Баяр, гуниг хослуулан туулсан Тосон Заамарын хөндий

2019 оны 06-р сарын 24 өдөр, 10 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
65391218_2621893161182785_4616865083266433024_n_large

Төв аймгийн Заамар сум гэхээр хэн хүнгүй сайн мэдэх биз ээ. Хөрс нь эргэж, шороо тоос бужигнах хөндийд алт дагасан амьдрал буцалж байдаг. Техниктэй нь мотор хангинуулж, техникгүй нь шуудайгаар шороо зөөн түмпэнгээр алт угааж, амьжиргаагаа залгуулахаар тэмцэлдэнэ. Энэ л дүр төрх Алт хэмээх хөтөлбөр эхлэх цагаас үүсэлтэй бөгөөд олон жил үргэлжилсэн хэвээр байна.

Алтны хойноос улайрч Заамарын хөндийг ийм дүр төрхтэй болгожээ

Цагтаа энэ нутаг морины дөрөө шүргэсэн өвстэй, зуд турхан болдоггүй, хаврын хатуу цагт ч өнөтэй байдаг болохоор Тосон Заамар хэмээн нутгийн зон олон нэрийддэг болсон түүхтэй газар. Гэвч Алт хөтөлбөр эхэлснээр Тосон Заамар бус тоос шороонд дарагдаж, хөрс нь эргэсэн Заамар болон хувирсан билээ. Бараг л сарны гадаргуу мэт тийм л орчин нөхцөлтэй болсоор удлаа. “Эрэл” компаниар овоглогдох эрхэм Б.Эрдэнэбатын үүрэг оролцоо ч чамгүй бий. Түүний аж ахуйн нэгж тухайн газар нутгаас алт олборлодог байсан бөгөөд Тосон Заамарыг тоос шороотой хутгах ажлыг гардан хийсэн нь өдгөө түүх болон үлджээ. Байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлыг тавьсан ч дүр үзүүлээд л өнгөрсөн гэхэд болно. Өдгөө ч ул мөр нь бий. Ер нь, алт олборлогчдын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр байгаль сүйдэж буйг хэн хүнгүй ярьдаг. Нөхөн сэргээх ажлаа дутуу хийдэг нь ч нууц биш. Төрийн бус байгууллагуудын зүгээс ч үүнийг хэлсээр байна. Саяхан Заамарт алт олборлогч нарын асуудлыг хөндсөн зүйл сошиалаар нисэв. Нэлээд шуугиан дэгдээгээд амжсан. Туул голыг там болгож байна, байгаль орчныг бохирдууллаа гэсэн шүүмжлэл дагууллаа. Энэ асуудал хэр бодитой болохыг нүдээр үзэх зорилготой “Ариун суварга” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Чагнаадорж болон “Мөнх ногоон тогтвортой сан”-гийнхантай тухайн бүс нутгийн зүг хүлгийн жолоо залсан юм.

Товчхон өгүүлэхэд нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувийг алтны орд газар эзэлдэг. 1980-аад оны дунд үед Заамарын бүлэг ордын нөөцийг тогтоож, тооцоог нь гаргажээ. Анх 1981 онд Дарханы геологи хайгуулын экспедицийн “Туулын-3” дугаар анги олборлолт, хайгуул хийж эхэлсэн түүхтэй. Сүүлд Оростой хамтарсан анги болтлоо өргөжсөн байдаг.

Он цагийн эргэлтэнд алт дагасан иргэдийн хөлд газар нутаг талхлагдаж ёстой л там гэдэг болсон. “Нинжа” хэмээн цоллогдох нөхдөөс авахуулаад жижиг том компаниудын хариуцлагагүй үйлдлээс үүдэлтэйгээр Тосон гэдэг нэрнээсээ салж, тоос шороо бужгинасан нутаг болов. Сарны гадаргуу мэт харагдах эл нутгийн хөөрхийлөлтэй тавилан өдгөө ч хэвээр. Шинжлэх ухаан техник хөгжсөн эрэн үед эрхэм хүндэт “нинжа” нар нь түмпэн барьж гүйхээ болиод бага гэлтгүй техникжээд амжжээ. Тээрэм, машин, хайгуулын багаж гээд бүх зүйлтэй болж. Халуун дулааны цагт алтны төлөөх дайн Заамарт ид явагдаж байна. Ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж гэдэг шиг л зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй аль нь болох нь мэдэгдэхгүй хэдэн зуун газар орвонгоор нь эргүүлж, овоолсон шороон дунд хүн техник хоёр цаг, минуттай уралдан хөлхөнө.

Төрийн бус байгууллагынхантай хэд хэдэн газраар орж зөвшөөрөл, байгалийн нөхөн сэргээлт хийдэг эсэхийг тодруулахыг зорилоо. Гэв ч дарга нь байхгүй, зүгээр манаачийн ажил хийж байна, би хөлсний ажилтан болохоор мэдэхгүй байна гэсэн хариулт өгөх хүмүүстэй таарав. Магадгүй тодорхой хариулт өгч чадахгүй, бичил буюу техникжсэн “нинжанууд” байсан нь гарцаагүй. “Ариун суварга” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Чагнаадорж гуай ч үүнийг хэлж байлаа. Нөхөн сэргээлтийн талбайгүй, ганц мод байтугай зүлэгч суулгадаггүй хэмээн халаглаж, талхалсан талбайг нь гунигтайхан ширтэж зогссон юм. Энэ талбай дахин хэзээ сэргэх бол, хэн нөхөн сэргээх вэ гэсэн бодол төрснөө нуух юун. Алтны төлөөх дайнд хөрс хуулж, байгалиа сүйтгэх монголчууд ирээдүйгээ харахгүй л байх шиг. Маргаашаа бодохгүй зөвхөн өнөөдрөөрөө амьдарсаар л байх уу. Хэдийгээр өнгө мөнгөний хорвоо болсон цаг ч гэлээ маргааш таны үр хүүхэд энэ улсдаа аж төрнө гэдгийг мартах учиргүй. Тэдэндээ хөрс шороо нь бургисан дайны талбар мэт газар шороо үлдээх хатуу сэтгэл гаргаж болох уу. Байгаль ээждээ хайр гамгүй хандсан нүд хальтрам дүр төрх Заамарын хөндийд л байна. Байгаль ээж хүн та нар шиг хэлж чаддагсан бол хэчнээн ихээр орь дуу тавин хашгирах байсан бол гэсэн харуусал, гуниглал тээсээр тэрхүү газраас цааш хөдөллөө.

Тоосонд дарагдсан Заамарын хөндий ногоон төгөл болох цаг айсуй

Сошиал ертөнцөөр нэгэнтээ шуугиан дэгдээсэн өнөө алдарт алт олборлогч компаниар орох хүсэлт гаргасан юм. Бүгд л нэгэнт ирснийх тус газрын бодит дүр төрхийг харахыг хүсч байсан гарцаагүй. Ингээд “Монполимет” группийн харьяа Тосон үйлдвэрийн зүг хурдалцгаав. Кэмпийнх нь үүдэнд очиход харуул залуу дурын хүн орж гарч болохгүй тухай дүрэм, журмаа танилцуулахад Г.Чагнаадорж гуай өөрийн үнэмлэхээ үзүүлж учир байдлаа тайлбарласнаар учир байдлаа ойлголцлоо. Ийнхүү тус үйлдвэрийн дарга нар хүлээн авч уулзан үүссэн нөхцөл байдлын талаар багахан тайлбар өгсөн юм. Мөн биднийг өөрсдийн ажилтай танилцаж, сошиалд ниссэн мэдээлэлтэй адил эсэхийг өөрсдийн нүдээр харж, бодиттой баримттай буцахыг урилаа. Үйлдвэрийн удирдлагуудын зүгээс хийсэн товч танилцуулгыг сийрүүлбэл:

“Монполимет” ХХК нь 1996 оноос Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумын нутагт орших Баянгол, Тосонгийн дэнжийн болон гольдролын шороон ордуудад ашиглалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлт, нөхөн сэргээлтийг хамтад нь хослуулж, хариуцлагатай уул уурхайн жишиг болсон Тосон үйлдвэрт өдгөө 500 гаруй инженер техникийн ажилтнууд ажилладаг юм байна. 1999 онд Тосонгийн гольдролын 321А тоот тусгай зөвшөөрлийг Канад улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Заамар Гоулд Фийлдс” ХХК эзэмшиж байсныг үндэсний үйлдвэрлэгч “Монполимет” ХХК шилжүүлэн авч гадаад улсын мэдэлд байсан баялгаа Монголчууд өөрсдөө авснаар одоо Тосон үйлдвэрээс гарах ашиг орлого Монгол хүний цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, цэцэрлэг сургууль, эмнэлгийн төсвийг бүрдүүлэхэд зарцуулагдаж байгаа гэнэ.

Уул уурхайн салбарт 30-аад жил мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагаагаа явуулж байгаагийн зэрэгцээ орчин үеийн дэвшилтэт техник технологийг улсдаа нэвтрүүлэн томоохон бүтээн байгуулалтуудыг амжилттай хэрэгжүүлжээ. Мөн Монгол Улсын хэмжээнд “Уурхайн хаалт ба нөхөн сэргээлт” онол практикийн бага хурал, үзүүлэх сургалтыг МХЕГ болон Германы хамтын ажиллагааны BGR төсөл, Монголын Байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо бусад байгаль орчны төлөөх ТББ-уудтай хамтран дөрвөн удаа зохион байгуулснаа дуулгалаа. Үүнээс гадна байгалийн нөхөн сэргээлтийн талбай бий болгоод чамгүй хугацаа өнгөрчээ. Энэ ч утгаараа байгалийг байнгын эзэмшил тордолт, хараа хяналттай болгож, нутгийн хүн амд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг бүрдүүлж, ISO 14001 стандартыг нэвтрүүлэн ажилладаг байна. Тодруулбал, Тосон уурхайн биологийн нөхөн сэргээлт, ургамалжуулалт хийгдсээр байгаа бөгөөд орд газрын суналтын дагуу модны ногоон төгөл байгуулж байна. Одоогийн байдлаар тус уурхайд ойжуулалтын ажлаар нийт 5,5 км урттай 5 хэсэг ойн төгөлийг байгуулжээ. Үүнд улиас, хайлаас, бургас, чацаргана, үхрийн нүд, торлог зэрэг нийт 80000 гаруй модыг тарьж ургуулан арчилсаар байгаа аж. Ийнхүү тариалахдаа нутгийн иргэдийн санал бодлыг ч авсан төдийгүй нутгийнхны хүсэлтээр жимсний бут суулгаж, иргэдэд эргээд үр өгөөжөө өгөх жимсний мод суулгаж, төгөл үүсгэжээ.

Мөн бэлчээрийн ургамал тариалахын өмнө хөрсний үржил шимийн үзүүлэлтийг тодорхойлж, хөрсний шинжилгээг тогтмол хийхээс гадна агро техникээр борнойдох, булдах, сийрэгжүүлэх зэргээр хөрсийг боловсруулж бэлтгэсний дараа байгалийн гаралтай нэмэлт био бордоогоор борддог юм байна. Ерөнхийдөө ОХУ болон дотоодын олон төрлийн олон наст бэлчээрийн ургамал болох шар царгас, согоовор, өлөн өвс, ерхөг, хиаг, ботууль зэрэг бэлчээрийн ургамлаас гадна олон наст зүлэгний үрийг дангаар нь болон хольж тариалжээ.

Дээрх мэдээллийг өгсний дараа олборлолтын нөхцөл, ногоон төгөлтэй танилцуулах аялалд хөтөллөө.

Бодит байдал ба сошиал “шантааж”

Нүдээр үзэх чихээр сонсох хоёрт ялгаа бий гэдэг үнэн. Монполиметийнхэн байгальд ээлтэй, эх орноо, ирээдүйгээ гэсэн бодлого барьдаг нь худлаа биш аж. Замд үзсэн нүд хальтрам зураглал энд л үгүй болов. Үнэхээр эко системээ эвдэхгүйгээр алт олборлож, эргээд нөхөн сэргээж болдог юм байна гэдгийг үзэв. Бий болгосон ногоон төгөл, үүсгэсэн нуур, цөөрөм, бэлчээр гээд бүгд хэлж байсантай нь дүйцэх. Гэхдээ энэ бүхэн зөвхөн эхлэл нь. Цаашид уг газраа өргөжүүлж, байгалийн үзэсгэлэнг хослуулсан аялал жуулчлалын бүс болгох зорилготой гэнэ. Үүсгэсэн хиймэл нуур нь цэнгэг устай бөгөөд загас жараахайн диваажин болжээ.

Хэдхэн км-ийн наана цаана хоёрт ямар их ялгаа байна вэ гэсэн бодол төрж, хүйтэн сэтгэлээр эх нутаг, байгаль дэлхийдээ хандаж буй тэрхүү хүмүүст гомдож, гуниглах, нөхөн сэргээлтийн талбай, ногоон төгөлийг харж эргээд сэргэнээ байгаль ээж минь хэмээн баярлах хоёр хосолсноо нуух юун.

Драгийн үйлдвэр болон Тосон үйлдвэрийн тухай таагүй мэдээлэл түгэн, Туул голыг там болгосон, дотор нь алт угааж байна гэх асуудал ч бас л ор үндэсгүй болж хувирав. Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын 19-нд Төрийн бус байгууллагын нэрээр нэр бүхий иргэн тэрхүү мэдээллийг түгээсэн байна. Хүмүүс драгийн үйлдвэр болон Тосон үйлдвэрийн технологийн онцлог, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг зориуд, захиалгатайгаар олон нийтэд илт гүтгэн гуйвуулсан, эрээ цээргүй мэдээлэл цацаж удаа дараа түгээсэн явдалд харамсаж байгаагаа тэд илэрхийллээ. Гэхдээ энэ нь анхны тохиолдол биш гэнэ. Өмнө нь буюу 2015, 2018 онуудад гүтгэн, “шантааж” маягаар үйл ажиллагааг нь бусдад хар буруугаар ойлгуулах оролдлогууд хийсэн байна. Энэ үйлдлийг нь улс төрийн захиалгатай эсэхүл мөнгө авах гэсэн санаархалтай айлган сүрдүүлэлт байж болзошгүй гэж тэд үзэж байлаа. Мөн мэргэжлийн уул уурхайн компанийн хувьд уул уурхайн салбарын хууль дүрэм зөрчөөгүй, Усны тухай хуулийн 22-р зүйлд заасны дагуу онцгой хамгаалалтын бүс болон Туул голд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй гэдгээ хэлж байсан юм. Энэ нь ч хэн бүхний нүднээ илхэн, бэлхэн харагдана.

Бодит үнэн, нөхцөл байдлын талаар “Ариун суварга” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Чагнаадорж “Аливаа зүйл хоёр талтай байдаг. Үнэхээр байгаль дэлхийгээ гэсэн сэтгэлтэй нэгэн байхад нэр барьж гүйх хүн ч бий. Монполиметийн хувьд үнэхээр байгаль орчинд ээлтэй технологиор алт олборлодог газар. Гол дотор алт угааж байна гэхээр итгэж өгөөгүй юм. Голын хязгаарлалтын бүсээс гадна драгийн цөөрөм үүсгэн олборлолт явуулж байгааг та бүхэн харлаа. Сошиалд тавьсан мэдээлэл шиг гол дотор биш байна. Тиймээс мэдээлэл түгээхдээ бодит байдлыг гуйвуулахгүй байхыг л хүсье. Тэр мэдээлэл түгээсэн хүмүүс яагаад хөрсийг нь ормонгоор нь эргүүлээд нөхөн сэргээлт хийдэггүй нөхөдтэй хатуу тэмцэхгүй байгаа нь л гайхаж сууна” хэмээн толгой сэгсрэн ярьсан юм.

Ийнхүү уншигч авхай танд олон зүйл нуршилгүй бодит үнэн болон харж үзсэнээ хүргэлээ. Тоосонд дарагдсан хөндий төгөл болох цаг айсуй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх