Сэтгэл гутралтай хүмүүст ямар шинж тэмдэг илрэх вэ?

2019 оны 07-р сарын 24 өдөр, 10 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1507624241_11866

Нойргүйдэх, хоолны дуршил ихсэх, эсвэл багасах, ядарч тамир тэнхээгүй болох, итгэл найдвараа алдаж, сэтгэл хоосорсон мэт болох, юм болгонд өөрийгөө буруутан өчүүхэн амьтан гэж голох, яваандаа амиа хорлох, эсвэл үхэх тухай боддог болох нь сэтгэл гутралын шинжүүд гэнэ. Ийм шинж зарим тохиолдолд огт илрэхгүй ч байж болно.

ЖИРИЙН БУС ААШ ЗАН

Сэтгэл гутралын үл анзаарагдах шинж нь зан араншин өөрчлөгдөх. Өмнө нь хэзээ ч хийж байгаагүй үйлдэл хийх, хэлж байгаагүй хараал хэлж бухимдах зэргээр илэрнэ. Өөрөө мэдэлгүй гаргаж байгаа энэ зан аюулын дохио ойрхон байгааг хэлж байна.

ГЭНЭТ ДУУГАА ХУРААХ

Сэтгэл гутралтай хүн бусадтай харилцах дургүй болж, ганцаараа шаналж суудаг болно. Иймээс дуугаа хураан, ямар нэг юм хийж байгаа дүр үзүүлэн, дадаж сурсан үйлдлээ хийдэг нь яван явсаар ужгирна.

ЖИЖИГ ЗҮЙЛИЙГ ДЭВЭРГЭХ

Өмнө нь санаанд ч ордоггүй байсан аар саар зүйлийг дэвэргэж өсгөн, улмаар түүнээсээ түгшиж эхэлдэг. Жишээ нь, хэн нэгэн хүн өөртэй нь иэндлэлгүй өнгөрөхөд л шаналж, “намайг хүн гэж үзсэнгүй, би мөд үхэх биз” гэх мэтээр ургуулан бодож өөнтөглөж эхэлдэг байна.

МАРТАМХАЙ, МУНГИНУУ БОЛОХ

Ямар нэг юм хийж байгаад түүнийгээ ор тас мартаж, өөр юманд амархан сатаарах, заримдаа хаашаа явж, юу хийж байгаагаа ч санахгүй сандардаг болно.

ГОМДОМТГОЙ БОЛОХ

Жаахан хэл амыг нь бөөн хэрүүл маргаан болгож гоморхох, уур уцаар нь байдлыг улам дордуулж, асуудлын голыг гомдлоороо бүрхэгдүүлэх гэх мэт.

ГАНЦААРДАЖ, ЗОЖИГРОХ

Үргэлж баяр баясгалантай байсан хүн гэнэт орчноо сонирхохоо больж, чимээгүйгээр бодлогошрох нь сэтгэл гутралын мөн л нэг шинж.

ГАДААД БАЙДАЛДАА ХАЙНГА ХАНДАХ

Гадаад байдлаа их анхаарч, цэвэрхэн, ганган хувцасладаг байснаа хайш яйш болж, үс гэзгээ үл тордон, арчаагүй мэт болно.

ШИЙДВЭР ГАРГАХААС ЗУГТАХ

Ямар нэг шийдвэр гаргах нь дааж давшгүй хэцүү мэт санагддаг болно. Ажил, амины олон асуудал дээр эргэлзэж, бие даан шийдвэр гаргаж чадахгүй болдог.

ТОДОРХОЙ ШАЛТГААНГҮЙ ӨВДӨХ

Энд өвдөж, тэнд хатгаж, нэг л биш мэтээр биеэ чагнах маягтай болно. Заримдаа үнэхээр ч өвдөх, хашиж бадайрах шинж илэрдэг.

ГЭНЭТ ӨӨРЧЛӨГДӨХ

Ингэж олон хоног, сараар гутруу явсан хүн гэнэт өөрчлөгдөж, сайжирна. Гэхдээ энэ нь баярлууштай шинж биш, харин ч аюултай үе юм. Учир нь, тухайн хүн сэтгэл гутралаас гарах арга замыг удаан хайсны эцэст амьдралтай тооцоо хийхээр шийдэж, бусдад зүв зүгээр болсон мэт харагдана.

Ийм хүнд эмчийн тусламж зайлшгүй хэрэгтэйг бүү мартаарай. Орчин тойрны хүмүүс нь түүнд сэтгэл санааны тусламж үзүүлж, түүнийг анхааралтай сонгсч, ойлгон дэмжиж, итгэл өгөх нь чухал нөлөөтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх