Залуучуудыг аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Нийслэлийн Залуу хөтөч” сургалтад нийт 313 залуучууд бүртгүүлж, амжилттай суралцсан 227 залуучууд батламжаа гардан авлаа.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Аялал жуулчлалын газар хамтран “Нийслэлийн Залуу хөтөч” аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэг олгох сургалтыг 3 дахь жилдээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дэмжлэгтэйгээр 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 19-ний өдрүүдэд нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулсан юм.
Сургалтад хамрагдан, батламжаа гардан авсан суралцагч Б.Үнэнбат “Өмнө нь аяллын хөтчийн талаарх өнгөцхөн ойлголттой байлаа. Харин энэхүү сургалтад хамрагдсанаар аяллыг эрсдэлгүй, сонирхолтой зохион байгуулах хөтөлбөр хэрхэн гаргах вэ?, дэлхийн олон орны соёлын ялгааны талаарх ойлголт, эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн хүргэх, Монгол орныхоо соёлын дурсгалт газруудын талаарх мэдээлэл зэрэг олон талын цогц мэдлэгийг богино хугацаанд аялал жуулчлалын чиглэлээр мэргэшсэн багш нараас авсандаа баяртай байна.” гэлээ.
Амжилттай суралцсан залуучуудаас сургалтын агуулгын хүрээнд эссэ бичих болон тестийн шалгалт авч өндөр оноо авсан 90 залуучууд өнөөдөр “Сити Тур” хотын автобустай аялалд хамрагдан, Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт газруудаар мэргэжлийн хөтчийн хамт танилцах дадлага хийв гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.