одоогоор гүүрийн урд хэсэгт байгаа Дүнжингарав хотхоны “Шилмэл шилтгээн” СӨХ-ны хашаа болон “Хоум плаза”-ын газраас хэсэгчлэн чөлөөлөх шаардлагатай байгаа. Эдгээр байгууллагууд бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, газраа чөлөөлж өгөхөө мэдэгдсэн. Ирэх долоо хоногт газраа бүрэн чөлөөлж, ажил гүйцэтгэхэд саадгүй болгохоор болсон” хэмээв.

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм.

Гүүрийн барилгын ажил удаашралтай, ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөт хугацаанаасаа хойшилж байгаад шүүмжлэлтэй хандаж, гүйцэтгэгч, захиалагч, зөвлөх компанийн удирдлагуудад хандан хийж буй ажилдаа сэтгэлтэй, хариуцлагатай хандаж, өдөр, шөнийн ээлжээр түргэн шуурхай ажиллахыг Хотын захирагч С.Амарсайхан санууллаа.

Хотын захирагч С.Амарсайхан “Бороо ороод цаг алдаад байна гэсэн шалтаг хэлчихээд өнөөдөр цаг агаарын ямар ч саадгүй байхад гүүрийн хойд хэсэгт ямар ч ажил хийгдээгүй, нэг ч ажилтан алга байна. Энэ ажил бол гурван талт гэрээгээр зохицуулагдаж байгаа. Энд сайн дурын нэг ч юм байхгүй. Бид бие биенээ гуйж гувшиж, урьж залж хийлгэх ёсгүй. Бид та бүхнээс хариуцлага, чанар, алдаа дутагдалгүй ажлыг шаардаж байгаа. Хүн хүчээ нэмж шөнийн ээлжээр ажиллах хэрэгтэй. Танай ажил өглөө 06:00 цагт эхэлдэг гэж байгаа боловч 06:40 гэхэд ажилчид чинь талбайдаа гарч байна. Нийслэлийнхэний хувьд 30 минут байтугай нэг минут ч үнэ цэнтэй. Үүнийг хотын түгжрэлээс та бүхэн харж байгаа байх. Хугацаандаа энэ ажлыг дуусгаад, үндсэн гүүрийн хөдөлгөөнийг наймдугаар сарын 25-нд нээ. Нээж чадахгүй бол гэрээний дагуу хариуцлага тооцно. Гэрээнд заасны дагуу алданги тооцно. Хугацаандаа ажлаа дуусгаж чадахгүй бол цаашид танай компанийг Улаанбаатар хотын нэг ч бүтээн байгуулалтын ажилд оролцуулахгүй” хэмээн Хятадын төмөр замын 20-р товчоо группын удирдлагуудад шаардлага тавилаа.

Түүнчлэн тус гүүрийн барилгын ажлын зөвлөхөөр ажиллаж буй Ростов ХХК-ийн удирдлагуудад хандан гүүрийг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулж чадахгүй бол нийслэл дахин хамтран ажиллахгүй. Хар жагсаалтад багтаах болно гэдгийг мөн сануулав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх