Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буйгаар, өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар өдөртөө +30 хэм хүрч халах төлөвтэй байгаа юм. Тиймээс эдгээр өдрүүдэд наршихаас сэргийлэх арга хэмжээ авах, ялангуяа бага насны хүүхдийг автомашиндаа хараа хяналтгүй орхихгүй байхыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна.
Учир нь, зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гаднах орчноос даруй 20-30 градусаар нэмэгддэг аж. Тухайлбал, гадаа +25 градус байхад түгжээтэй автомашин дотор 45-55 градус хүрдэг тул бага насны хүүхдээ автомашиндаа хараа хяналтгүй үлдээх нь эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл учруулж болзошгүй болохыг анхаарууллаа.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР