УИХ-ын дарга Г.Занданшатар АТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

2019 оны 05-р сарын 15 өдөр, 10 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3d367a39-52d4-484b-94de-ee5598ce6a66

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.05.14) Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

АТГ-ын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү танилцуулав.

Авлигатай тэмцэх газар нь 2007 онд байгуулагдаж, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, хуульд заасан төрийн алба хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Тус газрын бүтэц, орон тоог УИХ тогтоодог бөгөөд өдгөө үндсэн 5 хэлтэс, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албатайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Эрхэлсэн комиссар Т.Баярхүү эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар хэд хэдэн санал танилцуулав. Тухайлбал, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгааг дуулгаад, гомдол мэдээлэл их ирдэг, шалгах хэргийн тоо олон байгаатай холбоотойгоор Мөрдөн шалгах хэлтэс, мөрдөгчдийн ачаалал эрс нэмэгдсэн ч орон тоо өөрчлөгдөөгүй хэвээр байгааг тэмдэглэв.

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа өнөөдрийн байдлаар 41.000 орчим төрийн албан хаагчийн Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянаж, авлигын 400 гаруй гэмт хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна гэв.

Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийгэм, иргэдийн шударга ёсны хүлээлтэд нийцэж ажиллахыг манай хамт олон үндсэн зорилгоо болгож байна хэмээн З.Дашдаваа онцлоод,  авлигын нөхцөл амаргүй байгаа ч бид төрийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллах болно гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар нийгмийн тэгш бус байдал газар авч, шударга ёсны төлөөх иргэдийн хүсэл эрмэлзэл эрчээ авч байгаа нь зөвхөн Монголыг төдийгүй дэлхий дахиныг хамарсан үйл явц болж байна. Авлигаас ангижрах, урьдчилан сэргийлэх, албан тушаалтнуудын авлигын гэмт хэрэг, түүний дотор олны анхаарал татсан томоохон хэргүүдийг шударгаар шийдвэрлэх, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээх ажилд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргаж чадна гэдэгт та бүхэнд итгэж байна гэлээ.

Түүнчлэн авлига авсныг илрүүлж шийтгэхээс илүү, авахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ажил та бүхний гол зорилго. Тиймээс соён гэгээрүүлэх ажилд онцгой анхаарах шаардлагатай гэж онцоллоо.

Тэрбээр АТГ-ын үйл ажиллагааг тогтвортой, үр дүнтэй байлгах, ажилтнуудын хараат бусаар ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлийг хангах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр УИХ дэмжлэг үзүүлж ажиллах болно гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар шинээр боловсруулж буй “Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай” хуулийн төсөл, “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн төслийг тус газрынханд өгөөд, “Төрийн албан хаагчдын ёс зүй ямар байх ёстой, хэрхэн зөрчигддөг, яаж сэргийлбэл зохилтойг хамгийн сайн мэдэх хүмүүс бол та нар. Тиймээс хуулийн төсөлд саналыг тань авахаар тусгайлан өгч байгаа юм. Хэлэлцэж, санал бодлоо нэгтгээд, ойрын үед УИХ-д ирүүлэх хэрэгтэй” гэсэн үүрэг даалгавар өгөв.

Түүнчлэн нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа хуулийн зүйл, заалтын талаарх саналаа УИХ-ын Тамгын газарт хүргүүлэхийг даалгав.

УИХ-ын даргыг АТГ-ын үйл ажиллагаатай танилцахад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх