Товч мэдээ
– “Төрийн албан хаагчийн богино, дунд хугацааны сургалтын агуулга, сургалтын хөтөлбөр”-ийг батлав. Төрийн албаны тухай хуульд “Төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, гүйцэтгэх чиг үүргийг харгалзан мэргэшүүлэх багц сургалт, “иргэнийг төрийн албанд томилсны дараа богино болон дунд хугацааны сургалтыг тус тус батлагдсан агуулга, хөтөлбөрийн дагуу Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага буюу Удирдлагын академи хариуцан зохион байгуулна” гэж тусгасан байна.
– 2019 оны 06 дугаар сарын 28-30-ны өдөр Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 22 дугаар хуралдааны дүнг сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд, комиссын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшинд даалгав.
– “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг дэмжив. Гарын үсэг зурах эрхийг сайд Д.Цогтбаатарт олгов.
– Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжив. Хөрөнгийг дэд бүтэц, хотын усан хангамж, бохир ус, хаягдал, төмөр замын болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт зарцуулахаар төлөвлөсөн байна. Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд захирамж гарган хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох юм.
– 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Өнөр бүл хүүхдийн төвийн барилгад гал гарсан байна. Хүүхдүүдийн амь нас, аюулгүй байдлыг хангах, амьдрах нөхцөлийг нь сайжруулах, засвар хийхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Өнөр бүл төвд 188 хүүхэд амьдарч байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.