УИХ-ын дарга 1990 оноос хойш анх удаа шинжлэх ухааны байгууллагуудад очлоо

2019 оны 05-р сарын 13 өдөр, 17 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
10288658-8383-41f5-ad02-3354783171cd

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр үдээс өмнө (2019.05.13) Мал эмнэлгийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав.

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухаан хөгжөөд 95 жил болж байна. 1950-аад оноос эхлэн Монгол Улс эрдмийн зэрэг хамгаалсан өөрийн судлаачидтай болж, 1961 оноос чухал хэрэгтэй салбаруудын лабораториуд байгуулагдсаны нэг нь Мал эмнэлгийн хүрээлэн юм.

  Улс орны хөгжлийн түвшин шинжлэх ухааны салбартаа оруулж буй хөрөнгө оруулалт,  ДНБ-д эзлэх хувиар тодорхойлогддогийг эрдэмтэд хэлдэг. Бүх шатанд шинжлэх ухааны тооцоо судалгаанд суурилсан үндэслэлтэй бодлого шийдвэрүүдийг гаргадаг болох ёстойг УИХ-ын дарга Г.Занданшатар ажлаа авсан эхний өдрөөсөө уриалсаар байгаа билээ.

Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд шүлхий өвчний вакциныг гарган авчээ

    Мал эмнэлгийн хүрээлэн нь улсын хэмжээнд мал, амьтан, нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд нөлөөлж болох халдварт, празиттах болон халдваргүй өвчнийг оношлох, эмчлэх, сэргийлэх арга технологи боловсруулах, малын эрүүл мэндийг сахин хамгаалах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад чиглэсэн судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэдэг. 2019 оны байдлаар Засгийн газрын суурь судалгаа, инновац, шинжлэх ухааны 22, олон улсын хамтарсан 10 гаруй төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Манай улсын эрдэмтэн судлаачдын бүтээл олон улсад 4, Монгол Улсад 38 патент эзэмшиж, олон улсын импакт фактортой мэргэжлийн сэтгүүлд 120 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн байна.

    Монголын эрдэмтэд суурь судалгааны бүтээлийн тоо, чанарын үзүүлэлт болон мэргэжлийн ур чадвараараа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн ч төрөөс шинжлэх ухааны салбарт үзүүлэх дэмжлэг муу, хөрөнгө оруулалт дутмагаас болж бүтээлүүдээ амьдралд хэрэгжүүлэх боломжгүй болдгийг тус хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг хэлж байлаа.

    Төсвийн санхүүжилтийн 80 гаруй хувь нь ажилтнуудын цалин, нийгмийн даатгал, байрны ашиглалтын урсгал зардалдаа таардаг. Нэмэлт санхүүжилтийг өөрсдөө төсөл бичих, тендерт оролцох зэргээр зохицуулж иржээ. Тус хүрээлэн 12 орны 30 гаруй эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнтэй хамтран ажилладаг байна. Нийт 11 мэргэшсэн лабораторитой, 88 судлаачтай үйл ажиллагаа явуулдаг.

    Мал эмнэлгийн шинжлэх ухааны ач холбогдол, улс орны эдийн засагт үзүүлэх мал аж ахуйн үйлдвэрлэлийн нөлөөг харгалзан 2018 онд төсвийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн түвшинд судалгаа хийх зориулалттай лабораторийн шинэ байртай болсон нь сүүлийн 20 жилд шинжлэх ухааны салбарт оруулсан томоохон хөрөнгө оруулалт болжээ.

    Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид шүлхий өвчний вакциныг гарган авч, турших ажилдаа орсон байна. Мөн адууны нийлүүлгийн үеийн түргэн оношлуурыг бүтээжээ. Энэ мэт өөрсдийн эрдэмтдийн хийсэн оюуны томоохон, импортыг орлосон бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор гарааны 5 компанийг байгуулсан байна. Гэхдээ эдгээр компанийн үйл ажиллагааг дэмжихэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлэх шаардлага үүсээд байгааг мэргэжилтнүүд УИХ-ын даргад уламжилсан юм.

Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв

    Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүс Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнд ажиллалаа.

    -Энэ оны эхнээс цалин нэмсэн ч цалингийн сүлжээнээс үүдэлтэй өр үүссэн, шинжлэх ухааны салбарын дундаж цалин олон улсын дунджаас  доогуур хэвээрээ. Иймээс сайн судлаач, эрдэмтэд ирэхгүй байна. Дээр нь төсөвт эзлэх эрдэм шинжилгээний үйл ажиллагааны санхүүжилт маш бага. 2001 онд НҮБ-аас хөгжиж байгаа орнууд ДНБ-ийхээ 1.0 хувиас багагүйг шинжлэх ухааны салбартаа хуваарилж  байвал улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Өндөр хөгжилтэй орнууд дээд тал нь ДНБ-ийхээ 4.3 хувийг зарцуулдаг, ер нь улс орнууд  дунджаар 3.0 хувийг зориулдаг. Гэтэл манай улс дөнгөж 0.1 хувийг зарцуулдаг тул шинжлэх ухаанаа ашигладаггүй улсын тоонд ордог байна. Судлаачдын тоо жил ирэх тусам буурсан. Нийт төсвийн 90 гаруй хувийг цалин, бусад үйл ажиллагаанд зарцуулдаг, эрдэм шинжилгээний зардал  нь 20 орчим хувь байдаг байна. Бага мөнгө авдаг ч гэсэн манай эрдэмтэд зүгээр суухгүй байгаа. Олон улсын түвшинд бид сүүлийн гурван жил дараалан дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн  өгүүлэл, түүнээс авсан эшлэлийн тооны өсөлтөөр Азийн 46 улсаас 19 дүгээрт явж байна. Гуравхан сая хүнтэй, дотроо хоёр мянга хүрэхгүй эрдэм шинжилгээний ажилтантай улсын хувьд энэ бол өндөр үзүүлэлт. Ийм учраас онолын судалгаанд монгол эрдэмтдийн үзүүлж буй түвшин хангалттай сайн байгаа гэж ямар ч эргэлзээгүй хэлж болно гэж Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч  Д.Рэгдэл хэллээ.

    “Мэргэжилтнүүдийн онолын суурь судалгаагаар манай улсын судлаачид дэлхийд гологдохооргүй болсон ч нөгөө талд үйлдвэрлэлд нэвтрүүлж бүтээгдэхүүн гаргах талдаа хоцроод байна. Энэ нь манайд үйлдвэрлэлийн бааз муу байгаатай холбоотой учраас шинжлэх ухааны салбарын нээлт ололтыг хувийн хэвшлийн салбартай уялдуулах шаардлагатай. УИХ-аар Шинжлэх ухаан технологийн тухай, Инновацын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр бэлтгэж байна. Энэ хүрээнд эрдэмтэн судлаачид та бүхний саналыг сонсох, газар дээр нь ажиллаж бодит нөхцөл байдалтай танилцахаар ирсэн юм. Шинжлэх ухааны судалгааны байгууллагуудад нийтлэг тулгамдсан асуудлууд байгаа нь харагдлаа. Төсөв санхүүгийн асуудлыг 2020 оны төсвийг хэлэлцэх үеэр анхаарч ажиллана. Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хуваарилах зэрэг зохион байгуулалтын асуудлыг дотоод нөөц бололцоогоо ашиглаад шийдэх боломжтой гэж харж байна. УИХ-аас шинжлэх ухааны салбарт онцгой анхаарал хандуулж, бүхий л талаар дэмжиж ажиллана. Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хувь хэмжээг 1.0 хувьд хүргэхийг зорьж ажиллана. Гэхдээ эдийн засгийн бодит нөхцөл байдалдаа нийцүүлэн хамгийн багадаа 5 дахин нэмэгдүүлэх ёстой. Ойрын хугацаанд Засгийн газар, салбарын яаманд чиглэл өгнө” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар энд хэлсэн үгэндээ онцлов.

    Улсын хэмжээнд нийт төрийн өмчийн 23 эрдэм шинжилгээний байгууллага байдгаас Шинжлэх ухааны академийн харьяа 10, их дээд сургуулийн 9, БСШУСЯ-ны 2, Эрүүл мэндийн яамны 1, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн харьяа 1 байгууллага үйл ажиллагаа явуулдаг аж. Эдгээр байгууллагуудад 1750 гаруй эрдэм шинжилгээний ажилтан байна.

    Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэн 1968 онд байгуулагдсан. 10 лабораторитай, 127 ажилтантайгаас 104 нь эрдэм шинжилгээний ажилтан аж. 36 хувь нь доктороос дээд зэрэгтэй. Мөн л тоног төхөөрөмжийн хоцрогдол, төсвийн хангалтгүй байдал, эрдэмтэн судлаачдын нийгмийн асуудал орхигдсон зэрэг асуудал тулгамджээ. Тус хүрээлэнгийн эрдэмтэд эх орны 120 гаруй эмийн ургамалд химийн судалгаа хийж, 200 гаруй байгалийн шинэ нэгдлийг нээн илрүүлж, 5 шинэ бүлэг нэгдэл, тэдгээрийн анхны төлөөлөгчдийг илрүүлжээ. Эрдэмтдийн оюуны бүтээлийг амьдралд нэвтрүүлэх зорилгоор 3 гарааны компанийг байгуулсан байна.

Харин Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд 158 хүн ажилладгаас 140 нь эрдэм шинжилгээний ажилтан байна. 14 лабораторитой бөгөөд ажилтнуудын дундаж нас 35 гэнэ. Ботаникийн хүрээлэн 30 гаруй га газартай байсан ч одоо 20 гаруй га болтлоо багасчээ. Үйл ажиллагаа нь зогсонги байдалд орж, орох, гарах гарц ч үгүй болсноо УИХ-ын даргад уламжилж байна.

    Шинжлэх ухааны байгууллагуудыг судалгаа, шинжилгээний ажилдаа бүрэн анхаардаг болгож, тэдний гаргасан оюуны бүтээлийг амьдралд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог бий болгож өгөхийг эрдэмтэн судлаачид хүсэж байгаа юм.

    1990 оноос хойш ШУА-д Төрийн өндөрлөгүүдээс нэг ч хүн очиж байгаагүй, 30 шахам жилд салбарын сайд нь ганцхан удаа ирсэн, энэ өдөр хоёр дахиа (Ё.Баатарбилэг) ирж байгаа гэнэ. Төр нь эрдэмтдээ “тоож” буйд эрдэмтэн, судлаачид баяртай байна.

    УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон албаны бусад хүмүүс ажиллав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх