Б.Шүүдэрцэцэг “Ганц бие эмчийн яриа” \Өгүүллэг\

2019 оны 07-р сарын 18 өдөр, 10 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
67057586_2368950303163944_5019096136405745664_n

Зуслангийн орой. Айл бүрийн гадаа хүүхдүүд шуугилдан тоглоно. Манай зуслангийн хамгийн баруун захын шовгор оройт муурын байшингийн эзэн ганц бие, ахимаг насны эмэгтэй гаднаа сууж байснаа намайг даллан дуудав.
Үр хүүхэдгүй, нөхөр нь залуу бүсгүй даган одсон гэх энэ эмэгтэйг Юмнэрэн гэнэ. Хэдийнээ жар дөхөж, цагтаа зээрийн шилбэ шиг гоолигхон явсан хөл нь үл ялиг майжийн, сайн ажиглавал нуруу нь бага зэрэг бөгтийж буй ч, Юмнэрэн гуай буржгар химитэй үсээ тас хараар будаж, хийц сайтай тас хар костюм, дэгжин даашинз сэлгэж өмсөнө. Бас урт гонзгой хэлбэртэй час улаан чулуун шигтгээтэй алтан ээмэг бэлзэгтэй нь хосоор нь зүүж, гартаа хар торон бээлий хийн, нүүрэндээ зузаан энгэсэг түрхэж, уруулаа тод хүрэн улаанаар будах тул хэзээ ч хөгшин харагддаггүй байлаа. Ихэнхдээ л солонгорсон нарны шил зүүх тул ээмэгнийх нь шигтгээнээс ойх гэрэл нүдний шилнийхтэй нь хоршин нүд гялбуулж явдаг нь цаанаа л нэг дэгжин. Ер нь л Юмнэрэн гуай тэр үедээ л тун ч ганган, эрхэмсэг эмэгтэй байлаа.
Гэхдээ тэр хийц сайтай хар костюм, тас хар буржгар үс, гэрэл туяа ойлгон гялалзах гоёмсог ээмэг, нарны шил, үр хүүхэдгүй ганц бие амьдрал, бусдаас тусгаарлагдмал зожиг зан нь хүмүүст битүүхэн зэвүүцэл, бас айдас төрүүлэх мэт зуслангийнхан бүгд л түүнтэй мэндийн зөрөөнөөс цаашгүй хөндий харьцана. Айлын жаахан хүүхдүүд гэрийнх нь гадаа шуугилдах юм бол тэр гарч ирэн “Дуугаа аяд! Хол очиж тоглоцгоо! Би амарч байна” хэмээн зандарна. Бас, гэрийнхээ гадаа тарьсан өнгийн цэцэгсийг нь гишгэчлээ хэмээн хавийн үхэр малыг чулуу шидэн хөөнө. Гэхдээ бусад үед бол манай ээж болон зуслангийн эзэгтэй нар шиг шиг байнга гэрийн ажилтай зууралдахгүй болохоор хэзээ ч үглэж яншина гэж үгүй, хүүхэдтэйгээ хашгичин хэрэлдэхгүй, хашгичих хүүхэд ч байх биш дээ. Цаг ямагт Цасан хатан мэт эрхэмсэг төрхтэй явдаг нь надад харин ч таалагддаг байлаа.
Тэдний бяцхан “муурын байшин” бусад айлаас нэлээд зайдуу торойх агаад, гадуураа цав цагаан хайстай. Тагтных нь будаг ямагт халцраагүй шив шинээрээ байх нь цаанаа л нэг сондгой. Бас айлууд шиг зөөврийн ус авахгүй , тээр хол байдаг цэнгэг уст булгаас зөөж авчирдагт нь хүртэл хүмүүс зэвүүцэн “Айлуудтай адилхан зөөврийн ус л ууна биз дээ. Хүн хүнээс илүү амьтан юм шиг. Доороосоо нойтон сормуустай юм унагаагүй болохоор л ингэж ямбалдаг юм байх даа” гэцгээнэ.
Би тэр зун наймдугаар ангид орох гэж байлаа. Ном унших , бас хүнтэй яриа дэлгэн, настанд тус дэм болох дуртай нь эмээгийн дэргэд өссөнийх байх. Хэд хоногийн өмнө Юмнэрэн гуайг ганцаараа доод булгийн тэндээс арвын бидонтой ус авч явахыг нь харж өрөвдсөндөө усыг нь авчирч өгснөөс хойш бид хоёрын хооронд нэлээд нөхөрсөг харилцаа тогтох гэж буй нь энэ.
Би уншиж байсан “Элс цас” номоо тагтан дээрээ орхиод Юмнэрэн гуай руу гүйн очлоо. Дөхөж очоод харвал, түүний царай торгон бүслүүртэй гоёмсог сийрсэн бүрх малгайндаа сүүдэртэн улам ч залуужсан мэт тун толиотой харагдав. Тэр хүзүүгээ наранд түлэгдэхээс сэргийлэн нимгэн торгомсог алчуураар ороосон байв. Намайг гүйн очиход тэрээр торон бээлийгээ тайлахад, гар нь яагаад ч юм царайнаасаа илүү үрчийсэн нь үнгэгдсэн самбарын алчуур мэт харагдав. Намайг мэндлэхэд Юмнэрэн гуай үрчгэр гараараа суларсан хацраа илснээ:
-Эгч нь цуйван хийсэн. Ганцаараа хооллох заримдаа их тусгүй юм. Миний хүү надтай хамт хооллооч гэлээ.
Би саяхан гэртээ гурилтай шөл идсэн ч урилгаас нь татгалзаж чадсангүй. Ганцаардмал хөгшин эмэгтэйг өрөвдөх, басхүү зуслангийнхны хэнд ч үүдээ нээдэггүй энэ айлын нууцлаг амьдралд нэвтрэх сониучхан хүсэлтэй минь нэгдэж, тэднийх рүү дуртай нь аргагүй орсон юм.
-Юмнэрэн залуудаа олон эрийг гомдоосны үйлийн үрээр одоо ганц бие байгаа нь энэ!
-Үгүй ээ. Үр хүүхэд заяадаггүй хар өвөртэй эм байхгүй юу. Өргөмөл охиноо загнаж зандарч харгисласаар байгаад тэр нь төрсөн эх рүүгээ гүйчихсэн юм. Ноднин хүний жаахан хүү өргөж авсан нь нас барчихсан. Аягүй бол Юмнэрэн зодсоор байгаад нялх амьтан гарын аяыг нь даагаагүй биз.
-Өөрөөсөө олон дүү нөхөртэй байсан нь хаяад залуу хүүхэнтэй суугаад явчихсан юм гэнэ лээ…
-Аргагүй шүү дээ. Хэн ч үр үндсээ үлдээе гэж саналгүй яадаг юм.
-Дороосоо нойтон сормуустай амьтан унагаж үзээгүй авгай.
Энэ хүний тухай зуслангийнхан нэг иймэрхүү л муу амтай. Би эхэндээ тийм яриа сонсонгуут, час улаанаар уруулаа будсан, тас хар буржгар үстэй Юмнэрэн гуай салаа гэзэгтэй жижигхэн охиныг үсдэж зодон чарлуулж байгаагаар нүдэндээ төсөөлөхөд тэр надад үлгэрийн кинонд гардаг хорон санаат шулам хойд эх мэт санагддаг байлаа. Тэр үлгэрт шулам эм хааны хатан болонгуутаа, арван хоёр хан хөвгүүнийг нь харааж хун болгон хувиргаад, бяцхан гүнжийг нь хэлгүй болгон харанхуй ойд цөлчихдөг дөө. Хөөрхий тэр гүнж шулам хойд эхийнхээ хар домыг тайлахын тулд өргөст маалинга өвсөнд гараа хатгуулан байж, арван хоёр ахдаа цамц нэхэж чадвал тэд нь хүн болон хувирах ёстой болдог. Гэхдээ цамцаа нэхэж дуусах хүртлээ гүнж ганц ч үг ганхийх ёсгүй байлаа…
Ийнхүү түүний тухай элдвийн ярианд автан айж эмээхтэй зэрэгцэн, бас бусдаас онцгой ганган дэгжин, эрхэмсэг төрх нь надад таалагдаад байхыг хэлэх үү. Ер нь манайх энэ зусланд дөнгөж ганц жил зусч буй тул түүний амьдралын жинхэнэ үнэн, нарийн ширийнийг нь би хэрхэн мэдэх билээ. Харин ээж минь хов живэнд дургүй тул энэ яриаг үл тоон надад нэг удаа “Ганц бие настай эмэгтэй хүнд тусалж ус, түлээг нь дөхүүлж өгч бай! Хүнд тусалснаар чиний хойч ирээдүйд л хэрэгтэй. Хөөрхий үр хүүхэдгүй эмэгтэй гар хөлийн үзүүрт зарах хүнгүй хэцүү л байдаг биз. Олон хүний аминд орсон ачтай эмч хүн юм гэнэ билээ” гэснээс хойш би түүнийг үлгэрт гардаг шулам хойд эх болгон төсөөлөхөө больсон юм.
Наяад оны дундуур айлууд олон хүүхэдтэй байсныг ч хэлэх үү. Манай гурван дүү намайг ус түлээнд бараг хүргэхгүй л дээ. Би том эгч учраас тэднийг захираад гэртээ л жанжин гэсэн үг.
Манай зуслангийн хүүхдүүд орой зургаа хагаст ажилчдын автобусаар ирдэг ээж, аавыгаа заавал тосно. Томчууд нь дүү нараа хөтлөхийг нь хөтөлж, тэврэхийг нь тэврээд л ээж, автобус тосоцгооход, нялхас нь ээж ааваа хараад инээх нь инээж, уйлах нь уйлалдан, ах эгч нар эцэг эхийнхээ авчирсан хүнс, цүнх савыг нь авч, бөөн инээд хөөр, яриа хөөрөө өрнөнө. “Манай ээж компот авчирсан!”, “Аав аа, бид будаатай хуурга хийсээн”, “Энэ чинь шалаа угаа гээд байхад гол руу явчихсан шүү!” гэхчлэн үхэр тугал нийлэх шиг шуугицгаан, айл гэр, эх үрийн аз жаргал цалгилж байдаг асан зуслангийн орой ажилчдын автобус ирэх цаг үнэхээр сайхан.
Тэгтэл… Юмнэрэн гуайг хэн ч тийн тосож гүйхгүй, авчирсан юмнаас нь дамжлалцахгүй тул тэрээр “ Abba” хамтлагийн зурагтай час улаан гялгар ууттай хүнс бариад бүхнээс сүүлдэн, гав ганцаараа автобуснаас бууж явааг нь харах бүрдээ би түүнийг улам ч их өрөвдөх болсон сон.
…Би тэднийд ийнхүү анх удаа хөл тавилаа. Ганц бие хүний гэр гэдэг бүртийх ч хоггүй цэвэр, цэмцгэр, зуслан дээр гэхэд ядаж ялаа нисэх ч дуулдахгүй нам гүм ажээ. Тэднийх жижигхэн хүрэн сэтгүүлийн ширээ, намхан буйдан,цонх хаалгандаа татсан цасан цагаан торон хөшиг, зуухны хажууд тавьсан түшлэгтэй сийрсэн сандал, том ваартай таримал цэцэг бүхий, гайхмаар гоё айл байлаа. Манай зусланд тэднийхээс өөр тийм догь сийрсэн сандалтай айл байхгүй нь мэдээж. За, манайд бол дүү нарын энд тэндгүй үйрүүлж хаясан боорцог, элсэн чихрийн хогон дээгүүр ялаа шавчихсан, шалаар нэг тоглоом, бидний гутлууд хөглөрсөн байх агаад ээжийн зандарч хашгичих дуу тасарна гэж үгүй, ширээн дээгүүр эмтэрхий аяга хөглөрсөн, сэмэрсэн бүтээлгээр хучаастай зургаан хүний модон наар шавааралдсан замбараагүй айл байдгийг ч хэлэх үү.
Юмнэрэн эгч зөндөө цуйван хийжээ. Гав ганцаархнаа мөртөө хайруулын таваг дүүрэн цуйван хийснийг нь би гайхан харахад тэр инээвхийлэн надад пял тавганд хоол хийж өгөхдөө:
-Би ганцаараа ч гэсэн бага хоол хийж чаддаггүй. Нөхөр минь хүрээд ирж магадгүй. Аа, бас хааяа дүү нарын хүүхдүүд ч ирнэ. Монгол хүн хоолондоо гар татдаггүй юм гэж ижий минь захидаг байсан юм гээд надад шилтэй алаг салад дөхүүлж өгөв.
Хоол нь тийм ч амттай бус, тэгээд ч гэртээ олуулаа шуугилдан хооллож сурсан надад ядаж ялаа ч нисэхгүй шахуу нам гүм ийм айлд настай хүнтэй ярих ч юм ховор, цаг өнгөрч өгөхгүй, пял таваг дүүрэн тосгүй лагалдсан цуйван хорж дундрахгүй зовж суутал гэрийн эзэгтэй ярьж эхлэв. Ядахад тэдний цаг нь хүртэл манайх шиг механик биш гэрэл анивчуулсан цахим эд тул цагны чаг чаг хийх ч үл сонсогдоно. Тэгтэл тэр хачин эвгүй нам гүмийг эвдэн Юмнэрэн гуай:
-Эгч нь өнөөдөр гадаадад явах оюутнуудад үзлэг хийсээр байгаад ирсэн чинь нуруу тасрах нь. Залуудаа ч тоодоггүй байж. Өнөөдөр зуун хорин хүнд үзлэг хийсэн байна. Жигтэйхэн их ядарчээ гэлээ.
“Энэ цахим цагны гэрэлт тоонууд шөнийн харанхуйд ногооноор л асдаг байх даа” гэсхийн шал хэрэггүй юм бодож суусан миний сониуч зан хөдөлж:
-Та нээрээ юуны эмч билээ? хэмээн асуулаа.
-Эмэгтэйчүүдийн эмч шүү дээ.
-Пөөх. Би өөрийн эрхгүй ингэж дуу алдчихав.
“Энэ эгч эмэгтэйчүүдийн эмч юм чинь үзлэг хийж байна гэж өдөржин хүний салтаа руу шагайсаар байгаад иржээ гэсэн үг. Мөн хэцүү ажил аа. За, би л лав хэзээ ч эмэгтэйчүүдийн эмч, ер нь эмч болохгүй дэг” хэмээн би хоромхон зуур бодож амжив.
-Миний хүү охидын үзлэгт орох дургүй л биз дээ?
-Ёстой дургүй.
-Яагаад тэр вэ?
-Ичмээр шүү дээ. Дотуур өмдөө тайлаад танихгүй эмчийн өмнө…Манай ангийн бүх охид дургүй. Охидын үзлэг ирнэ гэхээр бүгдээрээ л чөлөө авах гээд гүйлдчихдэг юм. Та тэгээд яаж зуун хорин хүнд үзлэг хийвээ?
-Хийнэ дээ, миний ажил юм чинь. Тонгойсоор байгаад нуруу тэнийхээ больчихоод гарч ирэх юм. Одоо чи чинь том болсон охин. Охидын үзлэгээс ичих хэрэггүй. Бүдүүлгээ харуулж байгаа юм. Эмэгтэй хүн эрүүл мэндээ үргэлж анхаарч, эмчид үзүүлж байх хэрэгтэй. Эмч нар хүний төлөө л ажилладаг юм шүү дээ гэж тэр сургамжилснаа намайг хоолоо идэж дууссаныг хараад:
-Тэр арвын бидонтой уснаас хайруулын таваг руу хийчих, миний хүү. Хатчихвал угааж болохгүй болчихно гэснээ тэр яагаад ч юм гараад явчихав.
Би арвын бидонтой уснаас хайруулын таваг руу нь жаахныг хийгээд гарвал Юмнэрэн гуай байшингийнхаа гадаа тарьсан цэцгүүдээ арчлан явган сууж байлаа.
-Хөгшин хүнд хань болдог жигтэйхэн сайн охин шүү, баярлалаа миний хүү гээд тэр гараасаа салгадаггүй торон бээлийгээ тайлан, явган сандал дээр суусаар хоцорлоо.
Тэр оройноос хойш би аажмаар түүнд дасч, бараг орой бүр гэрт нь ордог боллоо.
Долдугаар сарын сүүлчээр нэг орой гадаа усан бороо шаагин, бусдаас зайдуу байдаг Юмнэрэн гуайн байшин усан манан дунд нэг л ганцаархнаа бөртийн, яндангаас нь утаа гарахгүй байгааг ажиглаад би тэднийд оров. Гэрт гадаагүй чийг хургасан зэврүүн өдөр байдаг даа. Уг нь тийм бүрхэг сэрүүн өдөр зуслан дээр гал өрдчихөөд мөчир шад падхийн шатах зугаатай чимээг чагнан, будаатай цай ууж шуугилдаж байх нь бас л айл гэрийн аз жаргалын нэг сэн.
Тэднийх галгүй, Юмнэрэн эгч ноосон бүтээлэг нөмрөн буйдан дээрээ цааш харан, хөдлөхгүй хэвтэж байлаа. Хаалга онгойход цасан цагаан торон хөшиг нь үлмэдэгхэн намирахаас өөр хөдөлгөөн, чимээ анир үгүй үхлийн мэт ёрын нам гүм ноёрхсон жижигхэн байшин…хөдөогөнгүй хэвтэх эзэгтэй. Би айдаст автав.
Арай энэ эгч…хэмээн элдвийн мууг бодож зогстол, цаашаа харан хэвтэж байсан Юмнэрэн гуай над руу эргэлээ. Ясархаг, үрчгэр гартаа оросоор хэвлэгдсэн сэтгүүл барьжээ.
Миний санаа амарч, ангайтал инээмсэглэн:
-Танайх яасан хүйтэн байнаа? Гал түлэхгүй яагаа вэ? Аль эсвэл, би гал түлээд өгөх үү? гэхэд, тэр уншиж байсан сэтгүүлээ хажуу дахь үхэг дээрээ тавьж ядрангуй инээмсэглэн ярьж гарав. Ажиглаваас тэр уншиж байсан сэтгүүл нь “Здоровье” гэсэн нэртэй юм. “Эрүүл мэнд” сэтгүүл уншиж байжээ.
-Тэг тэг, миний хүү. Эгч нь өнөөдөр кесарво хагалгаа хийж, хоёр ихэр хүүхэд эх барьж авлаа. Хичнээн их ядарч ирэв ээ! Эх хүүхэд гурван хүний амь насыг аврах гэж гурван цаг хөл дээрээ зогссон. Тэгээд, гал түлэх чадал ч үлдсэнгүй. Гэхдээ сэтгэл их сайхан байна. Ямар ч байсан эхийн эндэгдэл гаргасангүй гэхээр л жигтэйхэн сайхан байдаг юм хэмээн хууч хөөрөх янзтай.
-Хоёр ихэр! Та мундаг хүн юмаа! гэж би бахдав.
-Тийм ээ. Хоёр нялх үр, ижийтэйгээ эсэн мэнд учирсан. Нялхсыг хөхөө амлаж, эх нь баярлан инээмсэглэхийг харах нь эгчийнх нь хувьд аз жаргал байдаг юм даа.
Би хуурай гишүү хугачин гал түлж, арвын бидонтой уснаас данханд хийн цай тавихаар ухасхийлээ.
Гэтэл намайг дөнгөж данх руу ус цүл цүлхийтэл гоожуулж эхэлмэгц, саяхан инээвхийлж асан Юмнэрэн эгчийн царай аадрын үүл мэт барайн:
-Болно, болно! Миний хүү ус бүү гоожуулаач. Одоо болно!! хэмээн уцаартай өнгөөр хэлэх нь тэр. Би нэлээд гайхаж, данх руу ус хийхээ больж, хоёр аяга хүрэхтэй үгүйтэй жаахан усаар цай чанахаар цахилгаан тулган дээр нь тавилаа. Зууханд хуурай гишүү шад падхийн асч, жижигхэн модон байшин нь дорхноо бүлээцээд ирэв.
“Энэ ёстой хачин яхир муухай ааштай хүн юм аа. Ийм ааш муутай болохоороо л ингэж ганц бие хоцорсон биз. Хүн өөрт нь халуун цай чанаж өгөх гэж байхад, муухай зандчаад…За больж, л байхгүй юу , гэртээ харьж номоо уншъя” гэж би гоморхон бодсон ч, цайг нь буцлахаар аягалж өгөөд гарахаар шийдэв.
Миний ийн гомдонгуй царайлсныг тэр гадарласан бололтой, босч гал тогооны намхан шүүгээнээсээ нархамба гарган таваглаж миний өмнө тавингаа хулдаасан шалан дээр асгарсан усыг арчаад гараа угаахдаа:
-Эмч хүний мэргэжлийн өвчин л дөө. Гараа угаахгүй байж чаддаггүй юм. Үзлэг хийхдээ бээлий өмсдөг мөртөө өвчтөн бүрийн дараа заавал гараа угаана. Тэгсээр байтал энэ муу гар минь бүр сарьс болчихсон юм. Бас эгч нь ус гоожихыг харж ч, сонсож ч чаддаггүй муухай хуучтай. Тэгээд л зөөврийн ус авдаггүй, булгаас шанагаараа хутгаж авчирдаг юм. Усны машины хоолойноос ус гожгодохыг харж огт чадахгүй юм! Би ихэд гайхав.
-Яагаад?
-Яахав. Гоожуураас ч, савнаас ч ус гоожихыг харахаар амаржсан эх цус алдаад байх шиг санагдаад болдоггүй! Өнөөдөр кесарво хагалгааны өмнө, өөр нэг эхийн цусыг тогтоох гэж ёстой үйлээ үзсэн дээ. Төрсөн эх тэгж их цус алдахаар болдог сон бол бөглөөд таглаад ч болтугай цусыг нь тогтоочих юм сан л гэж боддог. Дөнгөж төрсөн эх цус алдахаар ус шиг л гоожино шүү дээ. Ерөөсөө цус алдана гэдэг чинь хүний амь нас нь дусал дуслаараа гоожсоор дуусна гэсэн үг. Эх барихын эмч хүн цус алдалтыг тогтоож чадахгүй үедээ л үхлийн өмнө хүчин мөхөссдөг. Тэгээд л түрүүн чамайг бидоноос ус гоожуулахыг харж чадаагүй байхгүй юу.
-Хүн яагаад цус алддаг гэж?
-Цус нь бүлэгнэдэггүй хүмүүсийн цус тогтдоггүй. Тийм хүүхнүүд төрсний дараа цус алдаж их зовоодог юм гэлээ.
-Тэгээд яаж цусыг нь тогтоох вэ?
-Яаж гэж үү? Үзэж тарна даа. Тариа хийнэ. Хүн литр хагас цус алдах л юм бол амийг нь аврах аргагүй болдог. Одоо энэ борооны ус гоожиж байгаа нь хүртэл сэтгэл тавгүйтүүлээд байхаар нь наад цонхны янз даган ус шоржигнохыг чинь анзаарахгүй байх санаатай, эгч нь таг хэвтэж байсан юм. Гэхдээ өнөөдөр тэр гучин естэй эхийн цусыг би тогтоочихсон шүү. Тогтоочихсон… гээд тэр дахин инээвхийлэхэд суларч унжсан хацрынх нь арьс тэнийн, нүдэнд нь ялан дийлэгчийн аугаа хүч чадал гэрэлтэх шиг санагдаж билээ. Тийм ээ, Юмнэрэн эгч бол үхлийг ялан дийлэгч байлаа. Би түрүүхэн гоморхож байсандаа ихэд ичлээ. Цай даргилан буцлав.
Тэрээр, миний чанасан цайг оочлон, “Япончууд 500 грамм төрсөн хүүхдийг хүн болгосон тухай энд бичжээ. Сайхан юм. Тэдний техник хэрэгсэл их сайн л даа…” гээд өнөөх “Здоровье” сэтгүүлээ барьж авлаа.
Хожим санахад яг тэр мөчид л би эмч болмоор санагдаж эхэлсэн юм. Тэгсгээд, гарч гэртээ хариад ээждээ Юмнэрэн эгч яагаад зөөврийн ус авдаггүйн шалтгааныг, өнөөдөр хоёр ихэр хүүхдийг ээжтэй нь аварч, бас 39-тэй нэг ээжийн цусыг тогтоон дөрвөн хүний амийг аварсан тухай нь ярив.
Дараа долоо хоногт нь би пионерийн зусланд явлаа. Би өөрийгөө нэг их хөөрхөн охин биш хэмээн гадаад төрхөө голонгуй явдаг хүүхэд байв. Гэтэл, өөр бүлгийн хоёр ч хөвгүүнээс “үерхье” гэсэн захидал авлаа. Гэхдээ тэр хоёрын хэн нь ч надад таалагдсангүй. Тэдний нэг “Гозон тэмээ” хочтой Батаа гэдэг нэг хүү зуслангийн сүүлчийн дискон дээр намайг үнсэх гэж дайрсан нь бүр ч дургүй хүргэчихлээ. Өөрийг нь тоогоогүйд өширхсөн “Гозон тэмээ” намайг найзууддаа “Нээх хөөрхөн охин биш байж их зантай амьтан бэ. Ядаж хөдөө царайлсан урт үстэй, тэрийгээ “Тунгалаг Тамир”-ын Дулмаа шиг ардаа сүлжчихдэг, гоё хувцаслаж ч чаддаггүй ёстой онцгүй охин. Шал дэмий түүнийг гуйж их юм бодуулчихлаа” гэж ярьсныг нь сонсч, өөрийнхөө гадаад төрх, үс гэзгээ эрч өөрчилнө гэсэн бодолтой гэртээ буцаж ирлээ.
Тэгээд зуслангаас ирмэгц “Тунгалаг Тамир”-ын Дулмаа гэсэн хорон үг санагдсаар бараг бүсэлхий шүргэсэн гэзгээ ээждээ ч хэлэлгүй тайруулчихлаа. Ээж ажлаасаа ирээд намайг харангуут уурлаж, үс гэзгээрээ тоглолоо, “Толгой дээрх үсээрээ тоглосноос доторхийг нь дүүргэхээ бод” гэхчлэн тархи эргэтэл загнав.
“Та юм л бол загнахаас биш хэзээ намайг ойлгож байсан юм? Надад ганц олигтой жийнс аваад өгчихгүй байж. Би үсээ тайруулж, гоё хувцасламаар байна. Дандаа энэ зуслан дээр гэрийн мухар сахиж, шал угааж, дүү нараа харж суусаар уйдаж үхэх нь” гээд би гарч гүйлээ. Аав хөдөө томилолтоор явчихсан байсан юм. Тэгээд би уурандаа нохойн хошууны бутаар дүүрсэн гүнзгий жалганд очиж таван салааны навч тасдсан шигээ суусаар бүрэнхий болгочихлоо. Ээж намайг хаачив? хэмээн эрж хайж дуудсан ч үгүй. Гэнэт ард хөлийн чимээ гарахад нь эргэж хартал Юмнэрэн гуай хойд хусан төглөөс түүсэн болтой, хэдэн хуурай мөчир баглаад барьчихсан зогсч байх аж.
-Хүүе сайн уу, миний хүү?Зуслангаас хэзээ ирээв? гэхэд нь ирснээсээ хойш тэднийхээр ганц шагайгаагүйгээ санаж, бас бүрэхий нөмөрч байхад тэнэг юм шиг тийнхүү ганцаараа жалганд сууж байгаадаа зовонгуйрсан би ухасхийн босч :
-Сайн. Та сайн уу?Би өчигдөр ирсэн гээд нүүр рүү асгаран орж ирэх тайранхай үсээ чихнийхээ араар хийв.
-Жигтэйхэн сайн гээд тэр аяархан инээснээ миний үсийг илж:
-Үсээ тайруулчихаа юу? Их хөөрхөн зохиж байна. Бүр жигтэйхэн гоё гэснээ:
-Манайд орж чихэр идэж зуслангийн сониноо ярихгүй юм уу? гэлээ.
-Миний тайрмал үс надад нээрээ зохиж байна уу? Ээж намайг “Үс гэзгээрээ тоглосноос толгой доторхио бод” гэж загнаад хэмээн би тэднийг оронгуут болсон явдлыг дуулгав.
Сая авчирсан мөчрүүдээ түлээний хайрцагтаа нямбайлан хурааж байсан Юмнэрэн эгч эргэн харж хөмсөг зангидсанаа, гал тогооны шүүгээнээсээ тэр үед “нүдний гэм” байсан баавгайт чихэртэй таваг авчран миний өмнө тавьж:
-Чиний насанд хөсрий таар углаад явсан ч хөөрхөн сайхан л харагдана. Тайрмал үс зохино зохихгүй гэж байхгүй. Ер нь хэзээд өөрийгөө гоё сайхан гэж бодож явбал хэн ч чамайг муухай гэж зүрхлэхгүй шүү дээ. Тэгээд ч ийм том охин ижийдээ гомдож жалганд суух чинь тусгүй хэрэг дээ. Ижийгээ гомдоосон хүн насан турш сэтгэлдээ өргөстэй явдаг гээд санаа алдсанаа:
-Эгч нь гуравдугаар ангидаа ижийтэйгээ сүүлчийн удаа уулзахдаа сүрхий их гомдоосон санагддаг. Дөчин таван он юм уудаа. Намар аравдугаар сард юм даг. Эгч нь сумын сургуульд сурдаг байлаа. Хөдөөнөөс ижий надад хөх жигүүнэн өнгө татсан шинэ хөвөнтэй дээл хийж авчирлаа. Манай ангид сумын хүний эмчийн охин ганган Навчаа гэж шаавай охин байлаа. Аав нь хотод семинарт суугаад ирэхдээ энгэр дээрээ улаан цэцэгтэй номин ногоон пальто авчирч өгснийг нь бидэнд их гайхуулна. Ижий минь:
-Намаршчихлаа, миний хөнхөр хүүхэн жиндэх вий гээд шинэ хөвөнтэй дээл хийж авчирлаа. Амаржихаасаа өмнө хүүхэндээ хөвөнтэй дээл хийж амжлаа шүү! Шинэ дээлээ өмсөөд номоо сур даа. Алив өмсөж үз миний хүүхэн гэхэд нь би баярлахын оронд:
-За юугий нь өмсч үздэг юм, таарах л байлгүй дээ. Уг нь би Навчаагийнх шиг гоё пальто л авахуулмаар байна гэчихсэн юм. Хөөрхий ижий минь инээхээ больж “Ижий шиг нь хөдөөний больхи амьтан хаанаасаа тийм гоё пальто олж өгөх билээ?Миний охин Навчаагийн аав шиг эмч довтор болчихоод өөртөө өчнөөн сайхан хувцас авч өмсөнө дөө” гэж аргадаж билээ. Тэгэхэд нь би “Яршиг, эмч болохгүй. Дэлгүүрийн худалдагч болох юм чинь” гэчихээд гараад гүйсэн.
Тэр өдрөөс хойш ердөө ганцхан сарын дараа өвлийн эхэн сарын бүүдгэрхэн орой сумын төвөөс алс өвөлжөөнд хөөрхий ижий минь төрөхийн хүндрэлээр бурхан болсон юм даа. Тэгээд л би ижий шигээ эхчүүдийг үхлийн савраас булаах сан гэсэндээ, бас ижийгийн минь “… эмч довтор болоод өөртөө өчнөөн сайхан хувцас авч өмсөнө дөө” гэсэн сүүлчийн үгийг нь санаж эх баригч их эмч болсон. Хожмоо ухаан суусан хойноо бодохноо, хөөрхий тулгар биетэй ижий минь дайны дараахь юм ховор живэр цаг үед хаанаас ч тийм хөх жигүүнэ олсныг бүү мэд. Бас гэр малын тэр их ажлын хажуугаар их гэдэстэй хэрнээ надад тэр хөвөнтэй дээлийг оёж өмсгөх гэж хичнээн шөнө дэнгийн гэрэлд нойргүй хоноо бол? гэж бодохоор зүрх минт сэмрэх шиг л болдог юм. Ижийтэйгээ хамгийн сүүлчийн удаа уулзахдаа тэгж их гомдоосондоо би үсээ цайтал шаналж явна даа, хүү минь гэлээ.
Дөнгөж саяхан л “ ганц олигтой жийнс аваад өгөхгүй байж” энэ тэр гэсэн үгс ээж рүүгээ чулуудсан би ч Юмнэрэн эгчээс ичиж орох байх газраа олж ядаж суув. Тэр над руу нүдний шилэн дээгүүрээ зальжин хяламхийснээ:
-Орос дэлгүүрээс чамд л гэж баавгайтай чихэр авсан юм, эгч нь. Ид ид миний хүү гээд хэдийг авч өгснөө, буйдангийнхаа дэргэдэх намхан үхэг дотроос нэг гонзгой хайрцагтай юм гарган гар дээр тавилаа.
-Юу юм бэ?
-Үс эргүүлдэг хайч байгаа юм. Үснийхээ үзүүрийг эргүүлж байхгүй юу. Богино үсэнд арчилгаа их хэрэгтэй байдаг гэлээ.
-Баярлалаа, Юмнэрэн эгч ээ!
-Хэн юу ч гэж хэлж байсан толгой дээгүүр, бардамхан амьдар, миний охин! гэж тэр намайг гарахад, хойноос минь захилаа.
Удалгүй Юмнэрэн гуай Болгарын “Алтан элс” амралтанд явахаар болж, тэднийх зуслангаас нүүлээ. Айлууд мэр сэр нүүсээр зуслан эзгүйрч эхлэв.
Тэр нэгэн орой, ээжтэйгээ муудалцчихаад миний баахан суусан нөгөө жалганд болц нь гүйцсэн нохойн хошууны жимс час улааран, хойд уулан дахь хусан төгөл намрын алтан хэвнэгээ нөмөрч, манайх ч хот руугаа нүүлээ.
Тэр оройноос хойш би аль болохоор ээжтэйгээ маргаж ам мурийхгүйг хичээх болов. Үсээ Юмнэрэн эгчийн өгсөн хайчаар ороож, нүүр гарын арьсаа тордон өөртөө их ч анхаарах болсноор намар нь сургууль эхлэхэд манай ангийнхан миний хөөрхөн болсныг, аав ээж хоёр уриалгахан, эелдэг байгааг минь гайхацгааж байлаа. Харин би заавал эмч болохоор шийдэж химийн хичээлдээ шамдах болсон юм.
Дараа жил нь манайх нөгөө зусландаа гараагүй тул Юмнэрэн эгчтэй таарсангүй. Хоёр жилийн дараа би хонхны баяраараа Сүхбаатарын талбайд явж байгаад түүнтэй санаандгүй тааралдаж бөөн баяр болов. Тэр тас өнөө л буржгар хар үс, солонгорсон нарын шил, гартаа торон бээлийтэй хэвээрээ. Харин нуруу нь мэдэгдэм бөгтийж, улаан шигтээтэй алтан ээмгээ сольж, цав цагаан сувд зүүжээ.
-Миний хүү жигтэйхэн том болчихож. Аль сургуульд орох вэ? гэж тэр асуув.
-Анагаахын дээд гэж би эргэлзэлгүй хариулав.
Тэр хацраа үрчийлгэн инээмсэглэж:
-Жигтэйхэн сайн охин шүү. Эмчийн мэргэжил үнэхээр сайхан… гэснээ:
-Охин маань төрөх гээд нэгдүгээр амаржих газарт хэвтсэн. Би өөрийн гараар эх барьж авалгүй болохгүй. Төрсөн эх нь түрүүн над руу залгаж байна лээ. Эгч нь төрөх рүү яарч явна. Охиноо төрүүлнэ. Ижий аавдаа мэнд дамжуулаарай гэлээ.
-Охион? Тэр чинь таныг хаяад төрсөн ээж рүүгээ явсан биз дээ? гэж би тэссэнгүй асуучихлаа.
-Тэгсэн л дээ. Төрсөн эх рүүгээ явсныг нь буруутгаад ч яахав дээ. Махаа таслан төрүүлсэн эх нь мөн юм чинь …Харин ч миний гар баримжаагаа алдчаагүй байхад амжиж төрөх нь гээд баярлаж явна даа. Тэр охиныг би тээж төрүүлээгүй ч, баасыг нь арилгаж борвийг нь тэнийлгэсэн охин минь юм! гэснээ гялгар лакан хэтэвчнээсээ надад хорьтын шинэхэн ногоон дэвсгэрт гаргаж өгөөд, духан дээр үнссэнээ:
-Сэхээн амьдруулахын эмч болоорой миний хүү. Хүний алтан амийг үхлээс булаасны дараа хичнээн сайхан байдаг гэж санана! гэж захив.
Зургадугаар сарын эхэн. Моносны цэцэг цас шиг цайран, наран авхай үзэсгэлэнт залуу бүсгүй мэт мишээж, сурагчийн хүрэн даашинзаа сүүлчийн удаа өмсч буйгаа, удахгүй оюутан болно, амьдрал бүхлээрээ миний өмнө байна гэхээс баяр хөөр дүүрэн алхалж явсан тэр өдрөөс хойш найман жилийн дараа Юмнэрэн эгчтэй сүүлчийн удаа уулзсан юм.
Би Москвад Анагаахын дээд сургууль төгсч ирээд, нэгдсэн гуравдугаар эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ажиллаж байлаа. Тэр өглөө би жижүүрээс бууж, дараагийн ээлжийн эмчид ажлаа хүлээлгэн өгчихөөд гарах гэж байтал тал цус харвасан, ухаангүй өвчтөн ирлээ хэмээн шуугилдаад явчихав.
Намайг өрөөндөө орж, цагаан халадаа тайлж байтал ээлж хүлээлцсэн Болормаа эмч шагайж:
-Найз аа, ороод ирээч. Сая ирсэн цус харвасан эмээ чамайг сураглаад байна гэлээ.
Өчигдөр халуунтай хоцорсон охиндоо санаа зовж, гэр рүүгээ адгаж байсан би “Юун эмээ байдаг билээ. Таньдаг хүн бол ар гэрийнхэн нь аль хэдийн над руу утасдаж захих байсан даа” гэж гайхсаар өрөө рүү нь төвөгшөөнгүй очлоо. Сэхээн амьдруулахын өрөөнд үхлийн сүүдэр буусан мэт байдаг. Амьсгалын аппаратанд залгаастай өвчтөн, эмч бидний өмнөөс горьдлогын харьцаар ширтэх ар гэрийнхнийх нь царайгихарахаар, үхэгсдийн ертөнцийг биднээс тусгаарласан голын хоёр эрэг энд уулздаг байх гэж би санадаг.
Орныхоо цагаан даавуу шиг дун цагаан үстэй, атгын чинээхэн биетэй эмгэн нүдээ тас аньчихсан хэвтэнэ. Цагаан үс, цаас шиг цонхигор царай нь дэрнээсээ үл ялгагдам тэр эмээгээс би таньдаг төрх эрж хэсэг харж зогслоо.
-Энэ хүн чиний юу юм бэ? Түрүүн ухаан оронгуутаа чамайг асуусан. Тэгснээ дугхийх шиг боллоо. Ингэсгээд сэрэх байх аа. Харин ч хөнгөн цус харвасан байна. Үр хүүхэдгүй юм байх даа. Гэртээ ганцаараа байж байгаад харвасныг хөршийнх нь хүн мэдэж, түргэн дуудсан байна лээ. Саяхан бас нэг өвгөн ирчихсэн суугаад байх юм гэж Болормаа эмч хэлэв.
-Харин хэн юм бол оо?
Би хүзүүндээ тохсон чагнуураа нэг л мэдэхэд мултлан аваад, эмээгийн орны дэргэд очиж суун царайг нь сайтар ажиглав. Бараг ганц ч хар үс үлдээгүй болов уу гэмээр шингэхэн цагаан үс, ором төдий хөмсөг, насжилтын бор толбоор дүүрсэн шанаа, илэг шиг зөөлөрсөн үрчлээт хацар нь үл мэдэг чичирхийлнэ. Хатсан мөөг мэт борлож үрчийсэн духанд нь гараа хүргэвэл хүв хүйтэн хөлс чийхарчээ.
