Налайхын 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх 1.7 км авто замын шинэчлэлийн ажил наймдугаар сарын 1-нд дуусна

2019 оны 07-р сарын 18 өдөр, 20 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
67152924_670477616712203_4896542547444236288_n_20190717074844

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Хотын Захирагчийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, тус дүүргийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар болон бусад холбогдох албаны төлөөлөл угтан авч, Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцыг танилцуулсан юм.

Хотын Захирагч өнөөдөр 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэл 1.7 км авто замын шинэчлэлийн ажлын явцыг үзэж, зам дагуу хийгдэж буй дугуйн зам, явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлыг чанар стандартын дагуу хурдан шуурхай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өглөө. Авто замын шинэчлэлийн ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Наймдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад орно гэдгийг хотын Захирагчид Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлэв.

А.Туяабаатар: Найман байршилд явган хүний зам хийгдэж байна

Налайх дүүрэгт энэ жил олон бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа бөгөөд энэ талаар тус дүүргийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатараас тодруулсан юм.

Тэрбээр “Налайх дүүрэгт энэ жил Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр олон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Улсын төсвийн хөрөнгөөр 1, 3 дугаар хороонд 100 болон 150 хүүхдийн цэцэрлэг баригдаж байна. Мөн 700 хүний суудалтай спорт цогцолборын барилга энэ жил үлдэгдэл санхүүжилт шийдэгдэж, арваннэгдүгээр дүгээр сар гэхэд ашиглалтад орно. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх 1.7 км замын ажил, Налайх-Чойрын 20.9 км авто замын ажлууд эрчимтэй явж байна. 17, 18 дугаар гудамжны хучилтын ажил удахгүй эхэлнэ. Бөмбөрцөгтэй уулзвараас Нарангийн төмөр замын гарам хүртэлх 4.4 км замын ажлууд графикийн дагуу хийгдэж байна.

Гэрэлтүүлгийн хувьд 2020 он хүртэлх Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дүүргийг 100 хувь гэрэлтүүлэгтэй болгоно гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ жил мөн нийслэлийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангаараа гэрэлтүүлгийн ажил хийж байна. Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 52, 53 дугаар байрны гадна фасадны ажил, 35, 39 дүгээр байрны бохирын шугамыг солих ажлыг хийгдэж байгаа. Дөнгөж саяхан нийслэлийн Засаг даргын захирамж гарч, нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Голомт”, “Эрдмийн оргил” цогцолбор сургуулиудад хүүхдийн хөлбөмбөгийн талбай байгуулахаар тендер зарлагдаад ажил эхлэх гэж байна.  Мөн найман байршилд явган хүний зам хийгдэж байна” хэмээлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх