Хөгжлийн банк томоохон төсөл, хөтөлбөрийг л санхүүжүүлнэ

2019 оны 05-р сарын 02 өдөр, 11 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15a62095182bf862f84081486752cd94

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хөгжлийн банк томоохон төсөл, хөтөлбөрийг л санхүүжүүлнэ

  Хөгжлийн банк нь арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжтой төсөлд бага хүүтэй зээл олгож байгааг нэн яаралтай зогсоож,  томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байхыг Төлөөлөн удирдах зөвлөлд нь даалгав.

  2012-2016 онд Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс аж ахуйн нэгжүүдэд зээл олгосонтой холбоотой асуудлаар банкны эрх бүхий албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, зээлээ хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн зээлийг төлүүлэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандахыг даалгалаа.

  Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, ажилдаа хариуцлагагүй хандаж, хууль, дүрэм, журам мөрдөж ажиллаагүй гүйцэтгэх удирдлагыг нэн яаралтай өөрчлөх, банкны менежментийг олон улсын туршлагатай багт хариуцуулах асуудлыг судлан шийдвэрлэхийг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав.

  Засгийн газрын 2019 оны 76 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Хөгжлийн банкинд шалгалт хийж 62 зөрчил, дутагдал илрүүлсэн байна. Эдгээрийг арилгах, шалгалтын мөрөөр арга хэмжээ авах, шалгалтаар өгсөн санал, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж, гуравдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд, Төлөөлөн Удирдах зөвлөлд даалгасан юм.

Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг батлав

  Хөтөлбөрийн хүрээнд:

–  Залуучуудад эх оронч үзэл, эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлж, тэдэнд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх

–  Бүх шатны сургалтын чанарыг сайжруулж, насан туршдаа суралцахыг дэмжих

–  Хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих

–  Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх

–  Залуучуудад ээлтэй, аюулгүй амьдрах, хөгжих орчныг нь бүрдүүлэхийг зорих юм.

Дэлхийн улс орнуудын залуучуудын хөгжлийг эрүүл мэнд, өрсөлдөх чадвартай мэдлэг боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн болон улс төрийн оролцоо гэсэн таван үзүүлэлтээр хэмждэг. Манай улс 2016 онд 183 орноос 71 дүгээр бичигджээ.  Манай улсын 3.2 сая хүн амын нэг сая гаруй нь 15-34 насны залуучууд байна.

Үрийн болон хүнсний улаанбуудайг нөөцөөс нийлүүлнэ

Хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс 6.6 мянган тонн үрийн болон хүнсний улаанбуудайг 30 хувийн урьдчилгаа төлбөр авч Тариаланг дэмжих санд олгохоор болов. Үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх юм.

Манай улс өнгөрсөн жил 444 гаруй мянган тонн үр тариа, үүнээс 428 мянга гаруй тонн улаанбуудай хураан авч, 376 мянган га-д уринш боловсруулсан байна. Энэ хавар 387 мянга гаруй га-д үр тариа, үүнээс 367 мянга гаруй га-д улаанбуудай тариалахаар төлөвлөжээ.

Мал хамгаалах сангийн Ажлын албыг татан буулгав

  Мал хамгаалах сангийн Ажлын албыг татан буулгаж, зээлийн авлага, хөрөнгө, өр төлбөр зэргийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлэв. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан бусад үйл ажиллагаа, төсвийн урамшууллыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар дамжуулж байхаар боллоо.

  Мал хамгаалах сан 2018 оны эцсийн байдлаар 33.4 тэрбум төгрөгийн авлагатай, 23.5 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна.

Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барина

Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглуулах гэрээ байгуулан хамтарч ажиллахыг холбогдох хүмүүст даалгав. Тус музейн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу олгож дэмжлэг үзүүлж ажиллахыг сайд Н.Цэрэнбат, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт үүрэг болголоо.

Байгалийн түүхийн музей нь 1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулагдсан. Музейн барилга нь 1955 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалттай анх баригджээ. Барилгын ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан. 2013 оны тавдугаар сараас Байгалийн түүхийн музейн олон нийтэд үйлчлэх үндсэн үйл ажиллагаг бүрэн зогсоогоод байгаа юм.

Цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжинэ

Байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтан, албан хаагчид, оюутан багш, суралцагчдын нийгмийн  асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрийн санахүүжилтээр цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжиж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг сайд Ё.Баатарбилэг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Мөн салбар бүлэг нэмэх, зуны цэцэрлэг ажиллуулахад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх асуудлаар зохион байгуулалтын арга хэмжээ авах, шинээр орон сууцны хороолол барих зөвшөөрөл олгохдоо сургууль, цэцэрлэгийг хамтад нь барих стандартыг мөрдөж зөвшөөрөл олгож байхыг үүрэг болголоо.

Товч мэдээ

–  Мал эмнэлгийн ерөнхий газрын харъяаны “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчиллөө.

–  Үлийн цагаан оготны хөнөөлийг багасгах зорилгоор 645 мянган га талбайд тэмцэх ажлыг шуурхай зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд даалгав.

–  Худалдан авах ажиллагааг яаралтай байгуулж, 06 дугаар сарын 30-ны дотор гүйцэтгэгчтэй гэрээ хийж дуусган, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулах төсөл, арга хэмжээий зураг төсөл, ТЭЗҮ зэргийг  05 дугаар сарын 06-ны дотор тус газарт хүргүүлэхийг үүрэг болголоо.

–  2018 оныг дуустал орон нутгийн төсвөөс олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж болон бусад хөнгөлөлт, тусламжийн өр төлбөрийг эхний хагас жилд багтаан орон нутгийн нэмэлт орлого, хэмнэсэн зардлаас барагдуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. 2018 оны эцийн байдлаар найман дүүрэг, 10 аймгийн халамжийн сангийн төсөв 7 тэрбум төгрөгийн өр төлбөртэй гарчээ.

–  Газрын ховор элементийн хайгуул, олборлолт, ашиглалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн үр ашгийг тооцох судалгаа хийх үүрэгтэй төслийн нэгж байгуулахыг сайд Д.Сумьяабазарт зөвшөөрөв. Манай улс 10 тэрбум ам.долларын үнэ цэнэ бүхий газрын ховор элементтэй гэсэн тойм тооцоог Дэлхийн банк гаргасан байна.

–  “Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөрийг батлав. Таван жил хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас гаргана.

–  БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолыг дэмжиж өргөн мэдүүлэхээр болов. Энэ нь тус хот болон Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтоор зорчиж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд Консулын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зороилготой юм. Өнгөрсөн онд дээрх боомтуудаар давхардсан тоогоор 260 орчим мянган иргэн дамжиж Манжуурт зорчжээ.

–   Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

–  “Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцох бэлтгэл хангах, Монгол Улсад зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд-2020” олон улсын спортын наадам, 2023 оны Зүүн Азийн залуучуудын спортын наадамд ашиглах зориулалтаар импортоор оруулж байгаа бараа, тоног төхөөрөмж, хэрэглэлийг Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцээд хуулийн төсөл, дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

-Нийт нутгаар хур тунадасны хэмжээ 2019 оны зун, намрын улиралд олон жилийн дундаж түвшнээс ихсэх урьдчилсан төлөв гарчээ. Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас осол, сүйрэл гарахаас урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах болон ойрын хугацааны тээвэрлэлтийн өсөн нэмэгдэх хэмжээг харгалзан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Төв” коридорын суурь бүтцийн зарим хэсгийг эхний ээлжинд хөгжүүлэх хүрээнд гол замын их засварын хугацаа хэтэрсэн 177 км замд их засвар, металь гүүрийн их засвар, Толгойт-Улаанбаатар-Амгалан өртөө хооронд уулзваргүй буюу холбоосгүй зам тавих, найман өртөө, зөрлөгт өргөтгөл, таван өртөөнд зам сунгалт,  зүтгүүрүүдийг  нэмж тоноглох, ачааны зүтгүүрийн парк шинэчлэл хийх зэрэг арга хэмжээг нэн яаралтай хэрэгжүүлэх, шаардагдах хөрөнгийг арилжааны зээлээр бүрдүүлэх замаар санхүүжүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх