Европт зохион байгуулагддаг томоохон үзэсгэлэнгүүдийн нэг Олон Улсын Дүрслэх Урлагийн зуны үзэсгэлэн нь энэ жил 21 дэх удаагаа уламжлал ёсоор ХБНГУ-н Бюделсдорф хотын үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. НордАрт2019-д манай уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүд 5 дахь жилдээ толилуулагдах гэж байгааг дуулгахад таатай байна.
Хилийн чанадад уран бүтээлчиддээ гүүр болон “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ-н мэргэжлийн чадварлаг баг Норд Арт үзэсгэлэнгийн албан ёсны хамтын ажиллагааны түншээр үргэлжлүүлэн амжилттай ажиллаж байна.
ХБНГУ-ын Шлесвиг-Хольштайн мужийн өдөр тутмын хэвлэл дээр Монгол уран бүтээлчид болон тэдний уран бүтээлүүдийн тухай нийтлэл хэвлэгдсэнийг уншигч танаа хүргэж байна.
Урт замыг туулсан урлагийн гайхалтай бүтээлүүд
21 дэх удаагийн НордАрт Олон Улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун бүтээлийн хур буусаар байна. Алс холын Монголоос Бюделсдорф хот хүртэл 9000 километр үргэлжлэх асар урт аян замыг туулсан урлаг сонирхогчдын мэлмийг баясгах Монгол бүтээлүүд иржээ. Олон Улсын шүүгчдийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн манай 23 уран бүтээлчийн 50 гаруй бүтээлийг ХБНГУ-н тээвэр зуучлалын „Милитцер & Мюних“ концерний 40 тоннын даацтай ачааны машин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос ОХУ-аар дамжин тээвэрлэж, Бюделсдорф хот дахь „НордАрт“ Олон Улсын үзэсгэлэнгийн талбайд улаан өндөгний баярын өглөө авчирсан байна. Ачааны машин маань Белорусийн хил дээр улаан өндөгний баярын улмаас 4 хоног саатсан гэж Монголын павильоныг хариуцсан куратор О.Оюунтуяа ярьсан юм. Тэрээр уран бүтээлүүдийг тээвэрлэхэд МУ-ын ГХЯ, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин Сайдын Яам, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын зүгээс үзүүлсэн туслалцаа дэмжлэгийг онцлон дурдав.
НордАрт 2019-ийн Монголын павильоны баг урт замыг туулсан бүтээлүүдээ Бюделсдорф хотын үзэсгэлэнгийн танхимд хүлээн авсны дараа бүтээлүүдээ задалж, угсрах, байрлуулж дэглэх гээд томоохон ажил ундарч эхлэв. Уран бүтээлч Аюурзанын Очирболд төмөр утсаар хэв гарган бүтээсэн „Дэгрээ“ нэртэй баримлын инстоляци бүтээлийнхээ хэсгийг үзэсгэлэнгийн цэцэрлэгт хүрээлэнд угсарч байрлуулжээ. Одоо зөвхөн бага зэрэг зэврүүлж өнгийг нь хувиргах гүйцэтгэл ажил л үлдээд байгаа юм. Батмөнхийн Намууны „Араг“ бүтээл нь модон саваа, нүүрс, түлээ, аргал, олс зэргээс бүрджээ. Мюнстер хотод сурсан, тэндээ амьдарч байгаа уран бүтээлч энэ бүсгүй гурван хэсэг авсаархан багласан бүтээлээ угсран бэлэн болгох юм. Тэр бүтээлээрээ дамжуулан соёл хоорондын харилцаа холбооны нийтлэг хэлэмж болон түүний ойлгогдох байдлыг судалж байгаа юм байна. Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа өөр нэг уран бүтээлч Цэндийн Ган-Эрдэнийн „Аав“ тосон зураг бусдыгаа бодвол ердөө 100 хүрэхгүй метрийн зайд л зөөвөрлөгджээ. Учир нь тэрээр 3 хэсгээс бүрдэх нийт 4,8 метр урт уран зургийг „Артист ин Резиденс“ урлаг, соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд хоёр долоо хоногийн дотор НордАртын урланд нь зурж дуусгасан байна. Залуу уран бүтээлч Ц.Ган-Эрдэнэ Улаанбаатар болон Мюнстер хотуудад Урлагийн их сургуулийг дүүргэжээ. Тэрээр одоо Герман Улсын Нордхайн Вестфалин мужид амьдарч байна. НордАртын Ко-Куратор Инга Ару түүний бүтээлийг „Эх орныхоо үзэсгэлэнт байгалийг сонгодог уран зургийн аргаар чадварлаг урлаж харуулсан“ гэж дүгнэсэн юм. Инга Ару нь ерөнхий куратор Вольфганг Граммын хамт НордАрт олон улсын үзэсгэлэнг зохион байгуулагчдыг төлөөлөн Монголын уран бүтээлчдийн бүтээлийг хариуцан Монгол кураторын багтай ажиллаж байгаа юм. Зураач Ц.Ган-Эрдэнэ олон улсын дүрслэх урлагийн уралдаан тэмцээнд удаа дараа оролцож шагнал хүртэж байсан ба 2018 онд АНУ-н Нью Йорк хот дахь НҮБ-ын төв байранд уран барималч А.Очирболдтой хамтарсан „In diesem Moment“ (Яг энэ мөчид) үзэсгэлэнгээ гаргажээ.
21 дэх удаагийн НордАрт Олон Улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн нь 2019 оны 06 сарын 01-ний өдрөөс 10 сарын 13-ны хооронд зохион байгуулагдана. Жил бүр өөр өөр улс орнуудыг онцлон бүтээлүүдийг нь илүү дэлгэрэнгүй толилуулдаг энэхүү үзэсгэлэн энэ жилийн онцлох орноор Франц Улсыг сонгожээ.
Орчуулсан Н. Болор-Эрдэнэ