Залуу эрдэмтдэд тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олголоо

2019 оны 06-р сарын 20 өдөр, 15 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
64788122_459842611511525_6547487302686343168_n

Бүтээлч, шинэлэг санаа дэвшүүлсэн бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох боломж бүхий 10 залуу судлаачийн төслийг дэмжиж, тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олголоо. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэтгэлгийн батламжийг гардуулах үеэр хэлсэн үгэндээ “шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт, судлаачдаа дэмжих ажлыг төр олон жилээр орхигдуулж ирсэн ч цаашид анхаарч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай” гэдгийг онцлоод залуу эрдэмтдийн бүтээлүүд улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Энэ жилийн тэтгэлгийн шалгаруулалтад 36 төсөл ирснээс “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам”-ын дагуу сонгон шалгаруулж, дараах нэр бүхий 10 судлаачид олгосон байна.

ЦЭРЭНДОНДОГИЙН ТЭНГИС
(Хиймэл оюун ухаанд суурилсан дроны хөгжүүлэлт)
ЧИМЭДСҮРЭНГИЙН ЖАВЗАНДУЛАМ
(Ингэний сүүгээр пробиотик бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн оновчтой шийдлийг сонгох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх инновацийн судалгаа)
АЮУРЗАНЫ ОДГЭРЭЛ
(Улаанбаатар хотын усны тоолуурын автомат системийн хөгжүүлэлт)
БОЛДЫН БАЯРМАА
(Фотодинамик аргаар ургамлын эмгэгтөрүүлэгчдийг идэвхгүйжүүлэх судалгаа)
БАТСАЙХАНЫ БАТБОЛД
(Вирүсийн шалтгаант элэгний архаг үрэвслийн үед элэгний фиброзын зэргийг цусан дах цитокинуудын тусламжтайгаар тодорхойлох боломж)
БОЛДБААТАРЫН ЧИНЧУЛУУН
(Хүн, малын зооноз бэтгийн халдварыг оношлох фермент холбох эсрэг биеийн урвал /ФХЭБУ/-ын цомог гарган авах)
БАДАРЧИЙН ЭНХДОЛГОР
(Мангирын – allium senescens l чанарыг судлах ба тэжээлийн үйлдвэрлэлд нэвтрүүлэн мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх)
САМГАЙН ОДОНЧИМЭГ
(Бага агуулгатай алт тодорхойлох эко дэвшилтэт аргачлал боловсруулах нь)
ИГОРИЙН ДАВААЖАРГАЛ
(Монгол оронд тариалагдаж байгаа хүлэмжийн нарийн ногооны вирусын халдварын илрүүлэг, оношлогоо)
БОЛДЫН ОДГЭРЭЛ
(Буудайн соёолжид агуулагдах антиоксидантын судалгаа)

Тэтгэлгийг 2010 оноос эхлэн докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгож эхэлсэн юм. Одоогоор уг тэтгэлгийг 96 залуу доктор хүртээд байна.

Тэтгэлэг гардуулах ёслолд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал С.Намсрайжав нар оролцож, залуу эрдэмтдэд баяр хүргэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх