Найруулагч Д.Отгонсүрэн: Кино урлаг уламжлал дээр суурилсан шинэчлэлээр хөгжих ёстой

2019 оны 05-р сарын 21 өдөр, 10 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15584051275ce3600748372

Монголын кино урлагт шинэ шинэ бүтээлүүд шил даран гарж байгаа ч чанартайуран бүтээл өдрийн од шиг цөөн байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Тиймдээ ч кино үзэх хүсэлбагасаж, тоотой хэдэн үнэлэгдсэн найруулагчдын бүтээлийг л хааяадаа үздэг болсноо нуух юун.Ардчилсан хувьсгалаас хойш Монголын кино урлаг “орхигдсон” гэсэн тодотголтой явдаг хэдий ч өдийгхүртэлх 20 гаруй жилийн замналдаа бас ч гэж цөөн хэдэн сайн уран бүтээлчдийн түүчээгээртасралтгүй хөгжсөөр ирсэн гэж би хувьдаа боддог. Тэрхүү кино урлагийн хөгжлийн түүчээ болсон уранбүтээлчдийн нэг залуу найруулагч Дэмбэрэлийн Отгонсүрэнтэй тун удахгүй нээлтээ хийх гэж буй “7-р тусгай тасаг” киноных нь талаар ярилцсанаа уншигчидтайгаа хуваалцья. Энэхүү киноны гол дүрд Ардын жүжигчин Гомбын Мягмарнаран, Ардын жүжигчин Гомбын Равдан, Гавьяат жүжигчин Ендонгийн Цог, Гавьяат жүжигчин Далхсүрэнгийн Гүрсэд, Соёлын тэргүүний ажилтан Даваагийн Сүхбаатар нарын ахмад уран бүтээлчид тоглосон нь өөрийн эрхгүй сонирхол татаж, энэхүү киноны найруулагчийг “олзолсон” юм. 

-Сүүлийн өдрүүдэд “7-р тусгай тасаг” нэртэй шинэ киноны тухай их сонслоо л доо. Постер рекламуудыг нь харахад чансаа ханхалсан уран бүтээл бололтой. Найруулагчаар нь Д.Отгонсүрэн гэж залуу найруулагч ажиллажээ. Миний хувьд лав сонсоогүй нэр байна. Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Дэмбэрэлийн Отгонсүрэн гэдэг. “Мюзик холл” театр, кино, хөгжмийн дээд сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн. Телевизийн уралдаант цэнгээнт нэвтрүүлэг олон жил хийсэн дээ. 2004-2006 онуудад “Шинэ байр” нэвтрүүлгийг найруулагчаар ажиллаж эхэлсэн болоод тэрүү, энэ төрөл их ойрхон байдаг юм.

“Онч мэргэн” продакшинаа байгуулсаныхаа дараа сүүлийн жилүүдэд кино урлаг руу орж ажиллаж байна. “Анчид” гэж инээдмийн төрлийн кино хийлээ. Үйл явдлын инээдэм талруугаа барьж хийхийг хичээсэн кино л доо. Жүжигчний тоглолтыг хэтрүүлэлгүй, өгөгдсөн нөхцөл үйл явдал нь инээд хүргэм байх талаас нь зохиолоо бичсэн. Жүжигчин С.Болд-Эрдэнийг тоглуулахаар санал тавихад “Би чинь инээдмийн жүжигт тоглож байснаас биш инээдмийн кинонд тоглож үзээгүй” гэж их л болгоомжилж, зохиолоо уншиж үзсэнийхээ дараа “Энэ арай өөр инээдмийн төрөл юмаа, болох юм байна” гээд тоглосон.

Одоогоор дараагийн уран бүтээл болох “7-р тусгай тасаг” киноныхоо ажлыг бүрэн дуусаад байна.

-“7-р тусгай тасаг” киноныхоо зохиолыг та өөрөө бичсэн гэсэн үү?

-Манай “Онч мэргэн” продакшинд надтай хамт ангийн найз Нэргүйн Батнасан, “Шинэ байр” нэвтрүүлгээс эхлэн хамт ажилласан жүжигчин Намсрайн Ялалт, найруулагч Дамбын Баярсайхан гээд хүмүүс хамт ажиладаг. Хамтдаа сууж байгаад л уран бүтээлээ ярина шүү дээ. Багийнхан маань зохиолыг чи гардан бич гэсэн үүрэг өгөөд ажилдаа орсон.

Үзэгчдийг анзаараад л байхад өнөө цагийн киноны үзэгчидийн 70 хувь нь 15-25 насныхан байна. Энэ насныхан ахмад жүжигчдийг байтугай “Камертон”,“Номинталст”-ын дууг сонсоод ямар хамтлаг гэдгийг мэдэхгүй байгаа.

-Тэгээд яагаад жүжигчдээ дан ахмадуудаар бүрдүүлэв. Бүр танихгүй юм биш үү /Инээв сурв?

-Монгол киноны хөгжлийн 80-аад жилийн түүхэнд эхнээсээ дуустал гол дүрүүдэд ахмад жүжигчид хамтдаа тоглосон кино тун цөөхөн байдаг. 1969 онд Гомбожавын Жигжидсүрэн найруулагчийн найруулсан “Анхны алхам” киноны гол дүрийн Мядагт арга туршлагаасаа харамгүй хуваалцаж байгаа өвгөчүүлийн дүрүүд гардаг. 1993 онд Найдангийн Ганхуяг найруулагчийн “Мичидийн 6 гялаан” кинонд Гомбосүрэн гуай, Пүрвээ гуай гээд мундаг жүжигчид амьд ахуйдаа гол дүрд нь хамтдаа тоглосон байдаг. Ахмадууд гол дүрд, тэгээд бүр багаараа тоглосон нь их цөөн байгаа биз?

Тэгэхээр бид одоо үеийн ахмад жүжигчидийг амьд сэрүүнд нь урьж авчран кинондоо эхнээсээ дуустал нь тоглуулвал хүмүүст үзүүштэй, үлдэцтэй уран бүтээл болох нь гэдэг дээр санал нийлсэн.

-Энэ кино үзэгчдэд яаж хүрэх бол? Шүүмж, талархал хоёрын алийг дагуулах бол?

-Эмээж л байна. Манай үзэгчид хайр найргүй хатуу хэлдэг. Тэгээд л  “Кино урлаг хөгжих ёстой, Монгол кинонууд их муу байна” гэж маш их ярьдаг. Залуучууд сайн муу олон кино хийж байна. Сайнууд нь шигшигдээд үлдэнэ, муу нь замхарна. Цаг хугацаа шүүчих юман дээр юунд яарна вэ? Түүний оронд яаж хөгжих гаргалгаа ярья л даа. Бидний хувьд харсан зүйл бол “Кино урлаг уламжлал дээр суурилсан шинэчлэлээр хөгжих ёстой. Уламжлал гэдэг нь юу юм бэ гэхээр бидний үндэс угсаа, түүх соёл, үндэсний язгуур урлагийг хэлж болох боловч, орхиж болохгүй нэг зүйл байгаа. Тэр нь өнөөдрийг хүртэл кино урлагийг нуруундаа үүрээд аваад ирсэн энэ хүмүүсийн арга туршлага, дүрийг гаднаас нь биш дотроос нь бүтээдэг арга ажиллагаа нь өөрөө уламжлал. Одоо үеийн залуусын ашиглаж байгаа өндөр хүчин чадалтай техник, технилоги нь шинэчлэл. Энэ хоёрыг хооронд нь уяж чадвал зөв алхам болно гэж үзсэн. Тиймээс залуу үзэгчдэд зориулан насаараа кино урлагт зүтгэсэн ахмад жүжигчдийг цуглуулж, дүрийг нь мөнхлөн “Ахмад уран бүтээлчид маань дүрдээ ингэж орж, ингэж ажилладаг юм” гэдгийг чадах чинээгээр харуулчих юм бол залуу болон дунд үеийн залуусын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн алхам болно гэж бодож байна.

-“7-р тусгай тасаг” кино маань ямар хугацаанд бүтэв. Хэзээ нээлтээ хийх вэ?

-Бид зөвхөн зохиол дээрээ л гэхэд бүтэн жил ажиллалаа. 65-аас дээш 70 гарсан настай, туршлагатай ахмад жүжигчдийг авчраад, кинонд тоглуулна гэхээр бидний бичсэн зохиол маань үг текстнээсээ эхлээд сэтгэлгээ, агуулга, утга нь балчирдаад байсан л даа. Тэр бүрт нь засвар оруулаад л байсан. Өөрсдөө бол гоё зохиол болчихсон гэж бодоод байж байтал ахмад хүмүүсийн хоорондоо ярьж байгааг сонсож, ажиглах бүрт харилцан яриаг  өөрчлөхөөс аргагүй болдог. Ганцхан жишээ хэлье л дээ. Хөдөө явж байгаад айлд ороход үеийн 2 хөгшин хуучлахыг сонсоход “За танай хойд гол хэр байна даа” гэж асуухад би бол өмнөөс нь бодож байгаа юм л даа. “Мөн ч их үертэй байна даа” гэж хэлэх байх гэтэл тэр хөгшин “Ээ гол мөн ч сайхан цатгалан байна даа” гэж хариулсан. Настай хүмүүс “гол ус үертэй байна, улаанаараа эргэж байна” гэж ярьдаггүй юм байна. Байгаль дэлхий, лус савдаг, хангай дэлхийтэйгээ сэтгэлээсээ хандаж, харьцаж “мөн ч сайхан цатгалан байна аа” гэж хэлж байна. Ийм яриа сонсчихсон хүн чинь зохиолоо голоод л  ахин засна шүү дээ.

Зохиолоо бүтэн жил бичиж, гол дүрийн 5 жүжигчнээ сонгоод зохиолыг маань том жүжигчид яаж хүлээж авах бол гээд гар чичрээд л өгсөн. АЖ Г.Мягмарнаран, Г.Равдан, МУГЖ Д.Гүрсэд, Ё.Цог, СТА Д.Сүхбаатар ах гээд бүгд зохиолыг маань уншиж үзээд маш сайхан хүлээж авсан. “Энэ цаг үед биднийг ахмад, харьсан, буцчихсан гэж бодолгүй гол дүрийг итгэж хүлээлгэж өгсөнд баярлалаа. Гол нь бид хамтдаа эхнээс нь дуустал хамт тоглоно гэдэг их сонин юмаа“ гэж хэлж байсан.

Ингээд 2018 оны зун 2 сар гаран хугацаатай зураг авалтаа хийгээд дуусгасан.  АЖ Г.Равдан гуай өгүүлэхийн урлагийн том мастер хүн шүү дээ. Зураг авалтын үеэр АЖ Г.Равдан ах “Хүүе зохиолчоо” гээд дуудаж байна намайг. За гээд яваад очтол “-Ганц охиндоо үлдэх энэ өмч хөрөнгийг яаж үрэн таран хийх вэ” гэж миний хэлэх үг байна. Би болохоор “үлдээх” гэж хэлмээр байна. Тэгвэл миний дүр зорилготой, энийг үлдээх гэж зорьж байгаа гэдэг илүү тод гарах гээд байна. Ингэж хэлж болох уу” гэж надаас асууж билээ. Зохиолын 1 текстийн хэсгийн нэг эгшиг үсгийг урт эгшиг болгох гэж зохиогчоос зөвшөөрөл авч байна шүү дээ Ардын жүжигчин хүн.

Манай жүжигчид энэ кинон дээр ажиллахдаа дүрийг амилуулах, дүрийг зохиолоос татаж гаргах тал дээр арай өөр түвшинд ажилласан даа. Үзэгчдэд энэ тал нь хүрэх байх гэж бодож байна. Ирэх 6-р сарын 7-нд киногоо нээнэ.

Эцэст нь хэлэхэд бидний уран бүтээлийг дэмжсэн байгууллагуудыг энд зориуд дурьдмаар байна. “Хамаг монгол” групп, “Нүүдэлчин групп”-ийн хамт олон, удирдлагууд, мөн ШШГЕГ, Цэргийн төв эмнэлгийн хамт олон маш сайн дэмжиж ажилласан. Ахмад уран бүтээлчид хамтдаа дүр бүтээж, бэлтгэл оффицерууд залуу үе үр хүүхдийнхээ төлөө хэрхэн тэмцэж байгааг харуулсан бидний уран бүтээлийг дэмжсэн дээрх байгууллагынхандаа маш их талархаж байгаагаа энэ дашрамд хэлье.

Ярилцсан Ө.Булганцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх