Зургадугаар сарын 1 буюу Эх үрсийн баяраар Европт ажиллаж, амьдарч буй монгол эмэгтэйчүүд чууллаа. “Эмэгтэйчүүд: Боловсрол, шинжлэх ухаан ба инновац” сэдвийн дор дотоод гадаадад эрдэм судалгааны ажил хийж байгаа судлаач, эрдэмтэд илтгэл тавьж гурван чиглэлээр салбар хуралдаан хийсэн чуулга уулзалтын зорилго нь шинэ шинэлэг санаа олох, туршлага судлах, мэдээлэл солилцох, бизнес хамтын ажиллагааны сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх байлаа. Найм дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй чуулга уулзалтад Герман, Польш, Недерланд, Бельги, Чех, Монгол, Турк, Австри, Англи, Швед, Итали, Шотланд зэрэг Европын орнуудад ажиллаж, амьдарч буй 120 гаруй эмэгтэйчүүд түүнчлэн УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч, Монгол-Шведийн парламентын бүлгийн дарга Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нар оролцсон юм.
Чуулга уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа,“Юун түрүүн сайн дурын үндсэн дээр, оюун санааны нэгдэл дээр цуглаж, чуулж буй та бүхэндээ Эх үрсийн баярын мэнд хүргэе! Миний хувьд УИХ-ын гишүүн, Монгол-Шведийн парламентын бүлгийн даргын хувьд Швед оронд албан ажлаар ирчихсэн байх үедээ эмэгтэйчүүдийнхээ чуулга уулзалтад оролцож буйдаа маш их олзуурхаж байна. Монгол-Шведийн парламентын бүлгийн даргаар ч санамсаргүй байдлаар томилогдоогүй. Одоогоос 16 жилийн өмнө Сүхбаатар дүүргийн засаг даргаар ажиллаж байхдаа Шведийн хоёр хотын халамжийн төвийн үйл ажиллагаатай танилцах завшаан тохиоож байсан. Тэр үед энэ нийгэм бол хүний төлөө нийгэм гэдгийг ойлгосон. Нийгмийн хамгааллын бодлого, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг ямар өндөр түвшинд дээдэлдгийг өөрийн нүдээр харж тэр цагаас хойш цөөхөн хүн амтай, газар доорх баялаг ихтэй, өргөн уудам нутагтай Монгол орны хувьд тодорхой цаг хугацааны дараа эдийн засаг сэргэсэн тэр үед хүн рүүгээ чиглэсэн нийгмийг хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхдээ Шведийн загварыг аваасай, түүнд нь боломжоороо гар бие оролцохсон, нөлөөлөх юмсан гэж мөрөөддөг болсон. Тийм ч учраас Монгол-Шведийн парламентын бүлгийн даргаар ажиллах саналаа УИХ-д тавьж шийдвэрлүүлсэн. Ажиллах хугацаандаа улс эх орныхоо хөгжилд энэ улсын сайн туршлагааас нэвтрүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Дашрамд Европт ажиллаж, амьдарч буй монгол эмэгтэйчүүдээ жил бүр цуглуулж, уулзуулж, эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, хөгжлийг нь дэмжих чиглэлээр ажиллаж ирсэн Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Энхжаргалд талархал илэрхийлье. Тэр дундаа энэ жил шинжлэх ухаан, технологи, инновацийн сэдвийн дор хурал чуулганаа зохион байгуулж, түүнд нь оролцож буйдаа би маш их олзуурхаж байна. Та бүхэндээ улам их амжилт хүсье” гэлээ.
Шинжлэх ухаан, технологийг инновацтай хослуулж байж улс орон эрчтэй, зөв хөгжинө гэдгийг олон жишээн дээр тайлбарласан илтгэлүүдийг Европын улсуудад мэргэжлээрээ ажиллаж, амьдарч буй Монголын эрдэмтэн судлаачид тавьсанаас гадна хилийн чанад дахь эх хэл соёлын багш нарын хэлэлцүүлэг, сургалт болсон юм. БСШУСЯ, Швед улсад суугаа Монгол Улсын ЭСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-ын дэмжлэг, хамтын оролцоотойгоор зохион байгуулагдсан сургалт, хэлэлцүүлгийн үеэр Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын сургалтын албаны дарга Ш.Оюунцэцэг эх хэлний багш нарт сургалт явуулж цаашид хамтран ажиллахаар болсон нь багш нарын талархлыг хүлээлээ.
Гадаадад амьдарч байгаа монголчуудын хувьд “шүдний өвчин” болоод буй асуудлын нэг хүүхдүүдээ яаж монгол хэл соёлоо давхар эзэмшүүлж хос хэлтэй болгох. Энэ талаар эмэгтэйчүүд, багш нар чухалчилан хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа БСШУС-ын сайдаар ажиллаж байхдаа дээрх асуудалд бодлогын түвшинд анхаарал хандуулан ажиллаж байснаа онцлоод цаашид Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүний хувиар уг асуудалд үргэлжлүүлэн анхаарч, бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.
Хүрэлсүхээ энэ байлай авгай нараас салаачээ. Цогзолмаа, Хоролмаа. Билэгт гм