Гэмт хэргийн гаралт буурчээ

2019 оны 06-р сарын 05 өдөр, 14 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police

Цагдаагийн байгууллага нь 2019 оны эхний 5 сарын байдлаар 246.018 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэжээ. Энэ нь сард 49.203, хоногт 1.640, цагт 70 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн гэсэн үг юм.

Энэ хугацаанд улсын хэмжээнд 15.800 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 10.740 буюу 68.0 хувь нь Улаанбаатар хотод, 5.015 буюу 31.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Гэмт хэргийн гаралтыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт гэмт хэрэг 2.180 буюу 12.1 хувиар, Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэмт хэрэг 2.643 буюу 19.7 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарсан байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /хулгайлах, залилах, дээрэмдэх гэх мэт/ 9.595, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 3.645 бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 17.9хувиар, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13.4 хувиар тус тус буурчээ. Дээрх 2 бүлгийн гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн 83.8 хувийг эзэлж байна.

Энэ хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн 9.6 хувь нь согтуугаар, 3.4 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 2.0 хувь нь хүүхэд оролцож үйлдсэн бол 75.0 хувь нь ажлын өдрүүдэд, 28.5 хувь нь шөнийн цагаар, 31.5 хувь нь гэр орон сууцанд, 18.3 хувь нь гудамж талбайд үйлдэгджээ. Гэмт хэргийн улмаас 842 хүүхэд хохирсон бол 385 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.

Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 29.3 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 6.8 хувиар өссөн байна.

2019 оны эхний 5 сарын байдлаар 15.298 хүн гэмт хэргийн улмаас хохирсон нь 1.9 хувиар, 3.705 хүн гэмтсэн нь 3.5 хувиар тус тус буурч иргэн, хуулийн этгээдэд учирсан 16.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 29.3 хувиар өсжээ.

Цагдаагийн байгууллага согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэг, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор захиргааны чиг үүрэг бүхий албан хаагчдын хүчийг татан оролцуулах, иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нэг хором”, “Зөв тусгал” зэрэг томоохон арга хэмжээ явуулах зэрэг иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон ажил, арга хэмжээ зохион байгуулснаар гэмт хэргийн гаралт, гудамж талбайд зонхилон үйлдэгддэг хулгайлах, дээрэмдэх зэрэг гэмт хэргүүд буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх