Шил шилээ дагасан хүүхдийн хүчирхийллийг хэзээ таслан загсоох вэ?!
Ёс зүйтэй нийгэмд, хөдөлмөрийн, хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн Хөдөлмөр Нийгэм хамгааллын сайд С.Чинзориг яагаад хариуцлага хүлээхгүй, шийдвэртэй нэг ч алхам хийхгүй өнөөг хүртэл нуугдсаар байна вэ?! Нөгөө сүрийг үзүүлдэг Ерөнхий сайд У.Хүрэлсүх та танхимын сайд нартаа хариуцлага тооцож, хэзээ ташуур өгөх бэ?
Хүүхдийн хүчирхийлэл, эндэгдлийн асуудал дээр өнөөг хүртэл Засгийн газар дорвитой хөдөлж, хүчээ хаяхгүй байгаад иргэд, олон нийт, эцэг эхчүүд бухимдалтай байна. Сэтгэл сэртхийлгэм тоо баримт дурдвал, өнгөрсөн онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан тайланд дурджээ. Мөн онд хүчиндэх гэмт хэрэг 519 бүртгэгдсэн бөгөөд үүний 238 буюу 48.7 хувьд нь хүүхэд хохирсон байна. Энэ бол зөвхөн олон нийтэд ил болсон тоо баримт.
Монгол улс хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрхийг дээдэлсэн нийгэм. Гэвч Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд нь ахалж, ХНХ-ын сайд С.Чинзориг нь нарийн бичгээр нь ажилладаг хэрнээ хүүхдийн хүчирхийллийг зогсоож чадахгүй улам л газар авахуулж, хүүхдэд зарах төсөв мөнгөн дээр нь гарч хэвтчихээд байгааг юу гэж ойлгох вэ.
Ерөнхий сайд албан тушаалын томилгооноос илүүтэй нийгмийг айдас хүйдэст автуулж буй эл хэргүүдэд анхаарал хандуулж, шийдэл олох шаардлага үүссэнийг ухаарсан байлгүй. Олон нийт ч шаардаж эхэллээ. Тиймээс Ерөнхий сайд та гэр бүлийн орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд онцгойлон анхаарч ХНХ-ын сайд С.Чинзоригт хариуцлага тооцох цаг болжээ. Нэг сайдын ажлаа сайн хийгээгүйгээс болж олон мянган хүүхэд хохирч үлдэх ЁСГҮЙ!
Эх сурвалж: http://www.arslan.mn