Их Монгол Улс болон Ил Хаант Улсын хаад 13 дугаар зуунд тухайн үеийн Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн 8 захидлын эх хуулбарыг Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Ватиканы нууц архивын Гүйцэтгэх захирал, Хамба лам Сержо Паганогаас энэ 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав.
Элчин сайд Ц.Жамбалдорж болон Ром дахь ЭСЯ-ны хамт олон сүүлийн 2 жилийн хугацаанд уйгагүй хөөцөлдөн ажилласны үр дүнд Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой чухал түүхэн баримт бичгүүдээс эх хуулбараар нь монголынхоо ард түмэнд хүргэж чадахаар боллоо. Эдгээр захидлууд нь олон нийтэд ил болоогүй, одоогийн байдлаар судалгааны эргэлтэд ороогүй байгаа нь Монголын түүхийн сурвалж бичгийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх, цаашлаад түүхийн судалгаанд шинэ судлагдахуун болох чухал ач холбогдолтой юм.
Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой бусад баримт бичгүүдийг нээн илрүүлэх, судалгаа хийх чиглэлээр тус байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров.