С.Амарсайхан: Нийслэлчүүдийн хувьд энэ зам нэг цаг, нэг хоногийн өмнө ч гэсэн ашиглалтад орох нь нэн чухал

2019 оны 07-р сарын 18 өдөр, 14 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
amar

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэрээ Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллав.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын хүрээнд хоёр урсгалтай, явган болон дугуйн замтай нүхэн гарцыг хийж байгаа бөгөөд энэ гарцын ажлын гүйцэтгэл 18 хувьтай явж байна. Бусад замын ажлууд төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох хотын Захирагчид танилцуулсан юм.

Хотын Захирагч С.Амарсайхан “Замын ажлыг хийж гүйцэтгэхэд хяналт тавьж байгаа компаниуд хяналтаа сайн хийж, шаардлагаа өндөрсгөж ажилла. Санхүүжилтийн асуудал шийдэгдсэн байхад ажил удаашрах асуудал байх ёсгүй. Өдөр, шөнийн ээлжээр ажилла. Гол нь чанар стандартад нийцсэн, гүйцэтгэлийг сайн хангаж ажиллах шаардлагатай. Зам дээрх ажиллах хүн хүчээ нэм, ажлаа эрчимжүүл. Нийслэлчүүдийн хувьд энэ зам нэг цаг, нэг хоногийн өмнө ч гэсэн ашиглалтад орох нь нэн чухал байна” гэдгийг онцолж хэлэв.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж байна. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. даш
     (192.168.8..***)
    2019/07/18 14:57

    энд дугуйн болон явган зам хийх ямарч шаардплага, үндэслэл байхгүй, дарга нэр зүүхээрээ улсын мөнгөөр тоголж, гайхуулдагаа боль

    (0) (0)