“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат захирал сэтгүүлчдэд “Эрлэгийн элч” шиг хандах нь таалагдсангүй

2019 оны 05-р сарын 31 өдөр, 12 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erdene


Сэтгүүлчийг хэн дуртай нь загнах болоо юу гэж бодогдох. Хэдхэн хоногийн өмнө “Эрэл” компаниар овоглодог Б.Эрдэнэбатаас сэтгүүлчид Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдээллийн мөрөөр хэдэн асуултад хариу нэхэж,яагаад авсан зээлээ төлөхгүй байна вэ гэдгийг тодруулах гэв. Түүний ихэмсэг ярьж байгааг анзаарвал,Хөгжлийн банкнаас авсан зээлийг графикийн дагуу ямар ч асуудалгүй төлж байгаа, ЗГХЭГ-ын дарга Б.Оюун-Эрдэнэ дэгэс догостой мэдээлэл тараасан бололтой болчихов. Тэр ч байтугай зээлийг 2026 онд төлж дуусна,тэр үед асуу гэсэн шаардлагаар сэтгүүлчийн амыг таглах дөхөв. Улс орны эдийн засаг хүндхэн байгаа ч барилгын салбарт “Эрэл” компани амжилт ундруулж байгаа,төрөөс гэрэгэ шагнуулсан,Байшин үйлдвэрлэх комбинатын ажил маш сайн байгаа гэх мэт хариулт ар араасаа хөврүүлсэн Б.Эрдэнэбат захирал сэтгүүлчдийг илт басамжилсан байдлаар хандаж байсан нь эрхгүй үзгээ шүүрэхэд хүргэв.  Сэтгүүлч мэдээлэл түгээх,асуух эрхтэй. Яагаад асууж болохгүй гэж. Асуусныхаа төлөө бас загнуулах,доромж үг сонсох ёстлй юу. Уучлаарай,тийм юм байхгүй шүү.

Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдээлэл олны анхаарлын төвд байна. Түүний ярьснаар,Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнууд зээлдэгчдэд давуу байдал олгосон нь ноцтой асуудал юм.

“Хөтөл” ХХК, “Мон лаа” ХХК, “ТОСК” ТӨҮГ, “Мак цемент” ХХК, “Кью эс си” ХХК, “Бэрэн грүпп”, “Эрэл” ХХК, “Монгема” ХХК зэрэг компани  9.9-355.5 тэрбум төгрөгийн зээл авсан боловч эргэн төлөлт нэг ч удаа хийгээгүй байгааг Л.Оюун-Эрдэнэ дарга онцлоод “Чингис”, “Самурай”, Евро бонд бусад эх үүсвэрээс 2012-2016 онд Хөгжлийн банкаар дамжуулан зээл авсан эдгээр аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон асуудлыг хууль, хяналтын байгууллагынхан шалгах шаардлагатай гэсэн юм. Тиймээс шалгалтын дүнг АТГ-т өгч байгаагаа мэдэгдсэн.

Авах болохоороо алгаа тосон царай алдсан атлаа өгөх болохоор яагаад хойш суув гэдгийг “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатаас сэтгүүлчид асуусан нь тэр.

Хөгжлийн банкийг цөлөмчихсөн биш үү гэдгийг сэтгүүлчид нэлээд нухацтай асуухад Б.Эрдэнэбат захирал ихэд уурсангуй,бас дээрэлхэнгүй  харагдав. Түүнийг Монголын улстөр,эдийн засаг,бизнесийн салбарт мартагдахааргүй бараан ул мөр үлдээсэн нэгэн гэдгийг олноороо мэдэх билээ. Учир нь түүний тухай сайн гэхээсээ илүү тааруухан мэдээ  давамгайлдаг. Тухайлбал, АН-ын үед Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, дараа нь 9 сая ам. доллар зээлээд эргэн төлөөгүй. Уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Шалгалтынхан гэрт нь нэгжлэг хийхээр ирэхэд байцаагчийг дорд үзэж, биед нь халдаж, төрийн хуулийг эсэргүүцэж байсан Б.Эрдэнэбат захиралд Эрүүгийн хуулиар хэрэг үүсгэж,ял асууж байсныг хүмүүс санаж буй.

Нэгэн цагт  “Эрэл” нэртэй компани байгуулсан нь бараг Б.Эрдэнэбатын овог мэт болж байсан түүхтэй. Өр зээл тавин бизнес цэцэглүүлсээр “Эрэл”-ийн вант улсыг байгуулж хэтэвчээ зузаатгасаар улстөр рүү явж орсон. “Эх орон” гэх гэр бүлийн нам байгуулж багагүй манаргасан. Улстөрд мөнгөтэй хүн ордог жамаар УИХ-ын гишүүн, бүр сайд ч болж байсан. Түүний карьер хүрээгээ тэлэх тусам  улсын хөрөнгө мөнгө идсэн уусан, татвараас 27 тэрбум төгрөг зувчуулсан гэх мэт мэдээ хэвлэлийн хуудас, телевиз,радиогоор өдөр алгасахгүй сонсдох болсон. Заримыг дурдвал,

-Б.Эрдэнэбат Өвөрхангай аймгийн Уянга суманд алт олборлож бизнесээ хөл дээр нь босгосон. Анх алт олборлохдоо Уянга сумыг Монголын Швейцарь болгоно гэж гоё ярьж байсныг нь нутгийн иргэд өнөөг хүртэл мартсангүй.

-Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Алт” хөтөлбөрийн амтанд орсон “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат болон түүний нөхөд сар болгон Солонгост очиж казино тоглодог,тэрбум төгрөг намын байранд хандивладаг, нам байгуулдаг томоохон хөрөнгөтнүүд бий болжээ гэж хэлж байсан. Өнгөрснийг “Эрэл”-ийн эзэн мартсан байж болох ч ард түмэн амар мартана гэж үгүй.

Б.Эрдэнэбат ханашгүй шуналтай нэгэн. Монголын төр рүү зүтгэсэн нь ч  учиртай. Эрчим хүчний сайд байх үед нь УИХ-ын олонхи гишүүд түүнийг огцруулах гэж байсан нь  хэвлэлийн шар хуудаснаа үлджээ. Хэрэв тэрээр мартсан бол заримыг сануулъя. “100 мянган нарны гэрэл” хөтөлбөрийн хэрэгжилтэд шалгалт хийсэн АН-ын ажлын хэсэг 2006 оны төсвийн тайланг шүүж байгаад малчдыг нарны зайгаар хангахаар төсөвт суулгасан 8,5 тэрбум төгрөгийн 5,6 тэрбумыг нь Түлш, эрчим хүчний сайд дур мэдэн өөр зvйлд зарцуулж төсвийн хууль зөрчсөнийг тогтоосон. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын зөвлөл Б.Эрдэнэбат сайдыг  огцруулах санал тавиад хүчин мөхөсдсөн юм. Өмнө нь 2,4 тэрбум төгрөгийг “тендерт ялсан” гэх Солонгосын компанид шилжүүлээд алдсан Б.Эрдэнэбат сайдыг УИХ огцруулж дөнгөөгүй юмдаг. Энэ мэтчилэн олныг нуршиж болох.

Монголын улс төрийн тайзнаас нэгэнт буусан Б.Эрдэнэбат сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотыг утаанаас нь арилгах ганц гарц шийдлийг хэрэгжүүлэгч, гэр хорооллыг барилгажуулах их бүтээн байгуулагч хэмээх дүрд хувилан “жүжиглэж” байгаа нь өр зээлээ төлөхгүй гэсэн башир арга байх талтай

2012 оноос улстөр рүү орох боломжгүй болсон түүний хувьд зээл авах,том төсөл  хэрэгжүүлэх ганцхан зорилготой болжээ. Б.Эрдэнэбат том хүүдээ компаниа өвлүүлэн үлдээгээд өөрөө Америк, Англид жаргалтайяа амьдарч байгаа  хааяахан хоймор нутагтаа саатсан шигээ нам гүм аж төрөх болжээ гэх мэдээ дуулдаж байсан ч тэр удаан амарсангүй. 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн шинэчлэлийн Засгийн газрын байгуулсан Хөгжлийн банкны Чингис бондын хөрөнгөнөөс ямар ч барьцаагүйгээр 23 сая ам.долларын зээл авч дөнгөв. Их хэмжээний зээл авч бизнесээ босгох,хөлжиж бэлжих нь хаана ч байдаг. Хамгийн хачирхалтай нь,зээл авахдаа ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр авдгийг од гэх үү,аз гэх үү. Түүний зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байгаа эсэх нь эргэлзээтэй гэдэгт зээлдүүлэгчид эргэлзэж эхэлжээ. Хэвлэлээр мэдээлж буйг анзаарвал, тийм ч бахархмаар мэдээ үл дуулдана. Б.Эрдэнэбат өнгөрсөн оны 11 сард zarig.mn сайтад өгсөн ярилцлагадаа, “Чингис бондоос авсан зээлийн эргэн төлөлт хэвийн байгаа” гэж мэдэгдээд, “хууль хяналтын байгууллагын шалгалт эцэслэн дууссан” гэсэн байх юм. Уг нь зээлийг хэн ч авч болно,харин цаг хугацаандаа төлж байх учиртай. Гэвч “Чингис”, “Самурай” бондын хэрэгжилтийг хянах үүрэг бүхий Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны эхээр хийсэн шалгалтаар Хөгжлийн банкны 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчлийг илрүүлсэн билээ. Хөгжлийн банкинд эргэн төлөгдөөгүй дээрх зөрчил дотор “Эрэл” ХХК Байшин үйлдвэрлэх комбинатыг шинэчлэх төслийн хүрээнд зээлсэн 23 сая ам.долларыг эргэн төлөөгүй нь тодорхой болсон.
Улсаас ямар ч барьцаагүйгээр авсан зээл л дээ тэр нь. Гэтэл авсан зээлээ цагт нь төлөх нь байтугай шалгалтаар ирсэн мөрдөн байцаагчийн биед халдаж танхайрсан. Ер нь Б.Эрдэнэбат эрүүгийн хэрэгт холбогдлоо,шалгалаа л гэдэг. Нэг л мэдэхэд,”сүнс,сүүдэр” шиг явж л байдаг. Монголын хууль түүнд зөөлдөөд байх шиг.

Улаанбаатар хотын Засаг даргаар С.Батболдыг байх үед  “Эрэл” ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинатынхаа үйл ажиллагааг танилцуулж байсныг нь мэдэх юм.  “100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг 14 хоногт барьж чадна”, “Эрэл компани орон сууцныхаа нэг м.кв-ийг 1.2 саяас доош үнэтэй байлгана” хэмээн сайхан ярьж билээ. Үүний үр дүнд Хотын даргатай нийгмийн салбарын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд хамтран ажиллах бүтээн байгуулалтын санамж бичиг байгуулж байсан даа. Б.Эрдэнэбат гоё ярьж чаддаг атлаа зээл төлөх болохоор “луу унждаг” нь сонин.

Алтнаас маш их ашиг олсон ч улсын татварт зохих ёсны орлого бүрдүүлээгүй харин ч завшсан түүх түүнд бий. Дандаа л “нэмэх” үзүүлэлттэй,ашигтай байх тавилан хэнд ч заяадаггүй юм гэсэн. Харин Б.Эрдэнэбат бизнесийн бүх он жилүүддээ улсыг хохироож, зөвхөн өөртөө ашиг олж байсныг Монголын төр эрхбиш “хазаарлана” гэдэгт найдах л үлдэв. Үнэнийг мэдэх,олонд түгээх гэсэн сэтгүүлчдийг “чи мөрдөн байцаагч юм уу,чамд хамаагүй” гэж дахин битгий дорд үзээрэй,Б.Эрдэнэбат захирал аа.

Сэтгүүлч Л.Эрдэнэчимэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх