Цаадахаа хар даа. Байж байгааг нь. Энэ царай муутыг одоо хэн тоож суух вэ дээ?
-Харин тиймээ. Ёстой нөгөө жаргалтай газар хүн тогтдоггүй гэж үнэн юмаа. Тэр сайхан амьдралаас юу дутлаа гэж зугатааж байгаа юм бол. Цаашдаа яаж амьдрах юм бол доо” гэх яриа түүний хөлийг ороосоор… Гэвч бүсгүй эргэж ч харсангүй. Харин “Цаашдаа яаж амьдрах юм бол” гэсэн үг л түүний цээжийг нухаж, гомдлын манан нүдийг нь бүрхээд ирлээ.
-Чи муу надаас салаад хаа холдох юм. Ёстой хамраараа газар хатгах байлгүй хэмээн хашгичих нөхрийнх нь үг чихэнд хадах шиг болоход бүсгүй чихээ даран хашгирмаар, саяхан түүний хойноос гашуун үг унагаж байсан хоёр эхнэрийг заамдаж аваад улаан нүүр рүү нь алгадмаар санагдаж байсан ч биеэ барив.
Одоогоос найман жилийн өмнө Цэвэлмаа Тулгатай нэг гэрт амьдралаа холбож билээ. Оюутны ширээнээс дөнгөж босож ирсэн залуу хос, анхны хүүхдээ харан хөөрч догдолж, амьдралд бүтэхгүй, болохгүй зүйл их байсан ч гэсэн бие биенээ гэх хайр тэднийг юугаар ч дутахгүй мэт аж жаргалтай амьдралд хөтөлдөг байлаа. Цэвэлмаа жил дараалан хоёр хүүхэд гаргаж, гэртээ суух болж, харин Тулгын ажил өдрөөс өдөрт өнгөтэй өөдтэй, дээш дэвшиж байсан. Гэрийн ажил хоол унд байнгын угаалга цэвэрлэгээнээс Цэвэлмаа ганц удаа хойш сууж байсангүй. Тэрбээр “Сайхан л амьдарч байна. Нөхөр ажилтай, ажил нь бүтэмжтэй байвал болох нь тэр. Би хоёр хүүхдээ сайхан өсгөж, эрүүл саруул, энэ гэр орон өнгөтэй өөдтэй байвал л боллоо” гэж бодсоор өдий хүрсэн байлаа. Эхний үед Тулга түүний ажилд тусалдаг байсан ч сүүлдээ аажим аажим хөндийрсөөр… Орон гэр үр хүүхдийн бүхий л асуудал Цэвэлмаагийн нуруун дээр ирэв. Тэглээ гээд Цэвэлмаа уурлаж бухимдаж байсан нь үгүй. Харин Тулгын ааш араншин илт хувиран өөрчлөгдж байгааг тэр зүгээр л харж байлаа. Өглөө бүр ажилдаа ууртай гарах нөхөр, орой бүр оройтож ирж, аашилж загнахыг харж, тэвчиж сууна гэдэг түүний хувьд яг л там болж хувирав. Зөөлөн буйдан дээр хөглөрч хэвтэх нөхөр нь зурагтын удирдлаганаас өөр ямар ч ханьгүй мэт гэртээ сууна. Үнэндээ Цэвэлмаа, Тулга хоёрын яриа ч нийлж, нэгдэхээ болиод удаж.
-Улс төр ч бужигнаж байна даа. Удахгүй том юм болох байхаа хэмээн амандаа үглэж, шүдээ чичилнэ. Цэвэлмаа гэрт сууж, мэдээллээс алс хол байдаг хүний сониуч зангаар
-Юу болж бужигнана гэж хэмээн асуучихвал
-За даа чам шиг гэрийн авгайд ямар ч хүртээл байхгүй эд хэмээн басамжилсан өнгөөр хэлж, нүдээ нухлана.
-Улс төр ч бужигнаж байна даа. Удахгүй том юм болох байхаа хэмээн амандаа үглэхэд нь Цэвэлмаа юм ч дуугарахгүй суувал
-За даа, чам шиг гэрийн авгай юугаа ч мэдэх вэ дээ хэмээн дахиад л басамжилна.
Гэрт суух, ажилгүй гэж хэлүүлсээр Цэвэлмаа үнэндээ залхаж гүйцсэн байлаа. Тиймээс найз нөхөдтэй, хамт олонтой болохсон гэсэн хүсэл түүнийг чангааж, багахан цалинтай ажилд орохоор бүртгүүлсэн тэр орой тэдний гэрт бөөн дайн дэгдэх нь тэр. Тулга эхлээд
-Иймхэн цалингаар яаж амьдардаг юм. Тэрний оронд зүгээр л гэртээ, хүүхдээ хараад сууж бай хэмээн омогдож байснаа сүүлдээ
-Чиний ажил хийдэг гэж юу байсан юм. Хүний ажил бантагнуулахаас өөр юу ч чадахгүй амьтан. Үгүй тэгээд тэр компанид чинь чамаас өөдтэй хүн олдохгүй л байгаа юм байхдаа. Чамайг ажилд авах гэж байгаа бол дампуурчихсан газар л байна даа хэмээн үгээр идэж эхлэх нь тэр. Түүний энэ доромж үг Цэвэлмаагийн сэтгэлд асаж байсан ажил хийх, хамт олонтой болох бүхий л хүслийг нэг л мэдэхэд нам дарж унтраасан байлаа. Энэ явдлаас хойш нилээд хэдэн сарын дараа их л зориг гаргаж
-Найз нь сургуульд суумаар байна. Жаахан ч гэсэн юм сонсож, сурмаар байх юм гэвэл Тулгаагийн нүд гурвалжлан, гайхаж байгаагаа нуусангүй.
-За юунд сурах гэсэн юм гэхэд нь Цэвэлмаа учиргүй баярлаж
-Эдийн засгийн чиглэлээр сурмаар байна хэмээн намуухан хэлбэл Тулга учиргүй инээж, бүр түүнийг шоолон нулимсаа арчиж
-Яасан миний сар болгон авчирч өгдөг мөнгийг дандаа хэрэггүй зүйлд үрдгээ сая л мэдээ юу. Тэрний оронд чи орой болгон хийдэг амтгүй лавшааныхаа өнгийг соль. Тогоочийн курст суухгүй юу. Тэгээд ч чи сурч байна гэж мөнгө үрээд яадаг юм гэснээ дуугаа хураав. Цэвэлмаад үнэндээ хэлэх ч үг олдсонгүй. Тэр энэ гэрийн зарц шиг л амьдарч байгаагаа мэдрэх болсоор удаж. Хамгийн хүнд ачааг нуруундаа үүрч байгаа хэрнээ хамгийн тэнэг, хамгийн арчаагүй, хамгийн мулгуу хүн гэж чичлүүлсээр бүр сүүлдээ энэ нэр хочинд ижил дасал болчихсноо ч сайн анзаарсангүй. Үнэндээ бүхий л зүйлээс тэр халширч зугатаадаг байлаа. Дэлгүүрт зөрж өнгөрсөн залуу түүнийг хараад инээмсэглэхэд ч тэр “Яагаад инээгээд байгаа юм бол. Миний нүүрэнд юм наалдчихсан юм болов уу?” гэж санаа нь зовон бушуухан харцаа буруулна. Тор дүүрэн идэж уух юм өргөөд явж байхад хэн нэг нь “Танд туслах уу?” гэж асуухад учиргүй айна. “Энэ намайг яах гээд байгаа юм бол?” гэсэн харын сэтгэл л толгойд нь салахгүй эргэлдэнэ. Гудамжинд сэтгэл тэнэгэр алхаж яваа үеийнхээ хүүхнүүдийг хараад л тэр өөрийгөө улам бүр голдог байлаа. Би хэн ч биш, би юу ч чадахгүй, би мэдэхгүй гэсэн түүний бодол өдрөөс өдөрт лавширч байгааг тэр саяхан болтол анзаарсангүй. “Би яахаараа ингэж амьдрах ёстой юм бэ?” гэж тэр өөрөөсөө олон удаа асууж үзсэн. Гэвч гэрийнхээ хаалгыг гаднаас хаагаад, тэр чигээрээ гарч чаддаггүй байлаа. Тэр нэг өдрийг хүртэл Цэвэлмаа яг л хэн нэг нь ирж түүнийг Тулгаагийн гашуун үгнээс, бас тулж түших юмгүй болсон энэ амьдралаас аварна гэж итгэж ирсэн. Цэвэлмаа одоогоос яг нэг сарын өмнө бага хүүгээ цэцэрлэгээс авч яваад Туул хэмээх шавилхан бүсгүйтэй танилцаж билээ. Байнга инээд алдах бүсгүй бага хүүгээ тэвэрч, том хүүгээ хөтөлчихсөн, юунд ч түүртэхгүй алхаж явааг тэр хараад атаархсан. Хүүхдүүддээ зайрмаг авч өгөх гэсэн хэрнээ мөнгө нь дутаж сандарч байгааг хараад өрөвдөж, цөөн хэдэн төгрөг гаргаж, гурван зайрмаг аван тэдэнд өгтөл бүсгүй санаа нь зовсон бололтой,
-Танд баярлалаа хэмээн зөөлхөн дуугарсан хэрнээ зайрмагны цаасыг задлаж, хоёр хүүгийнхээ гарт бариулснаа, “Үүнийг аавдаа өгнө шүү” хэмээн инээмсэглэв.
– Хурдхан харьцгаая. Ээж нь маргааш өглөө эрт ажилтай хэмээн хүүхдүүдтэйгээ том хүн шиг ярилцах бүсгүйн нүдэнд аз жаргал тунарч байгааг хараад тэр учиргүй их атаархаж билээ. Яг тэр орой л Цэвэлмаа утга учиргүй болж эхлэж байгаа амьдралдаа цэг тавихаар эрс, хатуу шийдсэн байлаа. Түүнийг явлаа гэж хэлэхэд Тулга учиргүй гайхаж харснаа
-Чи муу надаас салаад хаа холдох юм. Ёстой хамраараа газар хатгах байлгүй хэмээн хашгирч, бас түүнийг шоолж байгааг тэр харсан. Хоёр хүүхдээ хөтлөөд, найман жил шалыг нь зүлгэсэн гэрээсээ гарсан хойно ч гэсэн Тулгаагийн гашуун үг цээжийг нь нухсаар…
Цэвэлмаа гэрээсээ явж гэнэ. Нөхрөөсөө салж гэнэ гэсэн яриа хэдхэн хоногийн дотор тарж, чинээлэг, хангалуун амьдралаас зугатаасан түүнийг хүн болгон гайхан харцгаана. Авгайчууд хэл амаа билүүднэ. Гэсэн ч түүний сэтгэл хангалуун байлаа. Үргэлж өөрийг нь дөнгөлж ирсэн тэр дөнгөнөөс салсандаа итгэж чадахгүй сэтгэл нь хөөрч байгааг л мэдэрч байв. Саяхан л “Цаашдаа яаж амьдрах юм бол” гэж даажинтайгаар хэлсэн тэр үгэнд тэр голоо тасартал гомдож байснаа мартжээ. Орох оромж, аяга цай таваг шөл хаанаас ч олддог орчлонд хүн гэдэг үнэлэмж л хамгийн чухал аж.
“Хөх эгшиг” өгүүллэгийн номоос…
Б.Цоожчулуунцэцэг : Дөнгө
2019 оны 07-р сарын 30 өдөр, 14 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )