М.Даваабат: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган болно

2019 оны 05-р сарын 13 өдөр, 11 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
01-10

ХНХЯамны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүн  М.Даваабаттай ярилцлаа. 

-Танай яамнаас зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээ болж дууслаа. Тус сарын аяны хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулав?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ-оос жил бүрийн дөрөвдүгээр сард  зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээ 8 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэ жил “Эрүүл аюулгүйн ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор улс орон даяар зохион байгуулагдаж, нийслэлийн 9 дүүрэг 21 аймгийн аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцлоо.  Сарын аяны хүрээнд ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн үлгэрчилсэн жагсаалтын төслийг боловсруулж, ХАБЭА-н ажилтнуудад гарын авлага, зөвлөмж тараалаа. ЕБС-ийн сурагчдын дунд ХАБЭА-н сэдэвт гар зургийн уралдаан, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ХАБЭА-н сургалтын төвүүд, аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудын дунд ХАБЭА-н шилдэг илтгэлийн уралдаан, нийслэлийн 9 дүүргийн ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн дунд уулзалт зөвлөгөөн, барилгын талбайн үйл ажиллагаатай танилцах өдөрлөг, хөнгөн үйлдвэрийн салбарын ХАБЭА-н сайн туршлага солилцох өдөрлөг зэрэг олон арга хэмжээг зохион байгуулав. Мөн мэргэжлээс шалтгаалах өвчний сувиллуудын эмч, сувилагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг амжилттай зохион байгуулаад байна.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”-ыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар та ажиллаж байгаа юм байна. Үндэсний чуулганы талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”-ыг энэ сарын 20-нд Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна. Тус чуулганд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны гишүүд, салбар зөвлөлийн гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, 9 дүүрэг, хороодын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг 700 гаруй зочид, төлөөлөгчид оролцоно. Арга хэмжээний хөтөлбөр батлагдаад гарчихсан. Бидний хувьд зохион байгуулалтын ажилд анхаарлаа хандуулж, бэлтгэл ажлаа хийж байна. Чуулган  гурван салбар хуралдаанд хуваагдана. Тодруулбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, зөвлөлийн үйл ажиллагаа, цаашдын зорилт хамтын ажиллагаа, Мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт, удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх нь гэсэн сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэгдэнэ.

-Үндэсний чуулганы хөтөлбөрийг товч танилцуулахгүй юу. Энэ үеэр тавигдах илтгэлүүдийн сэдэв, агуулга анхаарал татаж байна. Гол ямар илтгэлүүд хэлэлцүүлэгдэх вэ?

-Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар илтгэл тавина. Мөн БНСУ-ын /KOSHA/-ийн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын Ангарскийн Дорнод Сибирийн дээд сургуулийн захирал О.Л.Лахман, Олон улсын Хөдөлмөрийн хяналтын холбооны ерөнхийлөгч Кевин Майэрс, Япон улсын “Барилгын салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн зөвлөх Хироши Накашима нар өөрсдийн улс орны ХАБЭА-н сайн туршлага, ололт амжилтын талаар илтгэл тавих юм. Мэдээж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал чухал яригдах ёстой. Үүнийг хүн бүхэн мэддэг юм шиг хирнээ өөрсдийн хайхрамжгүй байдал, буруутай зүйлээс шалтгаалж осол аваар гарах тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, уул уурхай, барилга, зам тээврийн салбарт үйлдвэрлэлийн осол гарах нь элбэг. Тиймээс холбогдох газруудаас үүнтэй холбоотой илтгэлийг хэлэлцүүлнэ.

-Үндэсний чуулганыг зохион байгуулах гол зорилго нь юу?

-Монгол Улсад сүүлийн 3 жилийн байдлаар нийт 947 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүтгэгдсэнээс 88 хүн нас барсан тоо баримт байна. Мөн 2018 оны жилийн эцсийн байдлаар Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нийт 3143 хүн хяналтад орж, 51 хүн шинээр оношлогдсон. Тиймээс үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хяналтын механизмыг сайжруулах, ажил олгогч болон ажилтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, салбарын уялдаа холбоог сайжруулах зорилгын хүрээнд уг чуулганыг зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх талаар тодорхой зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах бодлого хэрэгжүүлж үйлдвэрлэлийн ослын тохиолдлыг бууруулах,  ослыг тэглэх, ХАБЭА-н стандарт хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах замаар эрүүл аюулгүй ажлын байрны орчныг бүрдүүлэх зэрэг чухал ажлуудыг үе шаттайгаар хийж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх төрийн бодлогын үндэс нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалахад чиглэгдсээр ирсэн.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн бодлого, үйл ажиллагааны чиглэлийн  талаар ярилцлагаа үргэлжлүүлье.  Байгууллагынхаа талаар товч танилцуулаач?

-Монгол Улсад Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг анх 1967 онд “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэйгээр байгуулагдснаас хойш  50 гаруй жилийг үдсэн байна. Энэ олон жилийн хугацаанд хөдөлмөрчин хүний эрүүл мэнд, эрсдэлгүй ажлын байрны төлөө ажиллаж ирлээ. Манай байгууллага  нь  дөрвөн газар,  зургаан  хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношилж, эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг ганц эмнэлэг нь манай Мэргэжлийн өвчин судлалын газар.   Ерөнхийдөө аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын байранд хөдөлмөрийн болон эрүүл ахуйн нөхцөлийг судлах, үнэлгээ хийж дүгнэлт гаргах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын эрх олгох,  сурталчилгаа хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгөх, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд хөдөлмөр магадлал зохицуулалт хийх, эмчлэх, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг  төрийн үйлчилгээний байгууллага.  Ер нь уул уурхай, барилга зам тээвэр гэх мэт эрсдэл өндөртэй салбаруудад он удаан жил ажилласан хүмүүс мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болох өндөр магадлалтай.

-Байгууллагын гадаад хамтын ажиллагаанд хэр анхаарал хандуулж байна. Бусад орны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын туршлагыг судлах боломж бололцоо хэр байна?

-Бид АНУ, ХБНГУ, ОХУ, БНСУ, Япон, БНХАУ, Австри улсын  ХАБЭА болон Мэргэжлээс шалтгаалах өвчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Тэдний хөдөлмөрийн эрүүл мэндийн  үйл ажиллагааны сайн туршлага, ололт амжилтыг судалж, бас суралцаж байна. Мөн төрийн болон ТББ-уудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд эмч, мэргэжилтнүүдээ мэргэжил дээшлүүлэх, чадавхижуулах сургалтад хамруулсаар байна. Сүүлийн жилүүдэд ХБНГУ, БНХАУ, Япон, БНСУ, ОХУ-д холбогдох албан тушаалтнууд сургалтад сууж, туршлага солилцоод ирсэн. Удахгүй ирэх долдугаар сард АНУ-ын Харвардын Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд манай эмч, мэргэжилтнүүд богино хугацааны сургалтад хамрагдахаар бэлтгэл ажлаа хангаж байна.  Мөн аравдугаар сард Япон улсад ХАБЭА-н чиглэлээр сургалтад хамрагдахаар төлөвлөж байна.

ХБНГУ-ын Физик технологийн хүрээлэнгээр дамжуулан хэрэгжүүлж буй  “Монгол улсын чанарын дэд бүтцийг бэхжүүлэх нь: Уул уурхайн салбар” төслийн хэрэгжилт ямар түвшинд явж байна вэ?

-Дээрх төслийн хүрээнд “Уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төслийн төлөвлөлтийн семинар”-ыг өнгөрсөн онд хийлээ. Тус төслийн хүрээнд хийгдсэн дотоодын эксперт бэлтгэх “Сургагч багшийн сургалт”-анд манай төвөөс 10 гаруй эмч, эрүүл ахуйч хамрагдаж, үйлдвэрийн орчинд тоосны өртөлтийг бууруулах, ажилтны эрүүл мэндийг тоосны шалтгаант өвчнөөс хамгаалах зэрэг мэдлэг чадварт суралцлаа. Түүнчлэн Японы  ЖАЙКА  агентлагтай хамтарсан “Барилгын салбарын ХАБ-ын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд барилгын салбарт ХАБЭА-н сургалт явуулдаг сургалтын байгууллагуудын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах ажил хийгдэж байна. Мөн эрсдэл өндөртэй ажилладаг барилгын ажилчдад зориулан ХАБЭА-н гарын авлага бэлтгэж тараасан. Төсөл маань 2021 он хүртэл үргэлжилнэ.

-Танай Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн Дүрс оношлогооны кабинетэд алсын зайн тусгай программыг суулгаж өгсөн гэсэн, ямар ач холбогдолтой программ юм бэ?

-ЭМЯ, Японы  ЖАЙКА-тай хамтарч хэрэгжүүлж байгаа “Амьсгалын замын өвчлөл-асбестоз, пенемокониз эрт илрүүлэл, оношлох чадварыг сайжруулах” төслийн хүрээнд манай Мэргэжлийн өвчин судлалын газрын Дүрс оношлогооны кабинетэд “LOOKREC” буюу алсын зайн тусгай программыг суулгаж өгсөн. Өвчтний рентген зургийг Япон улсын Алсын зайн оношлогооны институт руу шууд илгээж бүрэн оношлоно гэсэн үг. Ингэснээр уушги тоосжих , уушгины хорт хавдар зэрэг өвчнийг эрт илрүүлэх боломжтой болж байгаа нь томоохон дэвшил гэж харж байгаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ерөнхий ойлголтын талаар иргэд олон нийтийн мэдлэг мэдээлэл дутуу юм шиг санагддаг. Ихэвчлэн уул уурхай, барилгын салбартай холбоод байдаг шүү дээ. Урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажилд хэр ач холбогдол өгдөг вэ?

Бидний хийх ёстой ажил, ач холбогдол нэлээн өгдөг. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг, хууль дүрэм журмыг мэдээд, хэрэгжүүлээд ирэхээр осол, аюул гарахгүй. Энэ л хүлээгдэж буй үр дүн. Олон нийтэд сурталчлан таниулах ажлыг шинэ шатанд гаргаж ажиллахыг зорьж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх