АТГ-ын дарга З.Дашдаваа: Би нийтийг хамарсан ямар ч халаа сэлгээ хийхгүй

2019 оны 05-р сарын 09 өдөр, 10 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
d325d8fbd56a47aab007080ba7912be3

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа тус газрын албан хаагчидтай уулзаж, тэдний санал бодлыг сонсохоос ажлаа эхлүүлж байна.

Энэ удаад Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтсийн мөрдөгч нартай уулзав. Авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүрэгтэй тус хэлтэс нь 28 мөрдөгчийн орон тоотой бөгөөд одоогоор хэрэг бүртгэлтийн 347, мөрдөн байцаалтын 54, нийт 401 хэрэг шалгаж байна. Түүнээс гадна долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 40-70 гомдол, мэдээлэл хянан шалгадаг. Энэ нь ажлын маш их ачаалал үүсгэдэг. Мөрдөгч нар орон нутагт томилолтоор ажиллах, мөрдөн байцаалтаас бусад ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулах зэргээр цаг сунгаж ажиллах, амралтын өдрүүдээр ажилладаг. Улсын хэмжээнд 28 мөрдөгч авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулахдаа мөрдөн байцаах ажилд чанарын доголдол гаргахгүйг эрмэлзэн ажиллаж байна. Цаашид Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, мөрдөгчийн орон тоог нэмэх зайлшгүй шаардлага байгаа талаар Мөрдөн шалгах хэлтсийн албан хаагчид Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваад саналаа илэрхийллээ.

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа мөрдөгч нарын ачааллыг тэнцвэржүүлэх болно гээд “Иргэд, олон нийтэд хүлээлт үүсгэсэн томоохон хэргүүдийг шийдвэрлүүлэхийн тулд одоо байгаа ачаалал улам нэмэгдэж болзошгүй. Авлига, албан тушаалын гэмт хэргийн шийдвэрлэлтийг шударга ёсны зарчимд нийцүүлэхийн тулд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлээр Авлигатай тэмцэх газрын зүгээс зохих саналаа өгч ажиллах ёстой. Мөрдөгч нар аливаа ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй, холбогдохгүй байх талаас дор бүрнээ онцгой анхаарч ажиллаарай. 33 их наядын асуудлыг шалгах ажил хүлээгдэж байна. Энэ асуудлыг шалгаж, олон нийтэд үнэн бодит хариу өгөх шаардлагатай” гэлээ. Тэрээр одоо шалгаж байгаа хэргийн мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлж, ойрын хугацаанд шийдвэрлүүлэхийг мөрдөгч нарт анхааруулав.

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа “Намайг ажлаа аваад, өгсөн үүрэг чиглэлийн дагуу халаа сэлгээ хийж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байна. Тийм зүйл байхгүй. Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогийн хувьд өөр ажилд дэвшин томилогдож байгаа тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Үүнийг та бүхэн мэдэж байгаа. Би нийтийг хамарсан ямар ч халаа сэлгээ хийхгүй. Тиймээс та бүхэн үндэслэлгүй худал мэдээлэлд авталгүй ажлаа дор бүрнээ хэвийн үргэлжлүүлэх ёстой. Ажлаа шаардлагын хэмжээнд гүйцэтгэхийг л та бүхнээс шаардана. Өөр хууль бус ямар ч зүйл би шаардахгүй. Бусад хэлтэс, албадын албан хаагч нарт мөн энэ тухай анхааруулж хэлсэн. Та бүхэнд ч бас зориуд анхааруулъя” гэж онцлон хэллээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх