Таны эрхзүйн мэдлэгт тусламж болох “Танд ашигтай зөвлөмж” ном хэвлэлтээс гарч,уншигчдын гарт очиж байна. Уг номонд хэнд ч тохиолдож болох эрсдэл,болзошгүй аюул,осол хэргээс өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаар бүх хариулт,эрхзүйн зөвлөгөө энд байна. Олон жил цагдаагийн байгууллагад ажиллаж,өдгөө чөлөөндөө гарсан цагдаагийн хурандаа Л.Билгээ, докторант Ч.Аюурзана нар уг номыг эмхэтгэн хэвлүүлжээ.
Зохиогчид ардчилсан нийгэмд амьдарч буй монголчууд ямар эрх эдэлдэг, эрхээ эдлэхийн сацуу үүрэг ямар байхыг Үндсэн хуульд түшиглэн сануулсан байна. Амар тайван амьдралын төлөө зүтгэх үүрэг хүлээсэн цагдаагийн албаны тогтолцоо,үйл ажиллагааны талаар өгүүлсэн хэсгээс хэрэв таны эрх зөрчигдвөл хэнд хэрхэн хандахыг ч маш ойлгомжтой тайлбарлажээ. Түүнчлэн авлига,хөдөлмөрийн гэрээ,аюулгүй ажиллагаа,цалин хөлсний асуудлын хариуг ч эндээс харж болно.
Замын хөдөлгөөнд оролцож яваа жолоочийн биелүүлэх ёстой хууль,дүрэм болзошгүй ослоос хэрхэн сэргийлэхээс авахуулаад нийгмийн дэг журам сахих,архидан согтуурахын хор уршиг,тамхины хор хөнөөл,татвар төлөхийн учир гээд бидний эргэн тойронд болдог хэдэн мянган асуултын хариуг эндээс харах боломжтой. Тэр ч байтугай аялал зугаалганд явахдаа юуг анхаарах,галт зэвсэгтэй хэрхэн харьцах,байнга болж байдаг жагсаал цуглаанд оролцох шаардлага гарвал яах вэ гэж бодож байгаа бол хууль эрхзүйн бүх хариултыг зөвхөн “Танд ашигтай зөвлөмж” хэлнэ. Эрхэм уншигч танд амжилт хүсье.