С.Эрдэнэ: “Хонгорзул” өгүүллэг

2019 оны 06-р сарын 26 өдөр, 11 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
dsc01905_9ed3b9e6

Ойн цагдаа намайг үүр цайхаас урьтаж ирээрэй гэсэн. Хонгорзулын тухай ярьж өгнө гэснийг санаад би эртээ гэгч бослоо.
Эмгэг биеийн нь яс янгинан өвдөж байгаа бололтой гиншиж хэвтсэн эмгэн буурал эжий минь дэнгийн гэрэл бүртэлзэж, нойрмог нүдээ нухлаад,
Хүү минь ийм эрт хаачих нь вэ? гэж дорой дуугаар асуув. Ойн цагдаатай хоёул гөрөөс намнана гэхэд,
Мэдэж яваарай цаадах чинь олигтой хүн биш дээ гэв.
Тэнгэрийн хаяа битүү байхад ойн цагдаа бид хоёр хөвчид гарахаар явлаа.
Энэ хүн бусдын боддогтой адил тийм тэнэг мангуу биш. Хэрийн хүнтэй нийцдэггүй нууц сэтгэлтэй, хачин этгээд байдалтай бөгөөд ой модыг амьтайгаа чацуулан хамгаалдаг учир муу санаатай мулгуу бодолтойд тооцогддог биз дээ.
Заримдаа ой тайгаар орон гэрээ хийж, хэд хоног залган уул хөвчийн гүнд хэрэн хэсэн явах бөгөөд идэр гурван есийн хүйтэн шөнө, битүү ойн дунд гулгуун хэмээх их түүдэг асаагаад, бор гөрөөсний мах шарж идээд, нударгын чинээн толгойтой оготор гаансандаа тамхи нэрж, гашуун утааг нь залгилж, хөвчийн хүрэн баавгайн арьсан дээр хажуулдан хэвтэхдээ ганц бах нь ханадаг гэлцэнэ. Сүсэг ихтэй чавганц нар түүнийг “хар махгалын Хувилгаан” гэж цуурдаг билээ.
Эх нутгаа орхин явснаас хойш олон жилийн дараа би нэгэн сарын амралтаа өнгөрүүлэхээр буурал ээжийндээ ирсэн бөгөөд бага залуу насандаа, ойн цагдааг бусдын адил зэвүүрхэн үздэг байжээ. Харин одоо ном бичигт шунамхайрч, байгаль ертөнц хүн амьтны элдэв явдлыг ихэд сонирхох болсон тул ойн цагдааг амьдралын нэгэн үзүүрт сэтгэл санаагаа нууцалж хүнээс онцгой явах тавилантай болсон сонин хачин хүн гэж түүний амьдралын учир явдлыг уудлан илрүүлэхээр санаа шулуудан аль л байдаг арга ухаанаа зарж ой хөвчийн тухай үлгэр домгийг нь өдөөн яриулж аливаа санал бодлыг нь даган баясан, тал өгсний учир би дотно хүн нь болж авлаа.
Бидний ууланд авирахын үес үүр цайж эхлэв. Нэвсгэр хар ойн дундаас энд тэнд хөвчийн хөх байцас цухуйн харагдахаар ойн цагдаагийн ярьсан үлгэр домог санагдана.
Хонгорзулын тухайд бол бас л ямар нэгэн үлгэр домог сонсоно гэж боддог байлаа.
Хонгорзул! Ойн цагдаа хааяа энэ нэрийг хэлэхдээ нүд буруулж, уйтгартай бөгөөд сүртэй болдог байлаа. Тэгэхээр нь Хонгорзул гэгч өөрийн нь амьдралтай ямар нэг холбоотой байх гэдэг бодол төрөөд тэр тухай ярьж өгөөч гэж гуйхаар “Найман сарын сүүлчээр Нэрст уулын ар талд гарч баавгай агнана. Тэгэхдээ би чамд ярьж өгөмз” гэсэн юм. Одоо бид тийшээ очиж яваа нь энэ билээ.
Ойн цагдаа хүнд хөлтэй хөгшин зээрд морин дээрээ хажуулдан хөглийн харлаж байгаа ойн зүг ширтэж явна. Том гуулин аралтай суран бүсэндээ үйсэн хуйтай, ясан иштэй том хутга хавчуулж мөрөвч мод нь халцарсан хураан буу үүрч, ярайтал чихсэн сумтай ширэн дайз бүсэлжээ. Бүйлсний үндсээр хийж, хүрэл цагирагаар чимсэн том гаансаа зуусан нь бух тэрэг мэт утаа савсуулж, он жил хуучирсан одончуу юүдэнгийн нь чихэвч налбаг салбага хийнэ.
Ой хөвчид мацахдаа гөрөөс мэт сурамгай болсон морь нь битүү ширэнгийн зай завсрыг андахгүй ажээ. Би дөрөөгөөрөө модонд тээглэж, нүүрээ мөчирт чавхдуулж, яаран бачимдан дагаж явлаа.
Yүрийн туяа ойн гүнд нэвтэрчээ. Гэвч нүд дасаагүй хүнд нүүл модны орвон, ойн ёроол дахь бул чулуу, модон гахай юмуу баавгай шиг харагдана. Наймдугаар сард ой хөвч бүрэн чимгээ зүүжээ. Шилмүүст модны титмийг цогцолсон гишүү мөчрийн завсраар, оюу өнгөтэй гэгээ татан, нарийхан гол шиг хус улиас навч найлзуураа дааж ядан гайхахдаа шөнийн будангаас хүртсэн шүүдрийн сэрүүн дуслаар шүршинэ. Ойн хөвд ногоонд шингээстэй чийг усыг амталсан зүйл бүрийн цэцэг жимсний анхилуун үнэр өгүүлж баршгүй сайхан. Наран өөдөлж уулын ташланд туссан түрүүчийн туяа нь моддын завсраар харван зурайж, шөнө тогтсон манан буданг нэвтлэв. Моддын урт хар сүүдэр уул өөд тэмүүлж, нарны гэрэлд умбасан ойн цоорхой дахь өндөр ургацат цэцэг ногоонд агссан шүүдрийн бөмбөлөг алтан одот ундрам чулуу мэт гялалзав.
Бид эртэлж мордсон тул одоо нэгэнт Нэрст уулын ар биеийг барьж явна. Нэлээд өндөрт гараад эргэж харвал тэртээ хөхөмдөг лаван татсан хөвчийн дээгүүр цаст уулын цагаан оргил өглөөний наранд тодроод, цэлмэг тэнгэр өөд улбар туяа цацруулан байна.
Би байгалийн үзэсгэлэн сайханд сэтгэлээ өгч орхиод, замчныхаа тухай мартах дөхжээ. Тэгтэл морьд маань чихээ сортойлгон сэрэмжлэхийн сацуу ойн цагдаа ямар нэг бодьгүй биетэй юм шиг чив чимээгүй үсрэн бууж, нүд ирмэхийн зуур буугаа мулталж цулбуураа надад хаяж өгөөд битүү ширэнгэнд шингэн замхрах адил алга болов.
Хэдэн мөч өнгөрлөө. Чихээ солбиулж, биеэ хөвчлөн байгаа морьд гэнэт огло үсэрсний дараа буун дуу сонсдов. Ой мод сүртэйеэ нүргэлэн цууриатав.
Дахиад шувуу жиргэж, уулын горхи шоржигнохоос өөр анир чимээгүй болсны дараа буу дуугарсан зүг яаран очлоо.
Ойн цагдаа хожуул дээр сандайлаад хүрэл чимэгт аварга гаанснаасаа хөх утаа баагиулна. Хажууд нь том хар баавгай хэдийн унажээ.
Болор уст уулын горхины дэргэд гал түлж бяцхан зэс тогоонд цай тавиад хоёул тавлан суулаа. Горхины урсах чимээ их л сонихон нэгэн үе бүл-бүл-гүл-гүл гэх бүдэг чимээ сонсдож байснаа бас тогтуухан цөөрөмд чулуу шидэх адил тодхон чимээ гарна. Жигүүртэн шувуу жиргэх ус шоржигнох, навч найлзуур сэржигнэх энэ бүхэн ерийн боловч сэтгэл санааг бүүвэйлэн мансууруулагч ойн доторх хөгжмийн хөг аялгуу ажээ.
Нар дээр гарч модод сүүдрээ хураавч, цаст уулнаас үлээж байгаа намрын салхи сэрүүн.
Ойн цагдаа хүндээр шүүрс алдаж миний бодлыг замхрууллаа.
Хонгорзул минь яг энүүхэнд намайгаа хүлээдэгсэн гээд ногоон дээр хажуулдав.
Би ам ангайж, амьсгаагаа дарлаа.
Хөөрхий Хонгорзул минь гайхалтай бүсгүй байж билээ. Төрсөн нутгийнхаа ой хөвчийн эзэгтэй, лусын дагина шиг энэ байгаль ертөнцийг цогцолсон ил далдын үзэсгэлэн сайхан бүхнийг над мэдрүүлсэн юм даа. Дүү минь чи түүнийг цэцэгнээс мэндэлсэн бүсгүй байсан гэж бодоорой. Ойн яргуй цоморлигоо дэлгэх, монос мод нахиагаа задлах өдрийг хүртэл тэр андахгүй мэддэг байлаа.
Ойн дунд энэ дэлхийн үзэсгэлэн сайхны охь манлай нь байдаг юм шүү.
Бидэнд олдохгүйгээс биш ой дотор алтан мөнгөн цэцэг навч байдаг гэж Хонгорзул минь ярьдаг байлаа.
Модны навч цэцэгний дэлбээнд тогтсон шүүдрийн дуслыг мөнхийн рашаан гэж хүртдэг, ой хөвчийн агаар салхинд шингэсэн цэцэг жимсний үнэрийг мэддэг байжээ. Хонгорзул үнэхээр цэцэгнээс мэндэлсэн юм.
Энэ дэлхий ертөнцөд хичнээн их хайртай байсан гэж санана.
Ой мод, цэцэг навч, жигүүртэн шувуу тэр бүхэнд хичнээн хайртай байсан гэж санана. Хонгорзулын минь хайрт орон дэлхий ой хөвч бидний богинохон жаргалын өлгий болсон юм.
Дүү минь чи ой шуугиж модны навч шивэгнэхийг сонсож байна уу. Миний Хонгорзул ертөнцийн энэ эгшиг дууг гайхалтай уран гоё тайлбарлан ойлгуулж чаддаг байлаа. Өөрөө хичнээн сайхан дуулдаг байсан гэж бодно. Хонгорзулыг дуулахаар хөвчийн мод жингэнэн цууриатаж, цэцэг навч найган ганхаж, огторгуйд нисэж яваа бүргэд шувуу жигүүрээ дэлгээд элэн хальдаг байсан юм.
Хонгорзул арван долоохон настай, уулын горхины ус шиг мэлмэрэнхэн байдаг тунгалаг хар нүдтэй, шүр шунх шиг улаан ягаахан уруултай уяхан бор бүсгүй байлаа. Эх болсон байгаль дэлхийн хайр хишиг үзэсгэлэн гоог өвлөн авч төрсөн юм.
Дүү минь! Хонгорзул арван долоохон настай байжээ. Бид хоёр эрхийн чинээ, эвий багахан наснаасаа баян Гарьдын хонь хариулдаг байв. Он жил өнгөрч, хүний үрс өслөө. Золгүй нэг өдөр Баян гарьдын хорлонт нүд Хонгорзулыг ширтсэн юм. Тэгээд хоёр чих дүлий хойтох урдахаа мэдэхгүй усан тэнэг хүүдээ эхнэр болгож богтлон авлаа.
Хонгорзулыг баян Гарьдын мангуу хүү гэрийнхээ мухарт хашиж, хорт могой шиг хяхарч, ховдог чоно шиг архирч байжээ. Хавчиг толгойтой, хар элэгтэй тэр муухай амьтан хаа л явбал дагаж явдаг, хавьтсан хүнтэй хардаж хайр найргүй жанчдаг байлаа. Хөөрхий Хонгорзул хатсан навч шиг хорчийж, хар нүд нь булингартаж, ягаан уруул нь зэвхийрлээ. Аз болж тэнэгийнхээ нүднээс далд хааяа надтай уулзавч, бузарлагдсан бие ариун нөхөрлөл ангид гэж хэлдэг байлаа.
Тэр жилийн хавар боллоо. Мөрөн голын мөс халзарч шугуй мод нахиалж, усны шувуу ирэв.
Баян Гарьдын малын хойноос явж байгаа Хонгорзул гунигт дуу холыг зорин уянгална. Тэнэг хар хүн сайн морь унаад түүнийг харуулдан явдаг байв. Хөвчийн мод ногоорч хөхөө шувуу донгодов. Огторгуйн мандалд наран гийж, дэлхийн хөрсөнд цэцэг ногоо дэлгэрч байвч Хонгорзулын нүд уйтгарын мананд хучаастай. Тэр сэтгэл булаам ялдам сайхнаар инээмсэглэдэг байснаа ч мартжээ.
Зуны тэргүүн сарын нэг өдөр Гарьдын бэр оргож гэнэ гэж нутгийнхан ярилцлаа.
Хонгорзул бид хоёр яг энүүхэн хавьд уулзсан юм. Тэгээд эх нутгийн маань уул хөвч, ой мод хар элэгтэн, харгис санаатнаас биднийг нууж, ариун усаараа ундалж амтат жимсээрээ тэжээсэн юм.
Хонгорзул дахиад цэцэглэн сэргэлээ. Зуны цэлмэг шөнийн түмэн түмэн од хайрлан ширтэж, цаст уулын сэрүүн салхи энхрийлэн илбэж, жигүүртэн шувуу тойрон жиргэж, хөх хад хөмөгтөө хоргодуулж, ногоон ой сүүдрээрээ халхалж байлаа.
Баян Гарьдын тэнэг хүү араа шүдээ хавирч, ар өвөрт гарч хагархай хэнгэрэг шиг паржигнаж, хамаг амьтныг түйвээж байжээ.
Хонгорзул үнэхээр цэцэгнээс мэндэлсэн юм. Тэгэвч айл амьтан адуу малын барааг мөрөөдөх болж, бид хөвчийн гүнээс эргэж ирлээ. Тэгтэл гай дайрч Гарьдын хар тэнэг миний анд явсан хойгуур Хонгорзулыг олоод боож алсан юм.
Би гашуудал хилэнгийн туйлд хүрч Гарьдын тэнэг хүүгийн тархийг нь хага дэлсэж, гэр оронг нь түймэрдээд монголын хязгаар нутагт хулжин одож билээ.
Хуучин цаг улирч, хувьсгалын цаг эхлэхэд би буцаж ирсэн юм. Дүү минь чи тэгэхэд өлгийтэй хүүхэд байжээ гээд хонгорзул цэцгийн зөөлхөн бөмбөлгийг илбэн:
-Хөөрхий миний Хонгорзул ийм л цэцэгнээс мэндэлсэн юм даа гэж хоолой зангируулан өгүүлж билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх