Ноён Мустафа Шентоп Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн төслийн нээлтэд оролцов

2019 оны 07-р сарын 30 өдөр, 14 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
234429dd-6dd9-4f44-83e0-434be149b690

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд эрхэмсэг ноён Мустафа Шентоп өнөөдөр (2019.07.29) Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн санхүүжилтээр Монголын Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.

Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, Улсын Ерөнхий Прокурорын орлогч М.Чинбат, С.Алиманцэцэг, Хэрэг Эрхлэх газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч М.Оюундэлгэр, Эрүүгийн хэргийн төв архивын эрхлэгч прокурор З.Чимгээ, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал, Туркийн Үндэсний Их Хурлын дэд дарга Митхат Санжар, Туркийн Үндэсний Их Хурлын гишүүн, ҮИХ дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Мехмет Эрдоган, Туркийн Үндэсний Их Хурлын гишүүн Бүлэнт Туран, Өзлэм Зэнгин, Мухаммед Лэвэнт Бүлбүл, Осман Ашкын Бак, Исмайл Тамер, Фатма Аксал, Эминэ Гүлизар Эмэжан, Аяхан Алтынташ, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Эрүүгийн хэргийн төв архивын эрхлэгч прокурор З.Чимгээ зочдод төслийн хэрэгжилт болон тус архивын үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийв.
Тэрбээр, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архив нь 2003 онд байгуулагдсан бөгөөд 2019 оны байдлаар 103460 гаруй эрүүгийн хэргийн материал хадгалагдаж байна. Жил бүр дундажаар 5000-7000 материал нэмэгддэг. 2016 оны 10 дугаар сараас шинэ байртай болсон ч зориулалтын тавиур шүүгээгүй байсан нь олон хүндрэлийг үүсгэсэн. Ингээд Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн буцалтгүй тусламжаар 2019 оны 04 дүгээр сард 400 ширхэг архивын зориулалтын нягтаршуулсан шүүгээ, тавиуруудыг суурилуулан үйл ажиллагаагаа явуулж байна гэв.
Улсын Ерөнхий Прокурорын орлогч М.Чинбат уг төсөл амжилттай хэрэгжсэнээр прокурорын байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглээд архивын материалыг стандартын дагуу хадгалж, хамгаалах боломж олгосон Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн хамт олонд талархал илэрхийлэв.
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп, “Би өөрөө хуульч мэргэжилтэй учир хэргийн материалыг хадгалж, хамгаалах нь ямар чухал болохыг мэдэж байна. Хууль, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаанд архив маш чухал байдаг. ТИКА-аас дэлхийн олон улсад төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 45 орчим сая ам.долларын санхүүжилтээр 600 гаруй төслийг хэрэгжүүлжээ. ТИКА бол манай улсын нэг “брэнд” болсон байна. Дэлхийн өнцөг булан бүрт биднийг ТИКА-аар таньдаг болсонд сэтгэл хангалуун байна” гээд цаашид хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм. Төлөөлөгчид үргэлжлүүлэн Эрүүгийн хэргийн төв архивын үйл ажиллагаатай танилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх