Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч, ноён Алейн Пилоу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Алейн Пилоу тус байгууллага Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 1.4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулсан. Тус банкнаас оруулж буй хөрөнгө оруулалт 100 хувь хувийн хэвшил рүү чиглэж ирсэн гэж уулзалтын эхэнд тэмдэглэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурал хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Улаанбаатар хотноо болж буй талаар мэдээлэв.
Тэрбээр Монгол Улс эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банктай тогтоосон хамтын ажиллагаа чухал ач холбогдол үзүүлж байгааг онцолсон юм.
Уулзалтын үеэр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Алейн Пилоу тус банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөв.
Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол Улсад баримтлах стратеги төлөвлөгөөндөө тусгасан үндсэн чиглэлийн нэг нь олборлолтын бус буюу уул уурхайн бус салбарыг хөгжүүлэхэд чиглэж буйг онцлов. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх станцууд барих, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалт, хүнсний үйлдвэрлэл, ноос ноолуур, жижиг дунд үйлдвэрлэл, банк санхүү, үйлчилгээний 100 гаруй төсөлд санхүүжилт олгожээ. Цаашид хотын хөгжлийн чиглэлд хатуу хог хаягдал боловсруулах, агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээвэрт дэвшил гаргах, бохир ус цэвэршүүлэх байгууламжийг сайжруулах, дулаан хангамж, хот төлөвлөлтийн талаар хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа танилцууллаа.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хувийн хэвшилд оруулсан хөрөнгө оруулалтын томоохон хэсгийг Оюутолгойн хөрөнгө оруулалт эзэлдгийг ноён Алейн Пилоу дурдаад, Монгол Улсын Их Хурлаас баримталж буй бодлого чиглэлийн талаар тодруулж, асуусан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Миний хувийн байр суурь бол Монгол Улсын Засгийн газар болон салбарын яамны байр суурийг зөв гэж үзэж байгаа. Үүнийгээ ч Ажлын хэсгийнхэнд илэрхийлсэн. Манай талаас “Рио Тинто”-д хоёр талдаа ашигтай шийдлүүдийг санал болгосон. Гэвч тэдний тал ямар нэгэн шийдвэрт хүрэлгүй 1.5 жил болж байна. Үүнээс болж гэрээний нөхцөлийг сайжруулах талаар зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа. Бид төслийг сайжруулж үр дүнтэй болгохын тулд үйлдвэрлэл, татварын нөхцөл гээд бүх асуудлыг эв зүйгээр шийдэхийг хичээж байна. Гэрээ зөрчсөн болон татвартай холбоотой асуудлууд ч бий. Гэсэн ч “Рио Тинто” мөн л хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байгаа. Тэд ямар нэгэн шийдэл гаргаж, хариу өгвөл Монгол Улсын Засгийн газар аль аль талын ашиг сонирхлыг харгалзан, нээлттэй, эрх тэгш шийдвэрлэхэд бэлэн байгаа гэдгийг хэлье. Дэлхий ертөнц нээлттэй болсон цаг үед бидний бүх зүйл ил тод байх болно. “Рио Тинто”-гийн баримталж буй байр суурьт шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэн далангүй хэлье.
Мэдээж энэ бол бизнес. Бидний зүгээс ч анхаарах ёстой асуудал бий. Эцсийн дүндээ аль аль талын эрх ашиг хамгаалагдаж, харилцан ашигтай хамтран ажиллах зарчим хэрэгжих ёстой” гэж хэлэв.
Ноён Алейн Пилоу “Би таны хэлснийг зөв гэж үзэж байна. “Рио Тинто”-гийн хувьд ямар ч байсан зөвшилцөлд хүрэх нь дамжиггүй. Ямар нэг байдлаар яриа хэлэлцээр болох нь гарцаагүй. Хэрэв та бүхэнд туслалцаа хэрэгцээтэй бол бид туслахад бэлэн байна” гэв.