ХХААХҮЯ-ны харьяа “Малчин лавлах-109” тусгай дугаарт 13.000 гаруй дуудлага иржээ

2019 оны 06-р сарын 18 өдөр, 17 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
109 lavlah

ХХААХҮЯ-ны харьяа “Малчин лавлах-109” мэдээллийн төв ажиллаад хагас жил гаруйн хугацааг үдэж байна. Тус төвийн тусгай дугаар руу аль ч үүрэн телефоны дугаараас залгасан үнэ төлбөргүй бөгөөд өглөө 08:00 цагаас үдшийн 22:00 цагийн хооронд малын түүхий эд, мал, махны үнэ ханш, цаг агаарын мэдээ,  арьс, шир ноосны урамшуулал, малчны тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгал, ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийн талаар үнэн зөв, түргэн, шуурхай мэдээллийг малчдад хүргэж байна.

“Малчин лавлах-109” утасны операторууд алдсан, олсон малын зарыг тэмдэглэн авч ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт мэдэгдэхээс гадна өндөр хандалттай алдсан малын чиглэлийн фесбүүк группүүд болон сайтууд, “Эх орон” телевизээр 7 хоногийн 5 өдөр 16:00 цагаас нэвтрүүлж байна.

Мөн ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй “Малчин лавлах-109” мэдээллийн төв хамтарч ажилласнаар мал хулгайлдаг хоёр бүлэг этгээдүүдийг илрүүлж, шалгаж байна. Мөн “Малчин лавлах-109” мэдээллийн төвд тэмдэглэгдсэн бүх зарыг орон нутгийн цагдаагийн байгууллагад нь мэдэгддэг юм.

Өнгөрсөн хагас жилийн хугацаанд “Малчин лавлах-109” тусгай дугаарт 13.000 гаруй дуудлага ирээд байна.

“Малчин лавлах-109” тусгай дугаарт ирсэн дуудлагыг аймаг, сум, үүрэн оператораар нь ангилдаг юм. Тус дугаарт хамгийн их дуудлагыг Өвөрхангай-2186, Төв-1914, Архангай-1165, Увс-860, Хөвсгөл-856 ирүүлжээ. Харин дуудлага хийсэн иргэдийн 45.58 хувь нь Жи-Мобайлын хэрэглэгч байсан бол 36.13 хувь нь Юнител, 10.61 хувь нь Мобиком, 5.68 хувь нь Скайтел, 1.97 хувь нь суурин утасны хэрэглэгчид байна.

Одоогийн байдлаар алдсан малын 300 гаруй, олдсон малын 17 зар иржээ. Үүнээс манайд алдсан малаа бүртгүүлэн зарлуулсны үр дүнд 53 малчин малаа олоод байна. Эдгээр 53 малчид дундаас алдсан малаа жилээс дээш хугацаагаар хайж байгаа 5 малчин байсан юм.

“Малчин лавлах 109” мэдээллийн төвөөс долоо хоног бүрийн пүрэв гарагт 21 аймгийн Засаг дарга болон ХХААГ-ын дарга, Мал эмнэлгийн газрын дарга нараас 332 сумын цаг үеийн байдлын судалгааг авч байна. 2019 оны 1 сарын 24-ний өдрөөс хойш 19 удаагийн судалгааг авчээ. Судалгааг тухайн цаг үеэс нь хамаараад өвөлжилт, хаваржилт, зуншлага, цас, бороо, шар усны үер, хур тунадас, цаг агаар, хуурайшилт, мал төлөлт, малын хорогдол, худаг усны хүрэлцээ хангамж, үлийн цагаан оготнын тархалт, түүхий эдийн үнэ ханш зэрэг чиглэлээр авсан байна.

Мөн малчдаас санал, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлж ажиллаж байна.

Тогтмол интернет, веб сайтуудаар орж мэдээлэл авч амждаггүй малчид маань “Малчин лавлах-109” дугаарт үнэгүй холбогдон мал аж ахуйн холбогдолтой бүхий л мэдээ мэдээллийг нэг дор түргэн шуурхай авах боломжтой юм.

 Эх сурвалж: ХХААХҮЯам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх