Даатгагч бүрийн бизнесийн үйл ажиллагаа, хэтийн зорилго ялгаатай тодорхойлогдсон байдаг тул тэдгээрт учрах эрсдэл, эрсдэл хүлээн авах сонирхол болон эрсдэлийг хүлээн авахтай холбоотой хөрөнгийн хүрэлцээт байдал нь мөн харилцан адилгүй байдаг. Иймд даатгагч бүр дахин давтагдашгүй, өөрийн бизнесийн онцлог, стратегид нийцсэн өөрийн эрсдэл ба төлбөрийн чадвараа үнэлэх аргачлалыг тодорхойлох шаардлагатай талаар хөгжиж буй эдийн засгууд эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцооны хүрээнд зөвлөж, хэрэгжүүлж байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжих ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэх хүрээнд “Даатгагч өөрийн эрсдэл ба төлбөрийн чадвараа үнэлэх заавар”-ыг боловсруулан туршилтаар хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү заавраар даатгагчийн эрсдэл болон төлбөрийн чадвараа үнэлэх арга, аргачлалын загварыг тогтоосон ба ингэснээр даатгагч өөрийн компанид учирч болох эрсдэлийг урьдчилан таних, түүнийгээ хэмжих, зохистойгоор удирдах, хянах, тайлагнахтай холбоотой харилцааг зохицуулах юм. Уг зааврын дагуу даатгагч байгууллагын бүтэц, зохион байгуулалт, эрсдэлийн удирдлагын стратегид тохирохуйц бизнесийн үйл ажиллагаанд учирч болох эрсдэлийн онцлог, цар хүрээ, харилцан хамааралтай шинж чанарыг харгалзан хамгийн тохиромжтой, хангалттай аргачлал, техникийг багтаасан эрсдэл болон төлбөрийн чадварыг үнэлэх аргачлалыг боловсруулах бөгөөд уг аргачлалын дагуу жилд дор хаяж нэг удаа өөрийн компанийн эрсдэлийн үнэлгээг хийх шаардлагатай. Даатгагчийн өөрийн эрсдэл ба төлбөрийн чадварын үнэлгээ нь “Байгууллагын эрсдэлийн удирдлага”/Enterprise Risk Management/-ын нэг хэсэг бөгөөд бизнесийн үйл ажиллагаатай маш нарийн уялдах шаардлагатайгаас гадна даатгагч одоогийн эрсдэлийн багц, эрсдэлийн удирдлагын бодлого, хөрөнгийн чанар, түвшин нь зохицуулагчаас тавьж буй шаардлагыг хангаж байгаа эсэх, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд одоогийн эрсдэлийн багцад гарч болох өөрчлөлтүүдийг үнэлэх замаар өөрийн ирээдүйн санхүүгийн байр суурийг тодорхойлох үндэс болох юм.