С.УЯНГА
Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм нь зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа энэ удаагийн зочноор Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарыг урьж ярилцлаа.
– Юуны өмнө хошой тэргүүний аймгаар шалгарсанд баяр хүргэе. Алдаа, оноогоо цэгнэж амжив уу?
-Манай аймаг 2017, 2018 оны ажлын дүнгээр шилдэг болж Ерөнхий сайдаас батламжаа гардаж авлаа. Гол өрсөлдөгч болох Орхон, Дарханаас дэд бүтэц, төмөр замаараа дутуу байгаа. Харин Цахилгаан станц, Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр зам баригдчихвал өрсөлдөх чадвар сайжирна. Энэ жил авлигын төсөөлөл, тогтолцоо, хянах механизм, ил тод хариуцлагын үзүүлэлт ахисан. Мөн аймгуудын ажлыг дүгнэхэд харгалздаг хамгийн чухал үнэлгээ болох иргэдийн сэтгэл ханамж өмнөх жилээс 2.2 хувиар нэмэгдсэн байна лээ. Тэгэхээр бидний хийж, хэрэгжүүлж байгаа ажил иргэдэд тодорхой хэмжээгээр хүрч байна гэж урамшиж байна.
Дээр нь есөн агентлаг маань салбартаа тэргүүлсэн.Сар бүр удирдлагуудын шуурхай зөвлөгөөн хийж, ажлын үр дүнг нь сонсч, шахаж шаардаж заримд нь хариуцлага тооцож, урамшуулдаг.
– Бүтээн байгуулалт бол хөгжил. Гэхдээ түүнийг бүтээхийн тулд хүнээ хөгжүүлэх нь чухал. Хүнээ хөгжүүлэхийн тулд эрүүл байлгаж, сурч боловсруулж, ажилтай байлгах хэрэгтэй.
Өмнөговь бусад аймгаас онцлогтой. Хамгийн том газар нутагтай мөртлөө цөөн хүн амтай. Харин сүүлийн 10 жилд хүн ам өсч 45 мянгаас 68 мянга болсон. Үүн дээр бүртгэлгүй, уул уурхайд ажилладаг хүмүүсийг нэмбэл 130 гаруй мянга болно. Мөн Монгол Улсын нүүрсний экспортын 90 хувь, зэсийн баяжмал, байгалийн үзэсгэлэнт баян бүрд, уужуу хөдөлмөрч ард түмэнтэй. Мега төсөл, бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгаа аймгийг удирдана гэдэг баг хамт олон, төр засаг, ард түмний тусламж дэмжлэггүйгээр төсөөлөх аргагүй. Орон нутаг, яам, тамгын газраас гадна иргэд олон нийттэй хамтран шийдвэрлэх асуудал олон бий.
-Орон нутаг, хамт олноо удирддаг ажлын зарчим арга барилыг тань сонирхмоор байна?
-Миний үндсэн мэргэжил цэргийн хүн болохоор ажлаа маш сайн төлөвлөдөг. Мөн хүмүүст ажлыг нь хуваарилж өгөөд эргээд хариуцлага, хяналтыг сайн тавихыг хичээдэг. Дээд сургууль төгссөнөөс хойш голдуу төрийн албанд ажилласан учраас арга барил тодорхой хэмжээгээр суусан байх. Би ажлаа иргэдээ сонсохоос л эхэлсэн. 2016 онд мөрийн хөтөлбөрөө боловсруулахаас өмнө бүх суманд очиж, байгууллага алгасахгүй орж, иргэдтэй уулзсан. Аймгийн төвийн нэг ч байгууллага үлдээгээгүй. Ингэж Өмнөговьд хийх ажил, тулгамдсан асуудал юу байгааг нэг бүрчлэн гаргаж ирсэн. Мөн “Оюутолгой” компанитай хамтарч нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг судалж анализ хийсэн. Дээр нь иргэдийн саналыг нэмэхээр ерөнхий чиг баримжаа гарч ирж байгаа юм. Ингэж олон талаас нь харж нухаж судалж байж мөрийн хөтөлбөрөө “Бид хамтдаа” нэртэйгээр боловсруулж, ИТХ-аар батлуулсан.
Ажил аваад ахмад, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, такси эрхлэгчид, үсчин гоо сайхан гээд уулзаагүй хүн байхгүй. Салбар бүрийн төлөөлөлтэй долоо хоног бүр өглөө 08:00-09:00 цаг хүртэл санал бодлоо солилцдог. Ингэхээр хүмүүс жаргал зовлон, санаа оноогоо ярьдаг юм байна лээ. Энэ бүгдийг нийлүүлээд Мөрийн хөтөлбөртөө 20 дэд хөтөлбөр болгож оруулснаар Ахмадын хөдөлмөр эрхлэлт, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих ажлууд хийгдэж байна. Элэгний B, C вирус устгах “Элэг бүтэн өмнөговьчууд”, хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах “Эрүүл шүд” гээд олон хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна.
-Та залуучууд, төрийн албан хаагчдыг гадаадад сургах, хэлний тал дээр онцгой анхаарах юм. Төгссөн сургуультай холбоотой юу?
-Би 2007 онд ангил хэл сурсан. Дараа нь АНУ-д бизнесийн удирдлагаар, Калифорнийн их сургуульд мастер хамгаалсан. Тэр үед энэ сургуульд Монгол залуус, тэр дундаа Өмнөговиос илүү олон залуучууд сураасай гэх зэргээр олон санаа төрдөг байлаа. Ийм санаа зорилгын үүднээс хөтөлбөрүүд маань амжилттай хэрэгжиж байгаа. Тухайлбал, залуучуудын мэдлэг боловсролыг дээшлүүлж, гадаадад туршлага судлуулдаг Зөгийн үүрт 500 гаруй залуу хамрагдсан бол Англи хэлний 45 багшийг Энэтхэг, Филиппинд мэргэжлийг нь дээшлүүлсэн. 20 залууг Тайванийн их сургуульд төрийн удирдлагын магистраар сургаж байгаа нь 2020 онд төгсч ирээд Өмнөговьд англи, хятад, орос хэлтэй мэргэшсэн 20 залуу ирж төрийн албанд ажиллана.
-Аль ч салбар хүний хөгжлөөс хамаарч байна. Хүнээ хөгжүүлэхээс гадна ажилтай, орлоготой байлгахад мөрийн хөтөлбөртөө цөөнгүй ажил төлөвлөсөн байна лээ?
-Бүтээн байгуулалт бол хөгжил. Гэхдээ түүнийг бүтээхийн тулд хүнээ хөгжүүлэх нь чухал. Хүнээ хөгжүүлэхийн тулд эрүүл байлгаж, сурч боловсруулж, ажилтай байлгах хэрэгтэй. Эрүүл байхын хувьд өнгөрсөн жилийг зориуд эрүүл мэндийн салбарыг дэмжих жил болгож 20-иод тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Аймгийн төвийн бүсийн эмчилгээ оношлогооны төвийн шинэ барилга, сумдад эмнэлэг барихаас гадна тоног, төхөөрөмжөөр хангаж байна. Боловсролын салбарт хөрөнгө оруулахад онцгой анхаарсан. Шинэ сургууль, цэцэрлэг барих, анги танхимуудыг тохижуулахаас гадна хүүхдийг чадваржуулах хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Боловсрол гэхээр зөвхөн сургуулийн хүүхэд биш төгсч ирсэн болон төрийн албан хаагчдаа дотоод гадаадад сургаж эхэлсэн. Аймгийн төвд гэхэд орон нутгаас цалинжуулаад англи хэлний хичээл үнэгүй явагдаж байдаг. Олон улсын байгууллагатай хамтраад гадаадын сайн дурын ажилтнуудыг авчирч сургуулиуд дээр ажиллуулахаас гадна Боловсрол соёл, Эрүүл мэндийн газар дээр гадны мэргэжилтнүүд ажиллаж зөвлөгөө өгдөг. Энэ мэтээр салбар бүрт 3-4 хөтөлбөрийг санаачилсан нь нэлээдгүй үр дүнгээ өгч байгаа юм болов уу гэж харж байна.
Өмнөговь ирээдүйн 50-100 жилд улс орныг чирч явах томоохон бүтээн байгуулалт бүхий аймаг болохоор зорьж байна. Тиймээс инженерчлэлийн мэргэжлийн хүмүүс хэрэгтэй учраас физикийн улсын олимпиадыг анх удаа аймагтаа зохион байгуулж багш, сурагчид том амжилт гаргалаа. Ахлах ангийнхны дунд олон хөтөлбөр хэрэгжүүлж орон нутгийг чадвартай оюунлаг хүмүүс хөгжүүлэх бодлого баримталж байна.
– Өмнөговь ирээдүйн 50-100 жилд улс орныг чирч явах томоохон бүтээн байгуулалт бүхий аймаг болохоор зорьж байна.
-5000 ажлын байр бий болгох зорилтынхоо хэдэн хувийг биелүүлээд байна вэ?
-2016 онд уулзсан хүн бүр ажлын байр ярьж байсан. Тиймээс 5000-аас доошгүй ажлын байр бий болгох зорилт тавьж уул уурхайн компаниудтай хамтарч эхэлсэн. Тогтвортой олборлолт явуулж байгаа уул уурхайн 11 компани бий. Тэдэнтэй гэрээ хийхдээ орон нутгийн хүмүүсийг ажилд авах, аймгийн үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах, тухайн баг, сум, аймагтаа хөрөнгө оруулах чиглэлийг баримталсан. Дээрээс нь байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлыг тусгадаг. Уурхайнуудтай хамтраад жил болгон ажлын байрны нээлттэй өдөрлөг хийж хэвшлээ. Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийг уурхайнуудын хүний нөөцтэй холбож ажилгүй иргэдийн мэдээллийг сар бүр солилцдог системд шилжсэн. Гэтэл ажилд орох хүн бага байна. Өмнөговь аймаг өнгөрсөн жил 103.8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийж барилга, ногоон байгууламж, худаг ус, хөдөө аж ахуй гээд маш олон ажлын байр бий болоход ажил хийх хүн олдоогүй. Статистик үзүүлэлт харахад 2018 онд 1406 ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн төвшин 9.1 функтээр буурсан байна лээ. Удахгүй Тавантолгойн цахилгааны станц, Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр зам, МАК-ийн 45 км төмөр замын ажил гээд асар их ажиллах хүчин хэрэгтэй болно. Яг өнөөдөр аймагт ажил идэвхтэй хайж байгаа иргэн 300 бий. Эдгээр хүмүүс яагаад ажилд орохгүй байна гэдгийг судлахад нас хэтэрсэн, хөгжлийн бэрхшээлтэй, нэлээдгүй нь 2.5 саяас дээш төгрөгийн цалин шаардсан байдаг. Үнэгүй, дээрээс нь тэтгэмж өгнө гэхэд л залуучууд ирэхгүй байна. Туслахын ажилд өдрийн 35000, уурхайнууд сарын сая төгрөг амлаж, нэг ямааг 8000 төгрөгөөр самнуулья гэхэд очих хүн алга.
-Өмнөговь аймгийн хөгжлийг уул уурхайтай холбож тайлбарлаж мэднэ. Гэхдээ уул уурхайтай аймаг бүр ингэж хөгжихгүй байх. Хөрөнгө оруулалтыг хэрхэн хуваарилж, юунд зарцуулахад багагүй ухаан шаардана биз дээ?
-Мэдээж уул уурхайн хөрөнгө оруулалт нөлөөлнө. Гэхдээ зөв зохистой зарцуулах менежмент удирдлагын арга барил, салбараа оновчтой олох, үнэлэх л хамгийн чухал. Уул уурхайтай гээд бүх орлогыг авдаггүй. Томоохон аж ахуйн нэгжүүд Татварын ерөнхий газартай харьцдаг, нийслэлд бүртгэлтэй учраас гол татварууд улсын төсөвт шууд ордог. Харин хувь хүний орлогын албан татвар, үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашигласны төлбөр, авто тээврийн хэрэгслийн хураамж орон нутагт төвлөрнө. Аймгийн төсөв сүүлийн жилүүдэд өсч энэ жил 200 тэрбум төгрөгөөр батлагдсаны 80 хувь нь уул уурхайгаас хуримтлагдсан.Аймгийн эдийн засагт голлодог Тавантолгойн 51 хувь нь орон нутгийн өмч учраас ноогдол ашиг авдаг. Энэ компани ашигтай ажиллавал татварын хувь хэмжээ өснө. Үүний хажуугаар бид улсын төсөвт орлого төвлөрүүлдэг. Өнгөрсөн жил 65 тэрбум төгрөг төвлөрүүлж, үүргээ гүйцэтгэсэн.
-2016 онд мөрийн хөтөлбөрөө боловсруулахаас өмнө бүх суманд очиж, байгууллага алгасахгүй орж, иргэдтэй уулзсан. Аймгийн төвийн нэг ч байгууллага үлдээгээгүй. Ажил аваад ахмад, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, такси эрхлэгчид, үсчин гоо сайхан гээд уулзаагүй хүн байхгүй. Ингэж Өмнөговьд хийх ажил, тулгамдсан асуудал юу байгааг бүгдийг нэг бүрчлэн гаргаж ирсэн.
-Аймгийн төсвийг хуваарилахын хажуугаар үргүй зардлыг бууруулахад хэрхэн анхаарч байна вэ. Тухайлбал, Засаг даргын нөөц хөрөнгө шүүмжлэл дагуулдаг?
-Хурлын төлөөлөгчид, иргэдийн саналыг судалж байж төсвөө баталдаг бол тооцоолох боломжгүй зардал бас бий. Байгалийн гамшигт үзэгдэл, тэмдэглэлт баяр, гадаад, дотоодын зочин төлөөлөгчдийг угтах, бэлэг дурсгалын зүйл авах зэргээр урьд жил нь мэдэгдэхгүй зардал гарна. Нөгөө талаас өвдсөн, сандарсан хүмүүст эмчилгээний зардал, сургалтын төлбөрийн дэмжлэг гээд хэрэгцээ шаардлага бий. Энэ нь зарим талаараа хүмүүст шүүмжлүүлдэг ч зориулалтын бусаар, үргүй зарцуулж байгаа ажил бас биш юм. Сүүлд Сангийн сайдын тушаалаар нөөц хөрөнгөний зарцуулалтыг тодорхой болгосон.
-Аймгийн нутаг дэвсгэрт Цагаанхад, Гашуунсухайт гээд асуудал, ачаалал ихтэй газар бий. Нэлээн удаан ярьсан ч нэг л цэгцэрч өгөхгүй байх шиг. Шийдэх боломж нь хэр байдаг юм бэ?
– Төсвийн хуулиас эхлээд салбар бүрийн хууль дүрмийг харахад орон нутгийн хөгжил ярихад хэцүү. Үндсэндээ гол салбар, агентлагийн үндсэн төсөв, орон тоо, цалин мөнгийг дээрээс шийддэг. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, Тамгын газар, Засаг даргын эрх мэдэл хязгаарлагдмал. Төсвийн эрх мэдлийг орон нутагт нь өгчихвөл юунд хөрөнгө оруулах, орон тоог нэмж, хасах гээд илүү үр дүнтэй байдлаар зохицуулаад явах боломжтой. Тухайлбал, эмнэлгээ сайхан болгочихоод шинээр ирсэн тоног төхөөрөмж дээр ажиллах чадвартай хүн авья гэхээр орон тоог яамнаас баталдаг болохоор хүндрэлтэй.
Хоёр дахь том зовлон бол удирдлагын төвлөрөл. Аймгийн Засаг даргад томилдог хүн тун цөөн. Тамгын дарга, сумдын Засаг дарга, цөөн агентлагийн даргаас бусад хууль хүчний байгууллага гээд 21 агентлагийн талаас илүүг дээрээс нь томилдог. Орон нутагт хамгийн ойр ажиллах ёстой Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээ, Улсын бүртгэл, статистик босоо удирдлагатай.
Боомтыг цэгцлэх гэхээр гааль, мэргэжлийн хяналт, хилийн цэрэг, гадаадын иргэн харьяат гээд бүгд босоо удирдлагатай. Нэг яваад очиход л асуудлаа мэдэхгүй огт өөр хүн ирчихсэн байдаг. Дээрх дөрвөн байгууллага дээрээсээ хүмүүс нь томилогдож солигдож байдаг учраас ямар ч зохион байгуулалтгүй, тус тусын чиг үүрэгтэй. Боомтын хөгжил, бүтээн байгуулалтаас эхлээд наад захын ажлыг зохицуулах, шаардлага тавих чиг үүрэг, эрх мэдэл аймгийн Засаг даргад байхгүй. Гэхдээ зүгээр суухгүй байнга л очиж байна. Сайдыг урьж газар дээр нь ажиллуулах, эсвэл өөрөө сайд нарт тайлбарлах байдлаар ажиллахаар өөр замгүй. Тиймээс орон нутгаа хөгжүүлье гэж байгаа бол хуулиудаа өөрчилж Засаг дарга нэртэй эрх мэдэл муу, ажил хийх боломж хомс байдлыг халмаар байна.
– Статистик үзүүлэлт харахад 2018 онд 1406 ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин 9.1 функтээр буурсан байна лээ. Яг өнөөдөр аймагт ажил идэвхтэй хайж байгаа иргэн 300 бий.
-Өмнөговь аймгийн хувьд орон нутгийн хөгжлийн гол зангилааны нэг нь аялал жуулчлал шүү дээ?
-Эдийн засгийг бүрдүүлдэг гол салбаруудын хувьд уул уурхай, мал аж ахуйн дараа аялал жуулчлал ордог. Хэдийгээр байгалийн үзэсгэлэн болоод түүнийг сонирхож байгаа жуулчид хангалттай байгаа ч төр засгаас анхаарахгүй бол дэд бүтэц үнэхээр тааруу. Бусдаар бол аялал жуулчлалын цогцолборуудын үйлчилгээ, боловсон хүчин харьцангуй сайн. Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулж Ёлын ам, Мухар шивэрт рүү орон нутгийн хөрөнгөөр 85 км зам тавих зэргээр бага багаар шийдэж л байна. Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг түшиглээд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлвэл орлого олох ирээдүй бий. Хилийн цаахан талд Альшаа аймагт жилд гурван сая жуулчин ирдэг. Тэдэнд жуулчлах сонирхол байгаа ч виз, дэд бүтцээс эхлээд шийдэх асуудал их байна.
-Зарим аймагт улстөржилт газар авч намуудын талцлаас болж төрийн ажил гацаж байна. Танай аймгийн хувьд улстөржилт хэр байна вэ?
-Бусад аймгуудыг бодвол харьцангуй гайгүй. Бүх аймаг суманд хоёр нам байгаа учраас ямар нэг байдлаар улстөржиж, ажилд саад тээг болж заавал нэгийгээ харлуулах гэж зүтгэх юм. Сонгууль дөхөөд одооноос улстөржилт эхэлж байна. Саяхан манай аймагт байгалийн гамшиг боллоо. Тэр өдөр би орон нутагт ажиллаж байхад сошиалаар гадаадад зугаалж байна гэх мэдээлэл гарах жишээтэй. Ялангуяа улстөржилт хамгийн их байгаа сумын түвшинд намгүй болгох зэргээр цаашид улс төржилтийг багасгахад Үндсэн хуулиас эхлээд хууль эрхзүйн орчноо сайжруулах шаардлагатай. Америк шиг хатуу гишүүнчлэлгүй болгох зэргээр өөрчлөлт хийхгүй бол хий улстөржилт хөгжлийн чөдөр тушаа болж байна.
– Уул уурхайн орлогыг зөв зарцуулах менежмент удирдлагын арга барил, салбараа оновчтой олох, үнэлэх л хамгийн чухал.
-Танд зөвхөн Мөрийн хөтөлбөр, сонгуульт дөрвөн жилээр хязгаарлагдахгүйгээр орон нутгаа хөгжүүлэх зорилго, амбиц бий байх?
– Хөрөнгөө олон тийш нь үргүй зарцуулах биш жилд хоёр салбараа онцолж дэмждэг. Өнгөрсөн жил бүтээн байгуулалт, эрүүл мэндийг дэмжих жил болгосноор эрүүл мэндийн салбар маань үндсэндээ бослоо. Эхийн эндэгдэлгүй болж, нярайн эндэгдэл буурсан, тоног төхөөрөмжүүдээ шинэчилж, төв хөдөөгүй бүтээн байгуулалтууд өрнөж иргэдийн сэтгэл ханамж сайжрах зэргээр гарт мэдрэгдэх үр дүн гарч байна. Энэ жил хөдөө аж ахуй, үйлдвэрлэгчдийг дэмжих жил болгож, салбараас Соёлын салбарыг сонгож авсан. Уул уурхай, түүхий эд, жижиг дунд үйлдвэрлэлдээ тулгуурлаж энэ гурван салбараа холбох зорилгоор ажлаа эхлүүлсэн.
Төрийн үйлчилгээг цахим болгосон e-office системийг бусад аймгуудаас түрүүлж нэвтрүүлж цаасгүй аймаг болсон. Төрийн албан хаагчид гадаадад, хөдөө хаана ч явсан бичиг, тоот, захирамж төлөвлөгөө тасралтгүй явагдаж л байна. Тогтоол шийдвэр гараад гурван минутын дотор аймаг, сумын төрийн байгууллагад хүрдэг нэгдсэн сантай болсон. Үүнийг дагаад шуудангийн зардал, цаасны маш их зардал хэмнэсэн. Өргөдөл гомдлыг цахимаар авч, хэн гэдэг албан тушаалтан ямар хугацаанд шийдэж байгаа нь шууд харагдана. Иргэд кодоороо хариугаа мессеж, мэйл, бичгээр авч болно. Төрийн үйлчилгээний нэгдсэн төв ашиглалтад оруулж нэг цэгийн үйлчилгээг аймагтаа “авчирсан”. Сумдын Тамгын газрын шинэ барилгууд нэг давхартаа дандаа нэг цэгийн үйлчилгээтэй. Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээгээ нэвтрүүлчихвэл гадаад паспорт захиалах, лавлагаа авах гээд сумаас аймаг руу ирэх шаардлагагүй болно гээд эхлүүлсэн, бодож төлөвлөсөн ажил мөн ч их байна. Хамгийн сүүлд хийж байгаа ажлаас дурдвал, төрийн бүх үйлчилгээг “аваад” “Хөдөлгөөнт баг” тав хоног бүх сум, багт, иргэний гэрийн ойролцоо хүрч үйлчилж байна.
2015 онд аймгийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Тэр үед аймгийг бүсчлэн хөгжүүлэх хөтөлбөрийг 15 жилийн хугацаатай баталсан нь 2021 онд дуусч байна. Бид энэ жил Үндэсний хөгжлийн газар, эрдэмтэн, багш, судлаачидтай хамтраад Өмнөговь аймгийг хөгжүүлэх 15-20 жилийн хөтөлбөр боловсруулахаар төлөвлөж Ажлын хэсэг гаргасан. Бүх талын оролцоо, төлөвлөгөөг хангасан нэлээд бодитой хөтөлбөр боловсруулахын тулд эхнээс нь их нямбай, цэгцтэй, судалгаатай байхаар зорьж байна. Аймгийнхаа хөгжлийг 20-30 жилээр харж, наана нь дөрвөн жилээр төлөвлөөд явбал ямар ч нам эрх барьсан бай хөгжлийн хөтөлбөр нь урт хугацааныхдаа хайрцаглагдаж уялдаж явах юм.
– Хөрөнгөө олон тийш нь үргүй зарцуулах биш жилд хоёр салбараа онцолж дэмждэг.
Үндэсний хөгжлийн газар, эрдэмтэн, багш, судлаачидтай хамтраад Өмнөговь аймгийг хөгжүүлэх 15-20 жилийн хөтөлбөр боловсруулж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.5.29 лхагва №110 (6077)