“Соёлч-Налайх” эко аян нээлтээ хийлээ

2019 оны 05-р сарын 14 өдөр, 16 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nalaihhhh

Налайх дүүргийн ЗДТГ-аас дүүргийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран “Соёлч-Налайх” эко аяныг эхлүүлсэн. Тус аяны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр буюу 05 сарын 14-ны өдөр зохион байгууллаа.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “Залуучуудын хөгжил“ хөтөлбөрийг 5 зорилт 26 зүйлтэй батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь залуучуудад иргэний ёс суртахууныг төлөвшүүлэх, авъяас чадварыг хөгжүүлэх, дүүргийн хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтод залуучуудын оролцоог нэмэгдүүлж, эрүүл чийрэг, оюунлаг, бүтээлч, хуулиар олгогдсон эрх үүргээ ухамсарладаг манлайлагч залуус бүхий дүүрэг болох зорилготой.

Соёлч Налайх аяны нээлтэд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: “Их хотын иргэн хүн гэдэг олон нийтийн газар биеэ зөв авч явдаг, замын хөдөлгөөнд соёлтой оролцдог, бусдыг хүндэлдэг, талархлаа илэрхийлдэг, ёс заншлаа дээдэлдэг, зөвөөр хэрэгжүүлдэг, санаачилгатай, оролцоотой, эрүүл мэнд, эрүүл амьдралын хэвшилд анхаардаг, хэрэгжүүлдэг, бусдын төлөө сэтгэл гаргадаг, цаг баримталдаг гээд наад захын соёлыг эзэмшсэн байх шаардлагатай юм.
Хамгийн наад зах нь гудамжинд хог, нус цэр, шүлсээ хаядаггүй, ногоон байгууламж дээр гишгэдэггүй, хийсэн бүтээсэн зүйлсийг эвдэлдэггүй байх нь хотын иргэний соёлоос гадна иргэний үүрэг хариуцлага билээ.
Тийм ч учраас улс эх орон, дүүргийнхээ гэрэлт ирээдүй болсон хүүхэд, залуучууд, иргэдийг хандлагаа өөрчилж, зөв эерэг зүйлийг үлгэрлэн манлайлан, Соёлч –Налайхыг бий болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулахад уриалах зорилготойгоор “Соёлч-Налайх” аяныг эхлүүллээ. Аз жаргалтай, соёлтой хотын эрүүл чийрэг, спортлог иргэн байж, эрч хүчтэй, үр бүтээлтэй ажиллаж амьдрахын төлөө бүгдээрээ Соёлч Налайх аянд нэгдэцгээе”
 хэмээн уриалсан юм.

Тус аяны хүрээнд “Өглөөний хүн” уулзалтыг Хуульчдын гудамжинд зохион байгуулсны зэрэгцээ дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг дүүргийн төв талбайд нээлттэй зохион байгуулсан юм.

Налайх Эрүүл мэндийн төвөөс “Эрүүл иргэн” аяны нээлтийг хийж, эмч нарын баг дүүргийн төв талбайд бүтэн өдрийн туршид ажиллаж үзлэг зөвлөгөө өгсөн бол дүүргийн Спорт Хорооноос “Налайх Марафон-2019” бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг зохион байгуулж явууллаа.
Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас “Холивол хог Ялгавал баялаг” уриан дор “Нэг хог-Нэг амин дэм” аяныг өрнүүлж, хүүхэд багачуудад хогийг хэрхэн ангилан ялгаж хаях талаар мэдлэг мэдээллийг олон сонирхолтой арга барилаар хүргэсэн юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх