“Шинэ үе” продакшны ээлжит тэсрэлт болох Хятадын зохиолч Цао Юйгийн “Буйд нутаг” эмгэнэлт драмын жүжиг СТӨ-нд энэ сарын 18-наас үзэгчдийн хүртээл болж эхэллээ. “Шинэ үе” продакшн, найруулагч Н.Наранбаатарын хамтын бүтээл болох “Буйд нутаг” жүжгийн гол дүрд Төрийн шагналт МУГЖ Ц.Төмөрбаатар, Ардын жүжигчин С.Сарантуяа, СТА Д.Оюунтуул, СТА Х.Бат-Ундрал, жүжигчин Б.Баяржавхлан болон продакшны залуу жүжигчид тоглосон юм. Продюсерээр гавьяат жүжигчин Н.Ариунболд буюу Бооёо ажиллаж мөн туслах дүрийг бүтээжээ.
Зохиолч Цао Юй-гийн талаар ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Цао Юй-г Хятадын Шекспир ч гэж нэрлэдэг. Зохиолууд нь жүжигчдээс их ур чадвар шаарддаг. Бидний амьдралын хамгийн нандин утсыг хөндөж бичдэгээрээ алдартай. Бид онгон зэлүүд газрыг хараад сайхныг нь магтаж, дуу алддаг. Тийм зэлүүд буйд нутагт хүмүүс амьдраад ирэхээр тэнд ямар сэтгэлтэй хүмүүс амьдарснаар нь тэр газрын өнгө тодорхойлогддог” гэж ярьсан юм.
Жүжгийн үйл явдал нь Вань янь гэх хүний амьд ахуйдаа хийсэн нүгэл нь өш хонзон дагуулж, үр үндэс нь бүр мөсөн тасрах аймшигт үйлийн үрийг дууддаг. Тэрээр нэгэн айлын амьдралыг сүйтгэж, дурлалт хосыг салган Жоу Хү гэх залууг шоронд хориулж, “Жинь Зи” бүсгүйг өөрийн хүү “Дао Си”-д эхнэр болгон авч өгдөг. “Вань янь”-ийн эхнэр болох Сохор эмгэний үрээ хайрлах хайр нь залуухан бэрээ хахир хатуу үгээр доромжлон, амьдрах аргагүй болтол нь зовооход хүргэдэг. Түүний хүү “Дао Си” нь өмнө амьдрал зохиож байсан нэг хүүтэй бөгөөд сохор эмгэний хувьд бяцхан ач нь “харах нүд” нь байсан. Хэдийгээр Дао Си бүсгүйд хайртай байсан ч хүчээр эхлүүлсэн амьдрал хэзээ ч аз жаргалтай байдаггүйг харж болно. Ингэж “Вань Янь” болон Сохор эмгэний тэр их нүгэл эцсийн мөчид удам угсаагаа өөрийн гараар таслахад хүргэдэг. Нэгэн сууринд болж өнгөрөх энэхүү эмгэнэлт хувь тавиланг одоогийн нийгэмд өрнөөд буй хар бараан үйл явдал, хүмүүс хоорондын харьцаанд томоохон сануулга, ухаарал өгөхүйц бүтээл боллоо.
Хураасан нүгэл хилэнц, үйл үйлдэл нь эргээд өөрт ирдэг тухай, ирэхдээ бүр илүү хүчтэй хүнд тусдаг болохыг “Үйлийн үрийн хорсол ямар бөх ургадаг юм бэ” хэмээн жүжгийн төгсгөлд хэлдэг билээ. Хүний аливаа үйл бурханд бүртгэгддэг, муу үйлийн мод үндэс рүүгээ улам гүн шигддэг гэсэн философи, хайр сэтгэл, өш хонзон, гэр бүлийн, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг чухалчлан бие биенээ гэх сэтгэл дутагдаж буйг найруулагч гаргахыг зорьжээ.