Санхүүгийн зохицуулах хороо нь 2018 оны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр зайны болон газар дээрх хяналт шалгалтын дүнг үндэслэж “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээрх эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөгөө” батлан ажиллаж байна. Нэгдүгээр улиралд нэр бүхий 29 мэдээлэх үүрэгтэй этгээдэд Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалаар баталсан удирдамжийн дагуу, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шалгалт эхлэх өдөр хүртэлх хугацааны үйл ажиллагаанд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хяналт шалгалт хийлээ.
Шалгалтын явцад дараах нийтлэг зөрчил дутагдал илэрсэн. Үүнд:
-Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтын дагуу дотоод хяналтын хөтөлбөр батлаагүй, баталсан хөтөлбөрийг сайжруулаагүй, дотоод эрсдэлийг үнэлэх тогтолцоог бүрдүүлэх болон тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан холбогдох журмуудыг батлаагүй;
-Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.11 дэх заалтын дагуу “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод журам”-ын хэрэгжилтийг хариуцах, байнгын хяналт тавих үүрэг бүхий ажилтныг томилоогүй, томилсон ажилтны эрх, үүргийг тусгаагүй;
-Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтын дагуу “…20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны гүйлгээний тухай мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй” гэж заасны дагуу тухай бүр мэдээлээгүй зэрэг зөрчил байна.
Мөн II улиралд нэр бүхий 57 мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд Санхүүгийн зохицуулах хорооны даргын 393 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалт хийв.