Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар, Соёл урлагийн их сургууль хамтран “Бид сайн сайханд дагуулна” уриан дор “Монгол бахархал” фестивалийг зохион байгуулж байна.
Долоо дахь жилдээ болж буй” Монгол бахархал-Чингэлтэй фестиваль” үеэр 1000 гаруй иргэд цуваа болон Монголын үндэсний ёс заншил, өв соёлыг таниулан сурталчилснаараа онцлог байлаа.
Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат “Жил бүр зохион байгуулдаг фестиваль нь Соёл урлагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, соёлыг төлөвшүүлэх, үндэсний соёл урлаг, өвийг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилготойгоор жил бүр уг арга хэмжээг зохион байгуулж ирсэн юм” хэмээн нээлтийн үеэр онцлон тэмдэглэлээ.
Соёл урлагийн их сургуулиас Тусгаар тогтнолын талбай хүртэл дөрвөн газар урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулж байгаагаас гадна дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулиуд сурагчдын бүтээлийг олон нийтэд дэлгэн харуулж, жижиг дунд бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүний дээжээр үзэсгэлэн гаргасан нь Анкарагийн гудамжийг чимж байлаа.
Түүнчлэн Япон, БНСУ-ын хамтын ажиллагаатай ажилладаг хот, дүүргийн мэндчилгээ, гудамжны кино үдэш, шатрын тэмцээн, Пянзны баяр, Уран бичлэгийн уралдаан, Хэцтэй гэрэл зургийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын музейн гэрэл зургийн үзэсгэлэн, Ширээний шагайн тэмцээн, Спортын олон төрлийн тэмцээн, Урлагийн тоглолт, Гар урлалын үзэсгэлэн, Дүрслэх урлагийн үзэсгэлэн, Бүжгийн тэмцээн, Тоглоомын хотхоны үйлчилгээ, Худалдаа үйлчилгээ, Төрийн нэг цэгийн үйлчилгээ зэрэг олон төрлийн сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж байна.
ТӨР АГЕНТЛАГ