Дархад цагаан морьдын уралдаан анх удаа болно

2019 оны 07-р сарын 26 өдөр, 16 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ae0ffe44adbda120dd365fcad8da9abf_x3_large

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн нутаг Соёо толгойд “Дархад хурд-6” наадам ирэх найман сарын 2-4-ний өдрүүдэд болно. Дархад ястны өв уламжлал, зан заншлыг сэргээн хойч үедээ өвлүүлэн, өв соёлоороо бахархах, тэр дундаа Дархадын цагаан адууны удам угшлыг хамгаалан үржүүлэх, нутгийн малчин, адуучин залуусын эв нэгдлийг харуулан хамтран ажиллах, түүнийгээ олон нийтэд түгээн сурталчлах зорилгоор гурван жилд нэг удаа зохиогддог Дэлгэрхаан уулын тахилга, “Дархад хурд-6” наадам ийнхүү эхэлнэ.

 Энэ үеэр  зургаан насны морьдын уралдаан, хүчит 128 бөхийн барилдаан, үндэсний сур харваа, ганган хос морьтон, “Цагаан дээлтэй Дархад” урлагийн наадам, өв соёлын үзэсгэлэн, худалдаа зэрэг арга хэмжээнүүд болно.

 Мөн Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын санаачлагаар дан Дархад цагаан морьдын уралдаан болно. Энэхүү уралдаан нь Монголд анх удаа дан цагаан адууны уралдаан болох гэж  буйгаараа онцлогтой юм.  Цагаан адууны уралдаанд дээд гурван насны битүү морьд нийлж уралдах юм байна.

 Дархад цагаан адуу нь бие томтой, бахим богино хүзүүтэй, хурд сайтай, хэвлий томтой, цээж өргөн шулуун урт биетэй адууны зүс ихэнхдээ цайвар бүгээн учир нутагшлаар нь дархад цагаан адуу гэж эртнээс нэрлэж иржээ.

 Дархад цагаан адуу нь ихэвчлэн Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумын нутагт өсгөн үржүүлж уналга эдэлгээнд ашиглаж ирсэн бол сүүлийн жилүүдэд ойт хээр, өндөр уулын бүсэд нутгийн монгол адуунд цус сэлбэн сайжруулж орон нутагт үүлдэр болгон үржүүлэх судалгааны ажил хийж байгаа ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх