Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Та бүхний үйлс тод, үг тань хурц байх болтугай

2019 оны 05-р сарын 03 өдөр, 14 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26ac73b2886c58699a11f3dcec138515

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум зохион байгууллаа. Тус форумын үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг уншиж сонордууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээ

Эрхэм сэтгүүлчид  ээ,

Хэвлэл, мэдээллийн салбарын нийт ажилтан, ажиллагсад аа,

Та бүхэнд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийн өмнөөс болон хувиасаа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн халуун мэндчилгээ дэвшүүлье.Өнөөдөр та бүхэн үндэсний сэтгүүлзүйн 106 жилийн түүхээ эргэн харж, хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын өнөөдрийн нөхцөл байдлыг шүүн тунгааж, ирээдүйн хөгжлийн бодлогоо тодорхойлохоор “Хараат бус сэтгүүлзүй” Үндэсний форумд хуран цуглараад байна.

Манай улсын замнаж ирсэн нийгмийн аль ч тогтолцоон дахь ард олны оюун санааны амьдралд та бүхний мэргэжил, үйл хэрэг чухал нөлөөтэй, үнэмлэхүй өндөр байр суурьтай явж ирлээ.

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулахаар бартаа нугачаатай эгэл бус замаар урагш тэмүүлсэн он жилүүдэд сэтгүүлч та бүхний хараат бус, хариуцлагатай, чөлөөт сэтгүүлзүйг төлөвшүүлэх чин эрмэлзэл, мятрашгүй зүтгэл тань шударга үнэний дуу хоолой болон нийгэмд түгж, нийгмийн бусармаг, шударга бус аливаа үг, үйлдэлд хатуу хяналт тогтоож  ирснийг Монголын ард түмэн, төр, засаг зүй ёсоор үнэлдэг.

Өнөө цагт дэлхий дахинд технологийн дэвшлийг даган мэдээллийн асар их урсгал бий болж, хүн бүр нийгмийн сүлжээг ашиглан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үүд хаалга нээлттэй болжээ. Мэдээллийн энэ их орчил дунд мэргэжлийн сэтгүүлчдийн хараат бус, мэргэжлийн ёс зүйтэй, үнэн бодит эх сурвалжаас олж авсан мэдээ, мэдээллийн үнэ цэнэ, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.

Та бүхний гарт нийгмээ соён гэгээрүүлэх, маргаашийн сайн сайханд уриалан дуудах асар их нөөц бололцоо, хүч байгаад огт эргэлзэхгүй байна.

Сэтгүүлчид бол төр засгийн бодлого, үйл хэргийг нийтэд таниулан сурталчлах, түүнийг хэрэгжүүлэхэд гарч байгаа алдаатай болгонд шүүмжлэлтэй хандан засч залруулахыг анхааруулж чаддаг нийгмийн түүчээ болсон хүмүүс билээ. Тиймээс цаашид ч төр, ард түмнийг холбох гүүр нь болж нийгмийн эв нэгдлийг хангахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайд миний бие хэвлэн нийтлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд онцгой анхаарч, салбарын хараат бус байдлыг хангахад бодитойгоор дэмжлэг үзүүлэн ажиллах болно гэдгээ илэрхийлье.

Монгол эх орондоо шударга ёсыг бэхжүүлж, гадаадад нэр хүндтэй, дотоодод эв нэгдэлтэй, ард иргэддээ ээлтэй нийгмийг цогцлоохын төлөөх монгол хүн бүрийн хүсэл мөрөөдөл, чин эрмэлзлийг шингээсэн та бүхний үйлс тод, үг тань хурц байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН  УХНААГИЙН ЕРӨНХИЙ САЙД ХҮРЭЛСҮХ

2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр

Улаанбаатар хот

Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлтийг МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярт гардуулан өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх