С.Даваасүрэн: Энэ их өсөлтийг зөв шингээх хэрэгтэй

2019 оны 05-р сарын 22 өдөр, 14 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
davaasuren

Банк дангаараа ноёрхсон “доголон” санхүүгийн зах зээл өргөжиж, хөрөнгийн зах, даатгалын салбар хөгжих нь эдийн засагт тун чухал нөлөөтэйг бид ойлгож ухаараад олон жил болж буй. Харин бодитой өсөлтүүд гарч эхэлсэн нь сүүлийн гурван жилийн хугацаанд хамаарч байгаа. Дэлхий дахинд санхүүгийн салбарын хөгжил улам бүр ухаалагжиж, технологид суурилж буй энэ цаг үед Монголын санхүүгийн салбарын хөгжил хаана яваа вэ. Ямар ололтууд хийгээд анхаарах асуудлууд байгаа вэ гэхчлэн анхаарах ёстой сэдвүүд бий. Банкнаас бусад санхүүгийн секторуудыг зохицуулах чиглэлийн байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнтэй тэдгээр асуудлуудаар ярилцлаа.

-Санхүүгийн салбарт уламжлалт бус ухаалаг технологид суурилсан дэвшилтэт үйлчилгээ хүч түрэн орж ирж байна. Миний харж буйгаар энэ нь санхүүгийн салбарыг иж бүрнээр нь хөгжүүлэх шийдэл хайдаг төрийн үйл ажиллагааг, оролцоог нэг талаас хөнгөлж байна. Нөгөө талд илүү хариуцлагатай байх шаардлагыг дагуулж байх шиг?

-Санхүүгийн салбар эдийн засгийн амин сүнс нь. Технологи дээр суурилсан санхүүгийн үйлчилгээ өнөөгийн санхүүгийн зах зээлийн хөгжлийг хурдасгахад үнэтэй хувь нэмэр оруулаад байгаа юм биш үү гэж та асууж байна. Би тантай санал нэг байна. Сүүлийн арваад жилийн хугацаанд санхүүгийн хүртээмж гэдэг ойлголт дэлхийн улс орнуудад түгээмэл болсон. Өмнө нь орлого багатай, ядуу иргэдэд санхүүгийн үйлчилгээг яаж хүргэх вэ гэдэг нь хөгжиж буй орнуудын хувьд шийдвэрлэх шаардлагатай асуудал байсан. Тэгвэл технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ энэ асуудлыг шийдэхэд дэлхийн олон улс оронд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Банкны үйлчилгээ, жижиг зээлийн үйлчилгээ авч чаддаггүй байсан олон иргэн арваад жилийн дотор технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүний үйлчилгээг авч эхэлсэн. Гэхдээ энэ үйлчилгээ өнөөдөр тодорхой хэмжээний зардал бий болгож байна. Технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэлт, хүртээмж тал дээр амжилттай шийдэл мөн боловч дагалдаж бий болох аливаа эрсдэл, хэрэглэгчийн, мэдээллийн нууцлал, аюулгүй байдал хэрхэн яаж хангагдаж байна вэ гэдэг асуудлууд анхаарал татаж байгаа юм. Санхүүгийн төрлийн энэ бүтээгдэхүүнүүд дэлхий нийтээр тархахын хэрээр хил хязгаараас үл хамаарсан асуудлууд яригдаж байна. Энэ үйл явц хэдэн арван жилийн турш ярьж ирсэн хөгжлийн зорилгыг биелүүлэхэд тус дэм болж байгаа ч нөгөө талдаа илүү их мэргэшсэн, нэгдэж нягтарсан үйл ажиллагаа явуулахыг шаардаж байгаа юм. Тэгэхээр үүнд Монгол Улсын санхүүгийн сектор, санхүүгийн зохицуулалттай, бодлого тодорхойлдог байгууллагууд бэлэн үү гэдэг асуулт тавигдаж байна.

-Бид яг ямар байдалтай байна вэ. Та санхүүгийн салбарын эрсдэлийг зөвхөн саарал жагсаалт гэдгээр хязгаарлаж харж болохгүй гэж “Санхүүгийн сал­барын комплаенс”-ын үеэр хэлж байсан. Санхүүгийн салбараа дархлаатай байлгахын тулд сая таны хэлж буй бид бэлэн үү гэдэг асуултад таниас нэмж хариулт авмаар байна л даа?

-Монгол Улс төдийгүй дэлхийн олон улс орон яг ийм асуулт, сорилтын өмнө ирээд байна. Бидний хувьд үүнийг дараагийн үед шийдэх асуудал гээд орхиж боломгүй, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай.

Манай улсын тухайд финтек дээр суурилсан санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг Банк бус санхүүгийн салбарууд ББСБ түлхүү гаргаж байна. Финтек нүсэр бүтэцтэй байгууллагуудаас илүү жижиг бизнесүүдэд хэрэгжүүлэхэд илүү хялбар дөхөм бөгөөд хүртээмж нь их өндөр байдаг. Бид цоо шинэ эрин үе рүү орж эхэллээ. Тэгэхээр бодлого тодорхойлдог, зохицуулалт хийдэг, төрийн байгууллагад ажилладаг хүмүүсийн хувьд дэлхийн том интеграци далайцаас дутахгүй, хоцрохгүйгээр эрэл хайгуул хийж, хүчин чармайлт гаргах шаардлагатай болж байна. Кибер аюулгүй байдлын хувьд дэлхийн зохицуулагч байгууллагууд хэрхэн яаж хамтарч ажиллах ёстой юм бэ гэдэг асуудал чухал тавигдаж байгаа. Энэ ч утгаараа Санхүүгийн зохицуулах хороо Дэлхийн санхүүгийн хүртээмжийн олон улсын байгууллагын Удирдах зөвлөлд ажиллаж байгаа. Энэ асуудлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Удирдах зөвлөлийн хурлаараа ярьсан. Манайхтай адилхан асуудлаа хэрхэн шийдэх вэ гэж анхаарч байгаа улс олон бий. Хөгжингүй улс орнуудын хувьд хамгаалалтын механизмаа илүү сайн хийж байна. Хөгжиж буй улсуудын хувьд хамгаалалтгүйгээр үйл явц өрнөж буй асуудлууд байна. Тэгэхээр бид дэлхийтэй хөл нийлүүлж, асуудлуудаа зөв олж харж, эрэмбэлж, зохицуулалт хийх ёстой. Санхүүгийн зах зээлд шинээр гарч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн алийг нь түлхүү дэмжиж, аль асуудал дээр нь болгоомжтой хандах ёстой юм. Хууль эрх зүйн орчны хувьд аль зохицуулалтыг нь түрүүлж авч тусгах ёстой юм бэ гээд маш олон үйл явцыг зэрэг харах зайлшгүй шаардлага бий болсон.

-Санхүүгийн зах зээлийн, хорооны хамааран ажиллаж буй хөрөнгийн зах зээл, даатгалын салбартай холбоотой эерэг үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд дараалан гарч байна. Банк бус байгууллагууд дүрмийн сангаа нэмэгдүүлж байна. Та салбарын зохицуулагч байгууллагыг удирдаж буй хүний хувьд үйл ажиллагаагаа тоймлож хэлээч?

-Банкнаас бусад санхүүгийн зах зээл сүүлийн хоёр жилд маш эрчимтэй хөгжсөн. Манай улсын хувьд өнгөрсөн хориод жил банкны сектор давамгайлсан санхүүгийн зах зээл хөгжиж ирлээ. Энэ нь нэгэн төрлийн гажуудал. Банкны сектор өнгөрсөн жилүүдэд сайн ажилласан. Харин бодлогын зохицуулалтаараа хөрөнгийн зах зээл болон даатгалын салбарыг төдийлөн амжилттай хөгжүүлж чадаагүй. Өнгөрсөн гурван жил орчмын хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооноос хамгийн их анхаарч ажиллаж буй нэг хэсэг бол Банк бус санхүүгийн байгууллагууд юм. Банк бус санхүүгийн байгууллагуудыг илүү чадавхжуулах, сахилгажуулах, хөрөнгө мөнгөө дайчлах боломж гарцуудыг нь нэмэгдүүлэх чиглэлээр дүрмийн санг нь нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Хоёр жил гаруйн дараа хэрэгжилтийг нь харахад маш сайн байна. Энэ хэмжээгээр цаашаа явах юм бол Банк бус санхүүгийн байгууллагуудын зах зээл дээр иргэдэд хүрч үйлчлэх, өгөх өгөөж, зээлийн хүү буурах хандлага тодорхой байдлаар харагдаж байна.

Сүүлийн хоёр жилд бид хөрөнгийн зах зээл дээр их анхаарч ажиллалаа. Хөрөнгийн зах зээлийн хувьд манайд ерээд оны эхэн үед цэнхэр, ягаан тасалбарыг хувьчлахаас эхэлсэн. Иргэдийн хөрөнгийн зах зээлийн мэдээлэл, мэдлэг сайн биш байсан. Тухайн үед хөрөнгийн зах дээр болсон төрийн өмчийг хувьд шилжүүлэх үйл явцтай холбоотойгоор иргэдийн хөрөнгийн зах зээлийг сонирхох сонирхол, итгэх итгэл алдагдсан байсан. Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийн зохицуулалтыг хийх явцдаа алсаас ажигласан байдалтай байсан. Хөрөнгийн зах зээлийн идэвхжилийг сэргээхийн тулд яах ёстой вэ гэдгийг сүүлийн гурван жилийн хугацаанд судалсан. Нөхцөл байдлыг аваад үзэхэд хөрөнгийн зах зээл дээр борлогдож байгаа бараа бүтээгдэхүүн гэж байхгүй, нөгөө л бүртгэлтэй 300 гаруй компани хоорондоо арилжаагаа хийгээд байж байгаа юм. 2014, 2015 оны дүр зургийг харахад хөрөнгийн зах зээл дээр Засгийн газрын бонд нийт арилжааных нь 98 хувийг дангаараа гаргаж байсан. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2016 онд нэг их наяд гаруй төгрөг байсан бол 2018 оны төгсгөлд 2.6 их наяд төгрөгт хүрч байгаа юм. Засгийн газрын бондыг 2017 оноос эхлээд арилжихаа больсон. Тэгэхээр зах зээлийн үнэлгээ 2.6 их наяд төгрөг болж өссөн нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн өөрсдийнх нь оролцоонд тулгуурласан өсөлт болсон. Энэ өсөлтийг зөв шингээх хэрэгтэй. Хэт их халалт бий болох юм бол эргээд сөрөг нөлөөтэй байдаг. Өсөлтийг хэрхэн яаж тогтвортой байлгах вэ гэдэг нь Санхүүгийн зохицуулах хорооны бодлогын алхмуудтай зайлшгүй холбоотой. Бид энэ хэмжээний зах зээлийг бий болгохын тулд хүчин чармайлт гаргасан. Компаниуд бонд буюу өрийн хэрэгслийг гаргасан. Олон нийтэд хувьцаагаа санал болгох үйл явцыг эрчимжүүлсэн. Томоохон компаниудын нэгдэн нийлэх процессууд болсон. Энэ үйл явцыг бүхэлд нь харахад иргэдийн хөрөнгийн зах зээлд оролцох сонирхол, идэвх сэргэсэн. Гэхдээ өнөөдрийн хувьд иргэд анхдагч зах зээл дээр арилжаагаа хийгээд, тэндээс богино хугацаанд ашиг хүртээд гарах сонирхол их байна. Гэтэл хөрөнгийн зах зээлийн өөрийнх нь томоохон хөгжил бол хоёрдогч зах зээл дээр арилжаагаа хийх, зах зээлийг сэргээх үйл явц шүү дээ. Тиймээс энэ чиглэлийн ажлуудыг үе шаттайгаар хийгээд л явж байна.

-Хөрөнгийн зах зээлийн сүүлийн жилүүдийн өсөлтийг эдийн засгийн нөхцөл байдалтай холбож тайлбарлах хүмүүс бас байгаа л даа. Та зохицуулалтыг нь хийж буй байгууллагын даргын хувьд энэ тал дээр юу хэлэх вэ?

-Тиймээ, зарим хүмүүс бол эдийн засгийн таатай нөхцөл байдал болонгуут хөрөнгийн зах зээл өөрөө хөгжчихлөө гэж хэлж байгаа юм. Гэтэл 2011 онд эдийн засаг өндөр өсөлттэй байсан. Ер нь 2000 оноос эхлээд манай эдийн засаг өсөөд байсан. Гэтэл хөрөнгийн зах зээл дагаж өсөөгүй. Яагаад дагаж өсөөгүй вэ гэхээр дэлхий нийтийн чиг хандлагад тулгуурлаж харахад хөрөнгийн зах зээл нь хөрвөх чадвар сайтай байх юм бол эдийн засгийнхаа өсөлтийг мэдэрдэг. Манайх шиг хөрвөх чадвар муутай хөрөнгийн зах зээлийн хувьд эдийн засгийнхаа өсөлтийг мэдэрдэггүй. Харин одоо хөрөнгийн зах зээл дээр сэргэлт бий болоод нэг арилжаагаа нөгөөгөөрөө сольдог, арилжаа нь илүү амьд, хурдтай явдаг болох чиглэл рүү орж байна. Хөрөнгийн зах зээл манайд тийм түвшиндээ хүрээгүй учраас эдийн засгийн бодит өсөлтийг мэдэрдэггүй, хариу үйлдэл үзүүлдэггүй. Сүүлийн хоёр жилд Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлсэн бодлого яг л тийм мэдрэг болгоход чиглэсэн. Үүний тулд манай хороо дотооддоо судалгаа, эрсдэлийн шинжилгээний баг ажиллуулж байна. Хөндлөнгийн судлаачдаар судалгаа хийлгэж байна. Бид энэ зах зээлийг таамаг, баримжаагаар удирдах боломжгүй. Маш мэдрэмтгий, мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан зах зээл. Манайх 2005 оноос IPO хийж эхэлсэн байдаг. 2016 он хүртэлх үйл ажиллагаа нь их сул байсан. Одоо хөрөнгийн зах зээл дээр IPO гарахын хэрээр дундын зуучлалын байгууллагуудын чадвар, эрсдэл даах нөхцөл байдал их чухал. Тийм учраас компаниудын хувьд адилхан шаардлагуудаа тавьж байгаа. Үйл ажиллагаа нь тогтвортой биш байгаа үнэт цаасны 13 компанийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Мөн энэ 2019 онд манай Хороо даатгалын салбарт ихээхэн анхаарал хандуулж ажиллаж байна. Дүрмийн санг нь өсгөх шийдвэр гаргасны хэрэгжилтийг өнгөрсөн оны зургадугаар сард хангаж чадлаа. Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ 2018 оны эцэст 340 гаруй тэрбум төгрөг болсон. Даатгалын компаниудын эрсдэл даах чадвар, нөхөн олговор олгох үйл явц нэмэгдэж байгаа. Одоо даатгалын зах зээл дээр хүртээмжтэй даатгалын чиглэлийн шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгох орон зайг эрэлхийлж байна. Даатгалын компаниуд ч бүтэц, засаглалын хувьд шинэ үеийг бий болгож байна. Санхүүгийн зах зээл ингэж өөрийнхөө байх ёстой цэг рүү тэмүүлэх тусам үр өгөөж нь иргэд, аж ахуйн нэгжид л очно. Энэ зах зээл сэргэхийн хэрээр баялгийн тэгш бус байдлыг бууруулах, орлогын хуваарилалтыг сайжруулах, иргэд орлогын олон эх үүсвэртэй болох үйл явцад маш чухал нөлөөтэй. Бид бүх үйл ажиллагаа, бодлого, зохицуулалтаа үүнд чиглүүлж ажиллаж байна.

-Санхүүгийн зохицуулах хороо гэхээр хүмүүсийн дунд анхны дарга Д.Бадраа агсан буудаг юм шиг байдаг. Таныг энд ирэхээс өмнө Д.Баярсайхан, З.Нарантуяа гээд хоёр ч хүн даргаар нь ажиллаж байсан. Таны хувьд энэ зохицуулалтын байгууллагын ач холбогдлыг тодотгох чиглэлд анхаарч ажиллаж байна уу л гэж харагдаад байгаа?

-Үнэт цаасны хороо гэдэг 1994 онд байгуулагдсан байгууллагын суурин дээр Санхүүгийн зохицуулах хороо 2006 онд байгуулагдсан. Хороо байгуулагд­санаасаа хойш гол анхаарал нь бичил санхүүгийн салбарт чиглэсэн. Түүхийг нь анхаарч үзэхэд өнгөрсөн арваад жилийн хугацаандхууль эрх зүйн зохицуулалт дээрээ түлхүү анхаарч явсан. Гэтэл санхүүгийн зах зээлийг эдийн засгийн хөшүүргээр удирдах зайлшгүй шаардлагатай байдаг. Хууль эрх зүйн орчин, дүрэм журмыг нь үзэхэд маш сайн боловсруулагдсан хууль журамтай. Гэхдээ тэрийгээ л өөрчлөөд, эрсдэл гаргачихгүй, шинэ давшингуй алхмууд хийхгүй л өнгөрсөн хугацаанд явж ирсэн юм болов уу гэж харж байгаа. Эдийн засагч, судлаач хүний хувьд энэ зах зээлийг өргөжүүлэх, тэлэхийн тулд, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд очих өгөөжийг өсгөхийн тулд ямар арга замаар ажиллах ёстой юм бэ гэдэгт чиглэсэн стратегийг барьж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны 2018-2021 оны стратегийг бид өөрсдөө боловсруулсан. Өмнө нь гадны зөвлөхүүдтэй хамтарч боловсруулж байсан юм билээ. Манай Хороо Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээр Монголбанк, Сангийн яамтай хамтарч ажиллаж байна. Зохицуулалтын дайвар байгууллага биш гол оролцоотой байхын хэрээр хөгжлийн том зорилгоо биелүүлэхэд их чухал болж байгаа.

-3.2 сая хүнтэй манай улсад хэт олон банк, банк бус санхүүгийн байгууллага, ХЗХ байна гэж Хас банкны удирдлага М.Болд хэлж байсан. Санхүүгийн салбарыг хумих, төвлөрлийг бий болгох нь зээлийн хүү буурахад нөлөөлнө гэж байсан л даа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Санхүүгийн зах зээлийн том хэсгийг банкууд эзэлж байна. Банкууд дангаараа ингээд томорчихсон нь өөрсдөд нь бас их хэцүү, нөлөөллийнхөө хувьд амаргүй, дангаараа бүх эрсдэлээ даадаг. Банкны үйл ажиллагаа явуулах зардал нь өндөр болдог, зээлийн хүү буурч чадахгүй байх зэрэг их олон зүйлс байна л даа. Банкнаас бусад санхүүгийн салбарын хөгжил зохистой түвшиндээ хүрнэ гэдэг бол аль аль талынхаа хөгжилд нөлөөлдөг сайн зүйл. Өнөөдөр зохицуулалттай этгээдийн тоо олон байгаа гэдэгт би санал нийлнэ. Гэхдээ нэг зүйлийг онцолмоор байна. Намайг Санхүүгийн зохицуулах хорооны дарга болсноос хойш зохицуулалттай этгээдийн тоо өсөөгүй, гурван мянга орчим байгаа. Намайг ажлаа авахад Банк бус санхүүгийн байгууллагын тоо хэдийнэ 500 гаруй байсан. Одоо тэр хэвэндээ л байгаа. ХЗХ-ын тоо 300 хүрчихсэн байсан, одоо тэрнээсээ өсөөгүй. Даатгалын компаниудын тухайд хөдөө орон нутагт зуучлалын салбар нэгжийг байгуулж байгаа гэдэг утгаараа тархалтын хүрээнд өсөж байгаа. Өнгөрсөн хугацаанд барьсан бодлого маань тооноос чанар луу чиглэсэн. Би бол тооноос чанар луу, чанараас хүртээмж рүү чиглэнэ. Хүртээмж гэдэг нь хүмүүс хэрэгцээ шаардлагатай үедээ санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг хамгийн бага зардалтайгаар, шуурхай авах боломж юм.

-ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээл ББСБ-уудын хөрөнгийн эх үүсвэр болоод байна гэдэг асуудал яригдсан. Эх үүсвэр цэвэр байх тал дээр тавих хяналт ер нь ямар түвшинд байна вэ?

-Бид хяналтаа боломжоороо л тавьж байгаа. Таны энэ асуулттай холбоотой нэг зүйл яригдаж байсан. Хэрвээ Дүрмийн санг өсгөөгүй бол Банк бус санхүүгийн байгууллага руу хүмүүс мөнгөө оруулахгүй байсан гэсэн асуудал яригдаж байсан. Харин Дүрмийн сан өсгөөгүй байсан бол өшөө олон Банк бусууд байгуулагдах байсан. Дүрмийн сангийн өсөлт дээр эх үүсвэрийг нь дандаа нотлож авч байгаа. Зээлийн хөрөнгөөр дүрмийн санг өсгөхгүй. Манайд 2014 оны Ил тод байдлын тухай хууль гээд бий. Тэр хуулийн дагуу Дүрмийн сангаа өсгөсөн Банк бус санхүүгийн байгууллагууд байгаа. Нэг удаа мэдүүлээд л мэдээллийг нь файл болгоод далд хийчихсэн. Бид тэрийг нь нягтлах боломжгүй, хуулийн заалт нь тийм юм. Бусад эх үүсвэрээр нэмэгдүүлж байгаа бүх хөрөнгийг манай хороо нягталдаг. Зээлийн эх үүсвэрээр Дүрмийн санг нэмдэггүй. Тийм учраас ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлээр Банк бус санхүүгийн байгууллагуудын Дүрмийн санг нэмэгдүүлээгүй гэж хэлээд байгаа нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль журмын хүрээнд хийж байгаа тайлбар юм.

-Монкорд ХЗХ-ны хохирсон иргэдийн асуудал хэрхэн шийдвэрлэгдэх бол гэдэг асуудал байна?

-Хадгаламж зээлийн хоршоо бол хуулиараа ашгийн төлөө бус хуулийн этгээд. Энэ бол итгэлцэл дээр үндэслэж, гишүүнчлэлдээ зориулсан хөрөнгө мөнгө босгож, гишүүддээ үйлчилдэг институт. Энэ ашгийн төлөө бус институтид зөвхөн зээлийн, хадгаламжийн чиглэлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь Санхүүгийн зохицуулах хороо олгодог юм. Монкорд ХЗХ-ны хувьд энэ зах зээл дээр 20 гаруй жил болсон. Нөхцөл байдал нь 2012 оноос эхлээд хүндэрсэн юм байна лээ. Ер нь бол санхүүгийн нэг төрлийн луйвар. Хөгжсөн улсуудад ч ийм санхүүгийн төрлийн луйвар байдаг. Хөгжиж буй манайх шиг зах зээл дээр ч байдаг. Хамгийн чухал нь итгэлцлээр бий болдог энэ үйл ажиллагаанд оролцчихоод хэт их ашгийн төлөө хөөцөлдөж байна. Тэр дунд нь хэсэг хүмүүс санхүүгийн луйврын үйл ажиллагаа хийсэн байна. СЗХ, ТЕГ, Сангийн яаманд өгдөг тайлан мэдээллээ хуурамчаар үйлдсэн. Хоёр төрлийн данстай байсан. Санхүүгийн зохицуулах хороо тухай бүрт нь шалгаж анхааруулга өгөөд явсан. Гэхдээ хуурамч тайлан бэлтгээд байна гэдэг нь төдийлөн амар илрээгүй. Хянан шалгагч нарын ур чадвар гэхээсээ цаад талд байгаа хүмүүсийн нотариатч, аудит гээд бүгдтэй нь хуйвалдаж үйл ажиллагаа явуулсан байгаа юм л даа. Их олон хүнээс хөрөнгө мөнгө нь татсан. Энэ асуудал дээр прокурорын хяналт дор Мөрдөн байцаах албатай манай хорооны шинжээчид хамтарч ажиллаж байна. Одоо бол 1000 гаруй иргэдийн үйл ажиллагааг тогтоогоод явж байна. Маш өндөр хүү амалсан байна.Тийм учраас өндөр хүү сонирхож, олон хүн тийшээ оролцсон байна. Цаашдаа санхүүгийн зах зээл өргөжиж тэлэхийн хэрээр энэ бүх үйл ажиллагаанд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ер нь хадгаламж, зээлийн чиглэлийн үйл ажиллагаа Улаанбаатар хотод, төвлөрсөн суурин газарт биш хөдөө орон нутагт, хүмүүс нэг нэгийгээ илүү мэддэг газарт илүү үр өгөөжтэй юм аа. Сүүлийн үед бидний барьж буй бодлого ч үүнд чиглэж,ХЗХ-дыг хөдөө орон нутагт түлхүү дэмжихэд анхаарч байгаа. 2011 онд ХЗХ-ны тухай хууль гарсан. Түүнээс өмнө Монкорд ХЗХ байгуулагдсан. Маш харамсалтай байна. Хохирсон хүмүүсийн хохирлын хэмжээг бодитойгоор тодорхойлох ажлууд хийгдэж байна. Үүний дараагаар хэрхэн яаж барагдуулах вэ гэдэг асуудал ярина. Хууль эрх зүйн хүрээнд ийм тийм газраас хохирлыг нь барагдуулчихна гэдэг зохицуулалт бол байхгүй.

-Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2019 оны аравдугаар сарын уулзалтад манай улс тайлангаа танилцуулах ёстой байгаа. Саарал жагсаалтын гадаа үлдэх эсэхийг шийдэх байх. Ер нь нөхцөл байдал ямар байна вэ?

-ФАТФ-ын үйл ажиллагааны хувьд 2016 оноос эхлээд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яамтай хамтраад маш их ажил хийсэн. ФАТФ-ын өгсөн 40 зөвлөмжийн 23-ыг нь хангаж ажиллахад манай Хороо хүчин чармайлт гаргаж ажилласан. Хамгийн чухал нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой ойлголт, мэдэгдэхүүнүүдийг бид боловсруулж гаргасан. Ямар гарын авлага байх юм, ямар журмаар зохицуулалтыг хийх юм. Сэжигтэй гүйлгээ, орлогын эх үүсвэрийг хэрхэн баталгаажуулах вэ гэдэг мэдээллийг тодорхой болгож, өгч байна. Манай хорооны хувьд бүхий л хүчин чармайлтаа гаргаж ажиллаж байгаа. Мөнгө угаахтай холбоотой нэгжийг хүртэл байгуулан ажиллаж байна. Санхүүгийн бүх институциудэд хөдөө орон нутагт хүрч ажиллаж байна. Одоо ФАТФ-ын хамгийн том эрсдэл бол Монгол Улсын эдийн засгийн байдалтай холбоотой ерөнхий эрсдэлүүд байна. Санхүүгийн зах зээлийн хувьд богино хугацаанд бүхий л арга хэмжээг авч ажилласан.

-Таныг төсвийн мөнгөөр гадаадад явлаа гэж их бичээд байх юм. Та үүнд тайлбар өгөөч?

-Би Санхүүгийн зохицуулах хорооны дарга болсноосоо хойш арваад удаа гадаад томилолтоор явсан байна. Тэдгээрээс нэг удаагийн томилолт нь УИХ-ын даргын Япон улсад хийсэн айлчлалын үеэр тус улсын санхүүгийн агентлагтай байгуулсан гэрээ хэлцэл хийх үеэр явсан. Тэгэхэдалбан ёсны айлчлалын хүрээнд нэг удаа төсвийн зардлаар явсан. Бусад томилолтуудын бүх зардал мөнгийг гадна талаас шийдвэрлүүлсэн. Би Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн есөн хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөлийн гишүүнээр 2017 оноос ажиллаж байна. Уг Удирдах зөвлөлд ажиллахдаа жилд хоёр удаа Удирдах зөвлөлийн хуралд заавал биечлэн оролцох ёстой. Нэг удаа дэлхийн Глобал бодлогын форумд нь оролцох ёстой. Бусад нь бол онлайн хурлууд хийдэг юм. Сүүлийн хоёр жилийн хувьд эдгээр хурлуудад оролцож байна. Томоохон хурлууд дээр нь албан ёсны мэдээлэл хийх, хурлуудыг нь удирдах, мөн Удирдах зөвлөлийн хуралд оролцож, саналаа өгөх ёстой. Ийм байдлаар л оролцсон. Дээр нь Азийн орнуудын хүртээмжтэй даатгалын асуудлаарх мэдлэг, туршлага солилцох сүлжээ (MEFIN, The Mutual Exchange Forum on Inclusive Insurance Network)-ний даргаар би 2018 онд сонгогдсон. Уг байгууллага сүлжээнийхээ хүрээнд Зүүн өмнөд азийн орнууд болон Төв азийн орнуудад бодлогыг нь тодорхойлох үйл явцад оролцож байгаа. Миний хувьд эдгээр арга хэмжээнд оролцсон бүх үйл ажиллагаа маань зөвхөн Санхүүгийн зохицуулах хороо төдийгүй Монгол Улсын нэр хүндийг гадна талд гаргасан ахиц дэвшилтэй ажил болсон гэж харж байгаа. Ер нь гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, тодорхой түвшинд байлгахын төлөө явсан. Учир нь Санхүүгийн зохицуулах хорооны гадаад хамтын ажиллагаа хэд хэдэн байгууллагад гишүүнчлэлтэй байсан боловч тийм сайн байгаагүй. Тиймээс гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар байгуулж, үйл ажиллагааг нь нэлээн өргөжүүлсэн. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд би нийтдээ 1.5 сая ам.доллар босгосон юм байна лээ. Түүгээрээ Хорооныхоо 100 орчим хүнийг урт, богино хугацаанд гадаадад сургалтад хамруулж, чадавхжуулж чадсан. Гадаадын зөвлөх баг дотоодын зөвлөх багтай хамтарч хууль дүрмээ шинэчлэх чиглэлээр бас ажилласан. Дээр нь Санхүүгийн зохицуулах хорооны нийт ажиллагсдад чадавхыг сайжруулах зөвлөгөө өгөх чиглэлээр сургалт явуулж байна. Түрүүн олон улсын томоохон интеграцид бид бэлэн үү гэж ярьсан шүү дээ. Тиймээс бэлэн байх үүднээс өөрсдийгөө чадавхжуулах хэрэгтэй. Нэг зүйлийг баталгаатай хэлмээр байна. Санхүүгийн зохицуулах хороонд 2016, 2017, 2018 онд гадаад томилолтын ямар ч зардал байгаагүй. Ер нь манай Хорооны үйл ажиллагаа сайжрахын хэрээр энэ зах зээлийн үйл ажиллагааг сонирхож, дарга болоод удирдчих санаатай хүмүүсийн сүүлийн гурван жилийн туршид хийж байгаа дайралт, гүтгэлэг л гэж харж байна. Санхүүгийн зохицуулах хороо төсөв бол маш бага. Улсын төсвөөс санхүүждэг, төсвийнхөө 90 орчим хувь нь зөвхөн цалингийнхаа зардалд ордог. Гадна талдаа өөр томоохон үйл ажиллагаа явуулдаггүй байгууллагыг би хүлээж авсан. Бүхий л чиглэлээр үйл ажиллагааг нь өргөжүүлэх хэрэгтэй байдаг. Гэтэл судалгаа шинжилгээнд хүртэл зардал байхгүй. Судалгааны зардлуудыг гадна талаас гаргаж ирэх, судлаачдын томоохонбаг энд бэлтгэх чиглэлээр ажилласан. Энд байгаа ажиллагсад маань арваад жил ажилласан хүмүүс бий. Тэр хүмүүст шинэ зах зээлийн зохицуулалтуудын тухай мэдлэгийг нь нэмэгдүүлэх, туршлагыг нь арвижуулах гэхчлэн асуудлуудад гадаад талаас дэмжлэг авч байна. Бид гадагшаа явлаа гэхэд маш завгүй явдаг шүү дээ. Би бага жаахан хүүхэдтэй хүн. Хүүхдэдээ чихэр ч авч ирж чадахгүй л завгүй явж ирдэг.

-Ажил ажил гээд байхаар ар гэр орхигдож л таардаг байх?

-Би гурван хүүхэдтэй. Бага нь дөрвөн настай. Гэхдээ төрд ажиллаж байгаа хүн төрийн төлөө ажиллъя гэвэл өөрөөсөө давж, бусдын төлөө үйлчилж байж л үр дүн гарахаас биш өөрсдийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсийг бодоод дараа нь төрийн ажил хийнэ гэдэг орон зай байхгүй. Төрд нэг үгээр хэлэхэд хэнээтэй, энэ зах зээл дээр гарч байгаа сэргэлт, хүмүүсийн хүртэж байгаа үр өгөөжийг харж, тэндээсээ баясал авч чаддаг хүмүүс ажиллах ёстой юм байна. Төрд орж ирээд дадлага туршлага суудаг биш туршлагатай, мэдлэгтэй хүмүүс энэ зах зээл дээр орж ирэх ёстой. Албан тушаал авчих юм бол ажлаа хийчихэж чадна даа гэж байгаа хүмүүс хэзээ ч төрийн энэ албан тушаал дээр баймгүй юм байна гэдгийг би туршлага дээрээ тулгуурлаж ойлгосон. Чи сайн мэддэг бай. Чармайж ажилла. Шамдаж ажилла тэгж байж үр дүн гарна. Бусад бүх ажлуудаа хоёрдугаар ээлжинд тавина. Энэ зах зээл дээр ажиллаж, гэрэл гэгээ гаргахад дараагийн үе маань биднийг хэрэгцээтэй үед нь шийдвэр гаргачихгүй яав даа гэх хэмжээнд байлгаж болохгүй. Өмнөхөөсөө заавал сайжруулсан үйл ажиллагааг л явуулах ёстой. Миний гэр бүл бол нэг баг. Английн ерөнхий сайд асан Маргарет Тетчерийн хэлсэн нэг үг байдаг. Хэрвээ эмэгтэй хүн төрийн аливаа өндөр албан тушаал хашна гэх юм бол хамгийн эхний дэмжлэг гэр бүлээс чинь байх ёстой. Гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Илүү цагаар ажилласныг гэр бүл нь ойлгодоггүй, хүлээн зөвшөөрдөггүй бол та ажилдаа амжилт гаргах боломжгүй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр манай гэр бүл бол нэг баг. Бид бие биедээ туслаад, дэмжээд, ойлгоод явдаг тул хариуцсан ажил маань урагшлахад тун чухал нөлөөлдөг гэж боддог.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх