Зул үг

2019 оны 05-р сарын 23 өдөр, 10 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gavaa bathuu

Өдгөөгөөс 59 жилийн тэртээ өврийн сайхан хангайн үлэмжийн буяны чуулгант Хужиртын рашаан, өл буга хөл нь бороолоод дэгдэн гарсан домогтой Шунхлай хайрханы хормойд аз хийморь нь ид бадамласан нэгэн айлд өлгий дүүрэн хүү мэндэлжээ. Гаваагийнхан Монгол хэлний сая үгнээс шилж шилж Батхүү гэдэг алдарыг хүүгийнхээ баруун чихэнд шивнэсэн нь юутай оноо вэ?

БАТ гэдэг: Алтан гадас одны нэр

БАТ гэдэг: эвдэршгүй бөхийн бэлэгдэл

Урвахгүй үнэнч, хазайхгүй тогтвортой гэх төгс утгыг БАТ хэмээдэг дээ. Аавын ууган хүү алдартаа таарсан эрийн эр явсаныг түүний түүх батална. Нэг удаа Улсын Их Хурлын дэд дарга, гурван удаа төрийн сайд, гурван удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, эх орон ард түмнийхээ эрх ашгийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж явсан түүхэн гавъяат хүү бол Батхүү байлаа.

Нүд хоёр тийшээ харвал тодрол үгүй. Түшмэл хоёр эзэнд үйлчилбэл журамгүй болно гэдгийг бат баримталдаг улстөрч Батхүү байлаа.

Муу нэрт өөлд өвгөнд сайхан сэтгэлт халх эр сайн байсан нь хоёр зүйлийн учиртай. Нэгдүгээрт нутгийнх нь хийморийн дарцаг болсон хурдан ажнайн тухай 62 жилийн тэртээ “Арвайхээр” найраглал бичсэнийг, нэг хоёр удаа шатаагдсаныг хурдан морь унаж өссөн, “Толин хул”-ын сувдан хөлсийг суллаж, алтан хөлсийг аадарлуулан торгон жолоог өргүүлж баяссан Батхүү мэдэхийн дээдээр мэддэг байж. Хоёрдугаарт АПУ-гийн ачигч ардын уран зохиолч болсонд бахархдаг байж. Тэгээд л яруу найрагчийн цолны мялаалга, номын хуримыг хувиасаа тэтгэсэн нь сайн үйл бүхэнд санааныхаа сүүг өргөж байсны зөвхөн ганц баримт. Бусдын төлөө өөрийгөө дундалж явсан буянтаны хишгийг хүртсэн малчид, тээвэрчид, тамирчид, урлаг соёлын одод энэ мөчид Батхүүг дурсан санаж, нулимсаа арчин, маань уншиж байгаа нь лавтай.

БАТХҮҮ бол: Их үйлсийг эхэлж чаддаг, төгсгөж чаддаг эзэн байлаа. Миний үед АПУ гар үйлдвэр байсан. Батхүүгийн үед орчин үеийн автомат үйлдвэр болсон. Туулын цэнгэг ус бүхий торхонд Зүүнхараагийн гал охи /спирт/ бага багаар юүлээд, амтлагч эрхэм нь балгаж үзээд “чангаджээ” гэвэл ус нэмдэг,“сул байна” гэвэл гал охи нэмдэг, “болжээ” гэвэл савладаг тийм үйлдвэрийг дэлхийн түвшний ууш хүнсний үйлдвэр болгосон гавъяаг булаалдах эрхэм, бузарлах ам Монголд үгүй.

Батхүү бол хээрийн үгийг хээр ярьдаг. Гэрийн үгийг хоймортоо ярьдаг. Төрийн үгийг ордонд ярьдаг бат зарчимтай эр байв.

Сүүлчийн удаа надтай сарын өмнө сэвлэг үргээх сайхан ёслолын хойморь уулзахдаа гурван зүйл ярьжээ.

Нэгдүгээрт, эрдмийн гүрэн ОХУ-д эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалах гэж байгаа. Урьдчилсан хамгаалалт амжилттай болсон. Зургаан сард хамгаалаад ирнэ гэдэг сайхан мэдээ дуулгасан.

Хоёрдугаарт, АПУ хамсал /групп/ маань сүү, тараг, цөцгий, амтат шимүүс, цэнгэг ус зэрэг хориод нэр төрлийн бүтээгдэхүүн өргөн түмэндээ хүргэж байгаа. Гэвч зөвхөн архи, исгүүн /пиво/ үйлдвэрлэдэг мэт төсөөлдөг. Аман зоргоор ярьдаг хүн мэр сэр байна. Энэ эндүүрлийг залруулъя. Нэгдүгээрт: оносон сэнхрүүлэг сурталчилгаа хийе, та туслаарай. Хоёрдугаарт: Монгол хүний оюуны өвийг, Монгол нутгийн гайхамшигийг сохорт үзэгдтэл, дүлийд дуулдтал дэлгэрүүлэн дэмжье. Жишээ нь таны 55 ботийг дэлхийн алган дээр дэлгэн тавибаас АПУ-г уушны үйлдвэр гэх үү? Ухаан авъяас түгээн дэлгэрүүлэгч гэх үү? энэ талаар харилцан яръя, хамтран ажиллая гээд ханхар цээжиндээ өөлд өвгөнийг тэвэрч билээ.

Батхүү гэж нэг ийм.

Айл гэртээ бол ханагар хаан
Ард олондоо бол данагархан зарц
Ахан дүүсдээ бол ган тайлагч Орхоны хүрхрээ
Анд нөхдөдөө бол Аж богд хайрхан
Ахмад буурлуудад бол хүүгийн дайтай дүү
Алсч хараа нь алдас үгүй луужингийн зүү
Ашдын заяа нь Монголдоо өргөсөн цацлын сүү байлаа даа хөөрхий…
Мөчир нь бүтэн нэг ч мод байдаггүй
Элэг нь бүтэн нэг ч бүл байдаггүй
Энэрэлгүй хорвоогийн дайрлагыг яалтай
Эрхэм сайн дүү Батхүү минь
Эрдэмт хүмүүн сайн төрлөө
Эргэж түргэн олоод
Эзэн Чингисийн Монголдоо
Инээн төрөх болтугай

Ум маани бад ми хум!

АПУ-гийн ачигч ардын уран зохиолч Тангадын Галсан

2019.05.22

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх