БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргалтай ярилцлаа.
БАРИЛГЫН САЛБАР ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГТЭЙ БОЛЛОО
-Барилгын салбарт бодлогын чухал шийдвэр гарсан нь Засгийн газраас “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг энэ оны хоёрдугаар сарын 13-нд баталсан явдал байлаа. 10 жилийн дунд хугацааны зорилт, бодлогын онцлог нь юу вэ?
-2002 оны Дэд бүтцийн сайдын 135 дугаар тушаалаар баталсан “Барилгын салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г 2002-2010 оны хооронд хэрэгжүүлж, уг бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд 2011 онд үнэлгээ, дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл энэ баримт бичгээс хойш өнөөг хүртэл барилгын салбар баримтлах нэгдсэн бодлогогүйгээр явж ирсэн юм. Иймд Барилга, хот байгуулалтын яам, Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод болоод салбарын шилдэг судлаач, шинжээчдийн бүрэлдэхүүнтэй зөвлөх үйлчилгээний багтай хамтран хоёр жил гаруйн хугацаанд “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулж, Засгийн газрын хуралдааны 70 дугаар тогтоолоор батлууллаа. Уг баримт бичиг нь 2019-2029 он хүртэл 10 жил хэрэгжих дунд хугацааны бодлого бөгөөд бодлогын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж байна. Ингэснээр Барилгын салбар дахь ААН, байгууллагууд нэгдсэн бодлоготой уялдуулан стратеги төлөвлөгөө боловсруулан ажиллах боломжтой боллоо.
Бодлогын хүрээнд барилгын салбарын норм, нормативын тогтолцоог шинэчлэх, олон улсын жишигт нийцүүлэхэд голлон анхаарч байна. Барилгын салбарын гол амин сүнс болсон норм, стандартын шинэчлэлийг 2029 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулна.
ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХАД ОНЦГОЙЛОН АНХААРЧ БАЙНА
-Иргэдийн анхаарлыг татсан, хүлээлт үүсгээд байсан бодлогын чухал шийдвэр гарсан. Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт орсноор орон сууцанд орох иргэд нэмэгдэх, амины орон сууцтай иргэд зээлд хамрагдах боломж бүрдлээ. Санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн нэмэгдүүлж байна вэ?
-Барилга, хот байгуулалтын яамны зүгээс иргэдийг орон сууцжуулахад онцгойлон анхаарч хэд хэдэн бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн нэг нь ипотекийн найман хувийн хүүтэй зээл юм. Засгийн газрын 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар тогтоол гарч, Ипотекийн зээлийн шинэ журмыг баталсан. Энэ хүрээнд Монголбанк, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамны хооронд гурвалсан гэрээ байгуулж, Монголбанк арилжааны банкуудтай гэрээ хийх ажил хийгдэж байна. Өмнө нь жилд 300 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийн хүрээнд 5000-6000 иргэн ипотекийн зээлэнд хамрагддаг байсан бол 2019 оноос эхлээд ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж 500 тэрбум төгрөгт хүргэснээр 10 мянган өрхийг зээлд хамруулан, орон сууцтай болгох боломж бүрдэж байгаа юм. Мөн журмын өөрчлөлтийн хүрээнд агаар, хөрсний бохирдол ихсэж байгаатай холбоотойгоор амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар болсон. 120 метр квадрат талбайтай амины орон сууцанд 60 хүртэлх сая төгрөгийн ипотекийн зээл олгоно.
-Иргэд түрээсийн орон сууцны талаар ихэд сонирхдог. Түрээсийн орон сууцны талаар салбар яамнаас ямар бодлого баримталж байна вэ?
-Одоогийн байдлаар 1510 айлын түрээсийн орон сууц бий. Энэ жил 1542 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Үүнд манай яамны Инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар онцгойлон анхаарч ажиллаж буй. Хөвсгөл аймагт баригдсан 135 айлын орон сууц, Говь-Алтай аймагт 120 айлын орон сууцны барилгын ажил дуусаж, оршин суугчдаа хүлээн авахад бэлэн болоод байна. Харин Улаанбаатар хотын “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууц удахгүй ашиглалтад орно. Эдгээр орон сууцыг түрээслэх, цаашлаад өмчлөх хэлбэрээр явах эсэхийг Засгийн газар шийднэ.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эрчимжиж эхэллээ. Одоо хийгдэж байгаа ямар томоохон ажил байна вэ?
-Өнгөрсөн 2018 оноос эхлээд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд дэвшилт гарч эхэлсэн. БХБЯ Улаанбаатар хотын удирдлагуудтай хамтран бодлогын арга хэмжээ авч эхэлсний дүнд дахин төлөвлөлтөд оролцсон барилгуудын эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, санхүүгийн чадавхийг сайжруулах боломж бүрдсэн. Энэ хүрээнд ААН-үүд Хөгжлийн банкны зээлд хамрагдах боломжтой болж, энэ талаар хэд хэдэн уулзалтыг ч зохион байгууллаа. Нийгмийн чухал ач холбогдолтой энэ ажлын хүрээнд нийтдээ 24 байршилд, 75 хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлт явагдах юм. Улаанбаатар хотод 216 мянган айл өрх гэр хороололд амьдардаг. Тэгвэл эдгээр өрхийн 89 мянган нь дахин төлөвлөлтөд хамрагдах боломжтой. Дахин төлөвлөлт нь нийтдээ 1516.16 га талбайг хамарч байгаа бөгөөд дахин төлөвлөлт бүрэн хэрэгжиж дууссанаар агаарын бохирдол 20 орчим хувиар буурах боломжтой. Өнгөрсөн онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 5000 айлын орон сууц бүрэн ашиглалтад ороод байна.
Газар чөлөөлөлт, үүнийг дагаад инженерийн дэд бүтцийг байгуулах, татах зэрэг ажил гацаад байсан бол одоо хөдөлгөөнд орж, ажил эрчимжиж эхэллээ. Бид ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй барилгыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг зохион байгуулж байна.
-Гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн дэд бүтцээр хангах ажил амжилттай хэрэгжиж байгаа юм билээ. Энэ ажил цааш хэрхэн үргэлжлэх вэ?
-Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотод хэрэгжих 10 мянган айлын амины орон сууцны төсөл бий. Мөн 2020 он хүртэл Улаанбаатар хотод дэд бүтцийн найман дэд төвийг барихаар төлөвлөн төслийн нэгж байгуулаад ажиллаж байна. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажил эхэлж, барилга угсралтын ажил 50-60 хувьтай явагдаж байгаа. Одоо 10 мянган айлын амины орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар Төр, хувийн хэвшил, Азийн хөгжлийн банк, Ногоон санхүүжилт олгодог олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ ажлууд ирэх жилүүдэд идэвхитэй өрнөнө.
ЭНЭ ЖИЛ БАРИЛГЫН САЛБАРТ ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨНӨ
-Чингэлтэй дүүргийн долоодугаар хороонд “Сервис центр” төслийг хэрэгжүүлж, иргэд дулаан, бохир, цэвэр усны шугам сүлжээнд холбогдоод эхэлжээ. Цаашдаа хичнээн төв байгуулах төлөвлөгөөтэй байна вэ?
-2017 оны Монгол улсын Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор БНХАУ-аас олгогдох хоёр тэрбум юаны буцалтгүй тусламжаар хийгдэх ажлын тогтоол гарч, жагсаалт батлагдсан. Энэ санхүүгийн эх үүсвэрээр гэр хороололд инженерийн шугам сүлжээг байгуулж, дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. БХБ-ын сайдын тушаалаар Дэд сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг “Сервис центр” төслийг эрчимжүүлэх, Улаанбаатар хотын хэд хэдэн газарт байгуулахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны 285 өрхийн 48 айлыг инженерийн шугам сүлжээнд холбоод байна. Иргэдийн амьдрах, ажиллах таатай нөхцөл бүрдэж байгаад оршин суугчид талархан хүлээн авч байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт гарч, шаардлагатай тохиолдолд Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Яамны зүгээс Сангийн яаманд хүсэлт тавьж энэ жил орж ирэхээр төлөвлөгдсөн 650 сая юаны хөрөнгөөр Улаанбаатар хотын хэд хэдэн байршилд “Сервис центр” байгуулах саналаа хүргүүлнэ. “Сервис центр” нь агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой тул энэ жил 10 байршилд байгуулахаар төлөвлөж байна.
-БНСУ-ын Засгийн газраас Монгол улсад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр 500 сая ам.долларын зээлийг олгохоор болсон. Ажлын явц, төлөвлөгөө ямар шатандаа явж байгаа вэ?
-БНСУ-аас Монгол улсад олгож байгаа нэн хөнгөлөлттэй 500 сая долларын зээлийг орон сууцны хороолол барихад зарцуулна. “Буянт-Ухаа 2” хорооллын орчимд 4320 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Мөн “Буянт-Ухаа 3” хорооллын газарт 720 айлын орон сууц, Баянголын аманд дэд бүтэц бүрэн шийдэгдсэн 15 га газарт 2000 айл, нийт 7000-8000 айлын орон сууцыг уг хөнгөлөлттэй зээлээр барихаар төлөвлөөд байна.
-Дээрх ажлын хүрээнд одоо ямар ажил хийгдэж байна вэ?
-Солонгос улсын Засгийн газрын зүгээс Техник, эдийн засгийн үндэслэл \ТЭЗҮ\ хийх компаниа шалгаруулсан. Тус компани нь Улаанбаатар хотод ирж ажлын хэсгийн хүрээнд уулзалт хийхээр төлөвлөсөн. БНСУ-ын тал Техник, эдийн засгийн үндэслэлээ зургаан сарын хугацаанд хийхээр тооцоолсны дагуу ирэх намраас эхлэн ТЭЗҮ-ийн дараагийн гэрээ хэлцлийн ажилд орно. Мөн БНХАУ-аас Монгол улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, “Ногоон нуур” орчимд 1008 айлын орон сууцны хороолол барина. Нэг айлын газар 0.07 га талбай гэж тооцвол 1008 айлын 70 орчим га газрыг чөлөөлөх боломж гарч ирж байна. Дээрх орон сууцанд хамрагдсан иргэдийн газарт дахин барилгажилт явуулж, иргэдийг хамруулах зарчмаар төсөл хэрэгжинэ. Энэ бол иргэдийг орон сууцаар хангах бодлогын дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж буй томоохон ажил юм.
Дээрх гадаад улс орнуудын хөрөнгө оруулалт нь бүгд орон сууцны төсөлд зарцуулагдаж байгаа. Хамгийн гол нь Орон сууцны бүтээн байгуулалтыг хийхийн тулд инженерийн дэд бүтцийн шугамуудыг хамгийн түрүүнд татаж, газар доорх байгууламжаа барих ёстой. БНХАУ-аас орж ирэх хоёр тэрбум юаны хөрөнгөөр инженерийн шугам сүлжээг өргөтгөж, шинэчилснээр дараагийн орон сууцны барилгын бүтээн байгуулалт явагдана гэсэн үг. БХБ-ын Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг үүнд онцгойлон анхаарч, эрчимтэй ажиллаж байгааг хэлэхийг хүсэж байна. Инженерийн шугам сүлжээг шийдэж, барилгажилтаа үе шаттай өрнүүлснээр агаар, хөрсний бохирдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм. Өнгөрсөн хугацаанд улсын төсвийн санхүүжилтийн хэмжээнд тааруулан бага хэмжээний засвар, шинэчлэлийн ажил хийдэг байсан бол одоо санхүүгийн хувьд боломж гарснаар ихэнх шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх боломжтой боллоо.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