Энэхүү нийтлэлийг бичихээс урьтан аз жаргалтай хүүхдийн дүр зургийг толгой дотроо гүйлгэн харлаа. Бага охины минь инээдтэй сүлэлдсэн, миний багын төрх санаанд бууна. Зургаан наснаас өмнөх дурсамжгүй би , гурван үрийнхээ хайраар өөрийн алдагдсан дурсамжийг сэргээн засаж яваа нэгэн эмэгтэй. Өдрөөс өдөрт өсөн , ухаан нэмэх үрсээ хараад жаргадаггүй ээж , аав байдаггүй биз! Эгээ л нэгэн суут сэтгэгчийн хэлснээр “ Үртэй мөртлөө уйтгарлан суугч эмэгтэйг дор үзэж болно “ гэсэн үгс толгойд бууна. Өнөө бид харин яагаад үрсээ энд тэгэж эндэж, тэнд тэгэж алга боллоо гэх мэдээг сар болгон сонсож жил болгон санаа алдан суунам…
Аз жаргалтай хүүхдийг ярихын тулд аз жаргалын тухай бодох нь дараагийн алхам юм. Жаргал гээч нь өөрөө, зовлонт бодол, үйлдлээс ангид аливаа оршихуйн анхны төлөв гэлтэй. Яг л үр эхийнхээ хэвлийд ороод арван хоёр долоо хоногийн дараа эхийнхээ дууг сонсон аниргүйд амгалан хөвөх шиг тийм л хөнгөн мэдрэмж. Хүүхдийн хосгүй нүднээс бид бас л тийм л хоёргүй мэдрэмжийг авдаг. Тэд аливааг сайн , муу гэж ангилахыг даанч үл хүртэн эргэн тойрон бүхэндээ өгөөмөр бяцхан алгаа сунгахад даанч бэлэн байдагсан. Тэгвэл хүүхдийн жаргал гээч нь ерөөс өөрөөрөө орших , өөрөөрөө хүлээн зөвшөөрөгдөн , хайрлагдах явдал болох юм. Гэхдээ энэ нийтлэлийг бичин суугаа нь мөн л байхгүй зүйлийг нэхэн , санагалзах шиг өөрийн доторх хүүхдийг дахин нэг хайрлах хэрэгтэй болсныг сануулах юм. Германы сэтгэл судлаач Штефаний Штаал мөн томчууд бид өөрийн доторх хүүхдийг хүлээн зөвшөөрч , эдгээхээс нааш жинхэнэ хүч чадал , нөөц бололцоондоо хүрэхгүй хэмээн итгэн, судалдаг нэгэн. Түүнийхээр бол бид ээж аав , эмээ өвөө болсон ч эцэг эх , эргэн тойрноосоо хүртсэн тавгүй мэдрэмжтэйгээ насан туршдаа зууралддаг гэдгийг нотолсон байдаг. Хэрвээ хүн болгоны дотор хүүхэд оршдог бол бид өөрийн доторх сүүдэр хүүхдээс аз жаргалын тухай сорил авах нь зүйтэй , мөн амьсгаа аван хамгийн сүүлд хэзээ хүүхэд шиг юунаас ч хамаарахгүй баясан инээснээ санах гэж хичээх нь зөв. Үнэндээ хүүхдийг ямар ч амттан, тоглоомноос илүү татдаг зүйл нь эцэг , эхээсээ авах хайрлагдах мэдрэмж байдаг бас хамгийн ихээр тавгүйрхэн, гомдоллон уйлдаг мөчийг мөн л эцэг эхээсээ авдаг. Хөгшчүүл хүнээр хүн хийнэ гэдэг хамгийн хэцүү юм гэцгээдэг тэр үг, яг л хүн байхын утгыг үрдээ дамжуулна гэдэг хүний амьдралын гол зорилго мэт. Гэтэл өөрийгөө хүлээн зөвшөөрч , ойлгоогүй хүн бусдыг угаасаа хайрлан , нэгэн хүнд зөв замыг зааж чадах билүү ? Өнөөгийн нийгэм, дэлхийн даяаршил яг л бидэнд өөрийгөө хүлээн аваагүй том бардам , ууртай , завгүй эр шиг төсөөлөгдөнө. Түүний өмнөөс өөрийгөө хүүхэд хэвээрээ гээд илчлэхэд , ямар хүйтэн харц шидлэхээс айн дэмий л урдахаа хийгээд , бор өдрүүдийг үдэхээс өөр аргагүй мэт . Яг л гэртээ аавыгаа санаад ээждээ тунирхаж буй гурван настай хүү тийм гэхийн аргагүй шахаанд өөрийгөө илчлэхгүй ороо норгодог шиг хэцүү юм.
Аливаа нийгэмд хүний эрх дагаад хүүхдийн эрүүл , жаргалтай орчинд өсөх эрх ямарваа нэг хэлбэрээр зөрчигдөн байдаг. Гэвч саарын хажуугаар сайхан зүйлс бидний дунд үргэлж итгэл хүлээн чимээгүй зогсож байдаг. Хүний нийгмийн бүх цөм нь цугаараа жаргахад оршиж байдаг шиг, хүүхдийг жаргаахад эцэг эх бүр үүрэг хүлээлцдэг. Саяхан хүн бүрийн унших ёстой номын жагсаалтанд байх ‘Чонотой гүйнэ’ гэх номон дээр Африк ардын домгийг оруулсан байх юм .Түүн дээр нэгэн омгийн ахлагч үхэхдээ хүүхдүүдээ цуглуулан, мөчир авчруулж хугалуулах бүгд хугалан дараа нь багацлан хугалуулахад нэг нь ч дийлэхгүйн үлгэрийг бичсэн байхуйд Өүлэн эхийн домогтой хэтэрхий адилхан санагдсан юм. Түүнээс улбаалан хүний нийгэмд бид хамгийн эрхэм нэгэн эрднээ мартаад бүгд өөрийн мөчрөө тэврэн явах санаа ургаж гарсан юм. Домог, үлгэр тууж биднийг хаанаас хаа хүрэхийг зөгнөн хэлсэн газрын зураг юм. Үр хүүхэддээ бид өнөөдөр юуг зааж, өвлүүлэх нь ирээдүйн нийгмийн үлгэр толь гэлтэй. Тиймд нийгэмийн эс ширхэг болсон бид туулж буй замаа ахин нэг харах хэрэгтэй болсныг гэрчлэх асуудлын дунд өдөр бүр санаа алдан бодлогоширдог нь үнэн.
Хүний доторх гэгээлэг мөн чанарт багаасаа итгэдэг би нийгмээ мөн адил тийм л сэтгэлийн өнгөөр хүлээн хардаг. Хүүхдийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, хүмүүжлийн зөв тусгалаар дэмжин услах үүрэг, өнөөдөр хэн болгонд бий гэдгийг сайтар ухаарах нь зөв сэтгэлийн үндэс. Чи юу тарина түүнийхээ үрийг авахаас алимны модноос амтат гуа хүлээх нь дэмий оролдлого юм. Хүүхдийн инээд баясаан дүүрсэн орчингоос өөр сайхан газар үгүйг мэдэхийн хувьд өнгөрснөө бус одоо, ирээдүйг бүтээдгийн үнэнийг эргэцүүлнэ. Өөрийн дотоод хүүхдийг хүлээн авч өөрийн, өрөөлийн хүүхдэд гэрлийхээ илчийг хуваалцахыг би иргэний зориг гэж нэрлэмээр байна. Өнгөрснөө тавьж явуулан , ирээдүй болсон дэлхийн үрсэд ахин ЗА гэж хэлэхийг би эрэгтэй, эмэгтэй хүний үүрэг гэж тунхагламаар байна. Өөр ямар ч асуудал байсан ч үүдээ нээгээд угтдаг Монгол ахуйг би хүний нийгэм гэж нэрийдмээр байна. Өлсөж, даарч, зүрхээрээ нэг шарх болсон үрсэд би үүдээ нээхийг шаардаж байна !
Б.Отгондэлгэр /Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол ,хүүхэд хамгаалал, хүүхдийн түргэн тусламжийн мэргэжилтэн , арга зүйч/
“ЗӨВ ТУСГАЛ” нийтлэлийн уралдаанд ирсэн бүтээл