Тэгтэл эмгэн нүдээ алгуурхан нээж, над руу удаан ажигласнаа:
-Миний хүү эмээгээ таньж байна уу?…гээд амьсгаадав. Би түүний хэн болохыг санах санаатай ажигласаар л…
– Чи ч жигтэйхэн сайхан хүүхэн болжээ гэлээ. “Юу билээ? Нэг л танил хоолой, танил үг байх чинь?”
-Юмнэрэн эгч ээ!
-Хөгшин намайг мартахгүй явдаг жигтэйхэн ой сайтай хүүхэд юм аа гээд эмгэний нүд гэрэлтсэнээ, хүндээр амьсгаадав.
Нөгөө тас хар, буржгар үс, ув улаан уруул, гялалзсан алтан ээмэг, дэгжин хар костюм, энгэсэг будаг, ганцаардлын эсрэг цэх зогсдог цог жавхааг нь өршөөлгүй хатуу ертөнцийн жам үерийн ус шиг хаман одож, миний өмнө ганц бие, өтөл ядрангуй эмгэн үхлээ хүлээн хэвтэж байлаа.
-Миний хүү эгчийнхээ захиснаар сэхээний эмч болсныг би ижийгээс нь дуулаад баярлаж л байлаа. Энд ажилладгийг чинь ч бас дам сонссон юм. Гадаа суугаа хөгшин чинь миний өвгөн байгаа юм. Залуу авгай дагаж сэвээд алга болсон хүн эхнэр хүүхэддээ хаягдчихаад таван жилийн өмнө надад эргэж ирсэн юм. Надаас арван нэг дүү юм даа, чаавас. Энийгээ ганцааранг нь орхиод явна гэхээс өрөвдөж л байна, гэвч…яая гэхэв. Үхлийг аргалж болох биш. Уг нь намайг бодвол төрсөн үртэй хүн л дээ. “Нөхөр минь хүрээд ирж ч магад…” гээд тогоо дүүрэн хоол хийн хүлээдэг байсныг нь би эргэн санав. Өвгөн нь нээрээ л буцаад ирж дээ…
– Охиныхоо хоёр хүүхдийг эгч нь эсэн мэнд эх барьж авсан, боллоо, боллоо… Ижийгээ төрөхийн хүндрэлээр алдсаныхаа хариуд би өчнөөн олон эхийн амийг аварлаа. Харин… хүний хэдэн зуун хүүхэд эсэн энх мэнд барьж, эх үрийн жаргал эдлүүлсэн надад бурхан өөрийн гэсэн хүүхэд заяасангүй. Бусдад өгсөн эх үрийн жаргалаараа өөрийнхөө сэтгэлийг баясгаж яваг гэсэн юм байлгүй дээ… Эх барихын “бурхан эмч” гэж хөдөө, хотгүй малгай тавилгүй хүндлүүлж, хүний өмсдөг сайхан бүхнийг эдэлж, гадаадын олон оронд очиж амарч үзлээ. Харин ч одоо ингээд хорвоог орхиход тэр минь энэ минь гэж сэтгэл хоргодох юм юу ч үгүй, энэ зах зээл эхэлж байгаа тарчиг хэцүү цагт үед үр хүүхэд минь яах бол? энэ тэр гэж амь тасарч чадахгүй тарчлах ч юмгүй амар юм… Ер нь над шиг ганц бие эмэгтэйн үхэл амьдралаасаа ч гэгээн байдаг юм байна. Эгчид нь үхлээс айх юм юу ч алга. Одоо бодоход би их л утга учиртай амьдарч… хэмээн түүнийг инээвхийлэн ярьж байтал сувилагч орж ирээд гоожуур онгойлгочихлоо. Түүнийг ус гоожихыг тэвчиж чаддаггүйг нь санан ухасхийсэн ч амжсангүй.
Гоожуурын ус шоржигнож эхлэнгүүт Юмнэрэн эгчийн царай хувьсхийн “Миний хүү, гоожуураа хаачихгүй юу, хүн цус алдаад байх шиг санагдаад байна!” гээд ганц татвасхийснээ хараагаараа амьсгал хураачихлаа.
Гурав хоногийн дараа шарилыг нь моорогноос авахаар түүний насаараа ажилласан амаржих газрынхан нь , хамаатан садных нь хэдэн залуус бөөнөөрөө ирлээ. Төрүүлсэн үр хүүхэд үгүй, бусдаас зожиг ганцаар амь зууж байсан ч, надад захиж байсан шигээ өөрийнхөөрөө, эрхэмсэг бардамхан амьдарсан Юмнэрэн эгчийн сүүлчийн оромж болсон хээнцэр хар авсыг дуут дохио хангинуулсан эмнэлгийн цагаан машинд ачин одоцгоохыг би өрөөнийхөө цонхоор харан, “Энэ хүн үр хүүхэд төрүүлээгүй ч үнэхээр утга учиртай л амьдарч дээ” хэмээн бодож зогслоо. Махаа таслан хичнээн үр хүүхэд төрүүлсэн атлаа асрамжийн газарт өтөл насаа үдэж буй хөгшид алиийг тэр гэхэв дээ.
Охины минь хатгалга хүндэрснээс, Юмнэрэн эгчийн оршуулганд нь оролцож амжсангүй. Дараа жилийн ханш нээх өдрөөр өвгөнөөр нь заалган шарил дээр нь очвол “Бүүвэйл хорвоо бүгдээрээ бүүвэй” Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч М.Юмнэрэн гэсэн бичигтэй тас хар гантиг хөшөө яг л түүний амьд сэрүүн үеийнх шиг нь эрхэмсгээр цэмцийж байж билээ.

2011 он Улаанбаатар хот

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх