Эр зоригийн тангарагтай эрэлхэг хөвгүүн та амгалан нойрс доо

2019 оны 07-р сарын 05 өдөр, 11 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
66262482_859536531084890_4827106244961501184_n

Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн алба хаагч та асарлан цэнхэртэх цаст Алтайн уулс дундаа амгалан нойрс доо.

2019 оны 7 дугаар сарын 2 ны өдөр эх орны баруун хязгаар,  Цаст  их хайрхан Алтай таван богд асарлах Баян-Өлгий аймгаас  бид харамсалтай мэдээ сонсож, эмгэнэн гашуудав.

Монгол төрийн цагдаагийн байгууллагын эр зоригийн тангарагтай эрэлхэг цагаан шонхоруудын нэг Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ишгэний Эрдэнэшагай маань эрдэнэт хүний амь насыг аврах гэж албан үүргээ гүйцэтгэж  яваад харамсалтайгаар  амь насаа алдсан мэдээг сонссон монгол хүн бүрийн зүрх сэтгэл харуусал гашуудал нөмөрсөн юм.

Цагаан шонхорын дэвэлт шигээ жигүүр өндөр хөвгүүдийнхээ нэгийг эгнээнээсээ алдсан маань юутай их харамсал билээ. Цэл залуухан 30 насандаа  дуудлага бүхэн хариуцлагатай цагдаагийн албандаа өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, бусдын амийг аврахын төлөө, буцаж цуцалгүй гол руу үсэрсэн хөвгүүний анд нөхөд, ахан дүүс, үр хүүхэд хань ижил эцэг эх, эх орон хормын дотор өнчрөн толгой гудайн бөхийнөм. Бас эр зориг, тэвчээр хатуужилаар нь  бахархаж  байна.

Энэ өдөр Цагдаагийн ерөнхий газар, Баян-өлгий аймаг дахь цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өргөсөн тангарагтаа эзэн болсон хүүгээ сүүлчийн замд нь үдэж, хурмаст тэнгэр нь хүртэл бороошиж, эмгэнэлийн аяз дунд эгнээнээсээ алсарсан эрэлхэг хөвгүүндээ хүндэтгэл үзүүлж байгаа юм.

Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрж өсөж, бүрэн дунд сургуулиа дүүргэн, цагдаагийн албан хаагч болохын төлөө хүүхэд жаахан байхаасаа мөрөөдөж, Их засаг их сургуулийг бие хамгаалагч мэргэжлээр төгсөн, 2012-2015 онд мөн Их засаг сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус суралцан төгсөөд мөрөөдөл дүүрэн ажиллаж, амьдарч, хичээж зүтгэж байсан шилдэг алба хаагч, сайн аав, сайхан хань, эцэг эхийнхээ энэрэл ачлалтай хөвгүүн, гурван дүүгийнхээ тулах багана байсныг нэхэн дурсаж, гүнээ мэхийлээ.

2011 оны 11 дүгээр сард Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийг цагдаа мэргэжлээр суралцаж төгсөөд, Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаагаар томилогдсноос хойш цагдаа жолооч, Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагч, аймгийнхаа Булган сум дахь хэсгийн цагдаагаар ажиллаж байгаад Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаагаар томилогдон  цагдаагийн байгууллагад 7 жил 6 сар ажилласан түүх нь хувийн хэрэгт нь тэмдэглэгдэн, тангарагийн хуудаснаа бичсэн гарын үсэг нь тодхон үлдлээ.

Амьдралынхаа энэ богинохон он жилүүдэд албандаа үнэнч,  хамт олныхоо дунд нэр хүндтэй, хань үр хүүхэддээ хүндэтгэлтэй, халамжтай,  эелдэг найрсаг, урлаг спортын авьяастай, тусч өгөөмөр нэгэн байсныг анд нөхөд нь дурсан ярьж байна.  Булган сумын хэсгийн цагдаагаар таван жил ажиллахдаа олон ч хэргийг илрүүлж, ажиллан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүндтэй ажиллаж, сумын иргэдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн төрийн элч, түмний түшиг байсныг сумын иргэд  ярьж, бяцхан охиндоо Э.Булганбилиг гэж нэр хайрласан нь аавынхаа үргэлжлэл болон үлдэж дээ.

Асарлан цэнхэртэх цаст хайрхануудынхаа дунд албандаа үнэнч, амрагтаа хайртай, үрдээ түшигтэй байсан  аавын хөвгүүн, Хүндэт ахлах ахлагч минь хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж, хүрсэн зорьсон, хичээсэн, зүтгэсэн,сүүлчийн мөч хүртэл тангарагаасаа буцаагүй таныгаа Монголын ард түмэн үүрд дурсах болно.

Цагдаагийн ахмад Б.Төгсжаргал

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх