“Нэргүй” баатар

2019 оны 07-р сарын 29 өдөр, 10 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
7-29-1

С.УЯНГА

Хажуугаас нь хальт харвал хоёр гартаа бээлий өмсчихөөд гүн бодолд дарагдан суугаа залуугийн дэргэд ой хүрээгүй, мөн дөрвөн настай хоёр хүүхэд шулганалдана. Бага нь аав руугаа зүтгэхэд дөрвөн настай хүү хамаг чадлаараа хорих аж. Хоёр хүүгийн энэ “дайн”, уйлааныг харсан ээж нь зэмлэнгүй өнгө аясаар “Дүүгээ аваад нөгөө өрөө рүү ор. Аавынхаа гарт хүрчихнэ. Битгий дахин дахин оруулж ирээд бай” гэсээр гал тогооноос аягатай цай дөхүүлж залуугийн аманд барьж уулгав. Араас нь бага багаар нь хоол халбагадангаа “Манай хүн хоёр гараа юунд ч хүргэж болохгүй. Аягатай хоол, цай барих нь битгий хэл ариун цэврийн өрөө ч орж чаддаггүй. Намайг гадуур ажил хөөцөлдөөд явахаар дөрвөн настай хүү маань аавыгаа нойл оруулдаг. Гар нүүрийг нь угаах, усанд оруулахаар харшилна. Нүүр нь битүү түлэгдэлттэй болохоор халуун бүлээн ус хүргэж болохгүй. Тэр бүү хэл агаарт гарахаар хорсдог. Өөрөө гарын ур дүйтэй, зүгээр суудаггүй хүн болохоор гараа хөдөлгөж чадахгүйдээ бухимдана. Дэмий л дэргэдээс нь харж халшрах юм. Бид манай дүүгийнд ирээд гурван сар гаруй иймэрхүү байдалтайгаар л өдөр хоногийг өнгөрүүлж байна” гэж нөхрөө аргадангуй хэллээ. Гаднаас нь харахад хоёр гар нь битүү боолттой, хөдөлгөж чадахгүй харагдавч Э.Үнэнбатын нүүр, гар, нуруу, гуя, өгзөг нэлэнхүйдээ түлэгджээ. Тэрээр өргөсөн тангарагтаа үнэнчээр 19 жил зүтгэж, албан үүргээ гүйцэтгэж яваад нэг л өдөр харамсалтай үйл явдал тохиосонд дөрвөн нялх хүүхэдтэй эхнэр нь учраа олохгүй будилж яваа гэнэ.

“Нэг мэдсэн чинь гал дунд орчихсон. “Би сөрлөө шүү, зугтаарай” гээд гүйсэн”

Э.Үнэнбат ард түмний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд 18 настайгаасаа л зүтгэсэн. Аравдугаар ангиа төгсөөд Орхон аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтэст орохдоо анх мөрдэстэй хувцсанд нь татагдсан тухайгаа “Цэрэг хувцас өмссөн ах нараар хүмүүс бахархах нь гоё санагддаг байсан. Тэгээд хамгийн анх айлын хашааны багахан хэмжээний галыг унтраачихаад өөрөөрөө, албаараа бахархаж явсан” гэв. Түүний энэ л дэврүүн хүсэл 19 жил түүнийг онцгой байдлын албанаас халшрахгүй, буцахгүй нэг л замаар алхуулсан аж. Э.Үнэнбат 19 жилийн хугацаанд хэдэн зуун хүний амь нас аварч, хэдэн тэрбумаар үнэлж баршгүй  эд хөрөнгийг авран хамгаалсныг тооцож барамгүй. Мөн ажилласан байгууллага, хамт олондоо нэр хүндтэй. Гарын ур дүйтэй болохоор хүний өөрийн гэлтгүй тааралдсан газрынхаа эд хогшлыг засч сэлбэж явдаг тэрээр гурван ч удаа байгууллагынхаа “Хөдөлмөрийн аварга” болж, аймгийн Засаг даргын жуух, Онцгой байдлын ерөнхий газрын сайшаал хүртэж явжээ. Гэтэл өнөөдөр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваад эрүүл мэндээрээ хохирч, үр хүүхэд гэр бүлдээ “бүтэн” үлдэх эсэх нь эргэлзээтэй болж өвчиндөө шаналсаар дөрвөн сарыг бусдын асаргаанд өнгөрүүлж байна. Одоо ч гэсэн албаараа бахархаж байна гэж гүндүүхэн ярихдаа “Өмнө нь ой хээрийн түймэрт хэдэн сараар ч явсан сэтгэл дүүрэн, бахархалтайгаар нүүр бардам гэртээ ирдэг байсан. Дөрөвдүгээр сарын 13-ны өглөө ээлжнээс буучихаад амарч байтал 14:00 цагаас ой хээрийн түймрээр түргэн авлаа гээд дуудсан. Эхнэр “Хоол хийж байна, идчихээд яв” гэсэн ч цугларах цаг маань болчихоод амжилгүй гарсан. Удалгүй түймэр унтраахаар Булган аймгийн Сэлэнгэ сумын Энхэт даваа руу 25-уулаа хөдөлсөн. Очиход утаа ихтэй харагдсан. Манайхан гурав хуваагдаад уулын орой дээр гараад очтол салхи тогтоод унтраахад боломжийн болсон. Тэгэхээр нь салхи намдсан дээр нь хурдан унтраая гээд аранзаа ч тайлалгүй дайраад орсон. Гэтэл гэнэт буцаж хүчтэй салхилсан. Нэг мэдсэн чинь гал дунд орчихсон. Бусдадаа “Би сөрлөө шүү, зугтаарай” гэж орилоод гүйсэн. Нүүр, гар жирсхийгээд, юм шатаж байгаа юм шиг шархийгээд байсан. Харах боломжгүй учраас бээлийгээ тайлж шидчихээд амьхандаа хамгийн хурднаараа гүйсэн ч галын зах харагдаагүй. Сүүлдээ хөл хөдлөхгүй болж түймрийнхээ нөгөө захад гарч чадалгүй унаад өнхөрчихсөн. Бараг 100 гаруй метр өнхөрсөн байх. Нэлээд удсаны дараа ажлын газрын хоёр хүн маань намайг ирж авснаас хойшхийг санадаггүй. Бодвол шоконд орчихсон байх. Их л галтай байсан юм шиг байна лээ. Сүүлд тэдний ярихыг сонсоход тээр холоос шар хувцастай хүн босоод ирэхэд баярласан гэсэн. Би гал дундаас харагдахгүй байсан болохоор их л хайцгаасан гэнэ лээ. Тэр үед нэлээн зузаан хүрэмтэй явсандаа гайгүй түлэгдсэн. Малгай шатсан юм шиг байна лээ. Үс нэлээн шатсан байсан” гэсэн юм. Түүнтэй хамт явсан нэг аврагчийн нүүр, гар түлэгдсэн ч одоо ажилдаа оржээ.

Э.Үнэнбат сумын эмнэлэгт гараа боолгоод аймаг руу хүргэгджээ. Гэхдээ өвдөлтийн шоконд орсон учраас сайн санадаггүй. Өвчин намдаагч нэхэж байсан тухайгаа л санадаг талаараа “Түлэгдчихээд хамт явсан залуу маань надаас илүү их өвдөж байгаа юм шиг санагдсан. Ухаан орж гарах хооронд хүн орилох сонсогдоод байсан. Аймгийнхаа эмнэлэгт арьс нөхүүлсэн. Нэг сэрээд харахад ах дүү, дарга нар ирчихсэн бужигналдаж байсан” гэсэн юм. Э.Үнэнбат хотод ирээд 30-аад хоног эмчлүүлэхдээ уураг, витамин нэлээдгүй хийлгэжээ. Мөн түлэгдэлтийн дөрөвдүгээр зэрэгтэй учраас гуяны арьсаараа нүүр, гараа нөхүүлсэн байна. Биеийн бусад шарх гайгүй болсон ч гарын арван хуруу нүд хальтрам болжээ. Одоохондоо тусгай даралтат бээлий захиалж, өвчин намдаагчаар аргалж байгаа ч хугацаа өнгөрөх тусам аюултай гэсэн байна.

Хугацаа алдах тусам хатангиршиж, хуруугаа тайруулах эрсдэлтэй

Ахлах ахлагч Э.Үнэнбат эмнэлэгт хэвтэх хугацаандаа 20 гаруй сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байна. Харин Солонгос явж хагалгаанд ороход 300 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа аж. Эмнэлгээс гарахад нь ОБЕГ, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас хашаа байшин өгсөн бол ОБЕГ нэг сая төгрөг, Орхон аймгийн онцгой байдлын байгууллага хоёр сая төгрөгөөр тусалжээ. Дээр нь ах дүү хамаатан садан, ард олон боломжийнхоо хэрээр тусалж байгаа ч өдөр тутмынхаа эм тарианд л таарч Солонгос явж эмчлүүлэх төлбөрийн багахан хэсэг ч цуглараагүй байгаа гэнэ.

Эхэндээ Э.Үнэнбатын хоёр гарыг Монголд эмчлэх, нөхөн сэргээх бүрэн боломжтой гэсэн ч сүүлдээ хуруунуудыг тайруулах дээрээ тулчихаад байгаа нь цаг хугацаа алдсанд эмч нарт бага зэрэг гомдож буйгаа гэр бүлийн хоёр ярьсан юм. Эхнэр А.Мөнгөнцэцэг “Онцгой байдлын албан хаагчид уг нь даатгалтай байдаг. Гэтэл даатгал дээр очиход амь эрсэдсэн тохиолдолд л 30 гаруй сая төгрөг олгоно. Бусдаар бол ямар ч боломжгүй гэсэн. Аргаа бараад хувийн 12 байгууллагад хандахад Хаан банк төсөв байхгүй гэсэн бол бусад нь хариу өгөөгүй байна.

Хугацаа алдах тусам хоёр гар нь хатангиршина. Арьс нөхсөн ч  таталдаад байгаа. Нөхөр маань өвдөлтөндөө бүтэн нойртой хонодоггүй. Солонгос эмч нар долдугаар сарын 31-нд ирнэ гэсэн. Тэгээд авч явах байх. Ирэхээс нь өмнө 25 сая төгрөг байршуулж байж виз нь гарах юм билээ. Солонгост очоод нэг удаагийн хагалгаа биш нэлээд олон удаагийн хагалгаагаар шийдэгдэнэ гэсэн. Нэг удаагийн хагалгааны төлбөр 80-90 сая төгрөг. Би өөрөө астматай. Байнгын эмнэлгийн хяналтад байдаг. Миний нэг удаагийн цацлага 100 гаруй мянган төгрөг байдаг. Миний эрүүл мэнд яахав, угаасаа эдгэрэх боломжгүй гэсэн.  Өөрийгөө бол хаясан. Нөхрөө л эмчлүүлэхийг хүсч байна. Өнгөрсөн хугацаанд нөхөргүй юм шиг л амьдарсан.  Өдөр шөнөгүй ажилтай. Гал түймэр гээд л явчихдаг” гэсэн юм.

Онцгой байдлын алба хаагчдын томилолтын зардал нэг өдрийн 36 мянган төгрөг байдаг ч Засгийн газраас шийдэгддэг учраас бараг жилийн дараа өгдөг гэнэ. Э.Үнэнбатын арван хуруунууд байнга скоч наачихаад татаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг гэнэ. Түүнээс 19 жилийн хугацаанд хэдэн хүний амь аварсан бэ гэхэд “Миний хувьд бүтэн амьдралтай үлдэхсэн л гэхээс өөр хүсэх зүйл алга. Хүний амь нас, эд хөрөнгө бол аварсан тоо бий л байх. Угаасаа бидний өргөсөн тангараг шүү дээ. Хариу нэхэх учиргүй. Харин бид хэдийгээр өргөсөн тангарагтаа үнэнч байдаг ч онцгой байдлын алба хаагчдыг аюулгүй ажиллах хувцас, хэрэглэлээр нь хангадаг байгаасай” хэмээн даруухан өгүүлсэн.

Бусдын төлөө яваад өөрөө эрсэддэг. Үнэлж барамгүй гавьяа байгуулчихаад “Өргөсөн тангараг маань шүү дээ” гэж даруухан ярьж суугаа Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 81 дүгээр ангийн ахлах ахлагч Э.Үнэнбат шиг “нэргүй” баатар олон бий. Тэрээр амьдралд хөл тавьсан цагаасаа бусдын амь нас, эд хөрөнгийн авран хамгаалж ирснийхээ хариуд төр, засаг, ард түмнээсээ тусламж хүсэх эрхтэй. Харин үгээрээ биш үйлдлээрээ гэрэлтэж ирсэн Э.Үнэнбат шиг “нэргүй” баатруудыг төр нь хамгаалж, ард түмэн нь туслах ёстой юм шүү.

Хандивын данс:

Энхбатын Үнэнбат

ХААН банк: 5094504536

ХХБанк: 407283242

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (192.168.8..***)
    2019/07/29 12:59

    ontsgoi baidliin bayan darga nar ene zaluud heden tugrug ugchih ni deer dee.
    heden terbumaasaa emchilgeenii zardliig ni daachih bayan garuud zunduu baigaa daa

    (0) (0)
  2. з
     (192.168.8..***)
    2019/07/29 12:47

    хүнийг ийм болтол нь хамгаалах хэрэгсэлгүй аюулын эсрэг зүтгүүлчихээд эцэст нь гуйлга гуйлгуулдаг ОНЦГОЙ БАЙДЛЫН УДИРДЛАГУУД хөдлөхгүй өрөөндөө суцгааж байна даа

    (0) (0)