Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны ээлжит VIII хуралдаан өнөөдөр болж нийт 19 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдаанаар “Хас-Үнэлгээ” ХХК, “Ашид-билгүүн” ХХК-ийн төлөөлөгчийн газрыг бүртгэхийг зөвшөөрч, нэр бүхий 7 иргэнд “Ард даатгал” ХК-ийн, мөн 7 иргэнд “Монгол даатгал” ХХК-ийн даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, 1 иргэнд “Практикал даатгал” ХХК-ийн ердийн даатгалын актуарчийн эрх олгов.
Мөн “Ивээлт Очир” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны өөрчлөлт, хувьцаа эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлтийг бүртгэж, “Тэнгэр даатгал” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтныг томилохыг зөвшөөрлөө.
Үнэт цаасны салбарын зургаан асуудлыг хэлэлцэж, “Жимобайл вексель” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож үнэт цаасыг бүртгэв. Мөн “Санлавмэд” ХХК-д хөрөнгө итгэмжлэн удирдах тусгай зөвшөөрөл олгож, “МОСТ Финтек” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэлээ. Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах 3 асуудлыг хэлэлцэж зөвшөөрөл олгов.
Хуралдаанаар “Байтерек” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгаж, “Лэндмн ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, “Жи Эс Би капитал ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олголоо.
Түүнчлэн “Добино” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг, “Санлавмэд ҮЦК” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргав.