Баян-Өлгий аймагт тарваган тахал гарсан байж болзошгүй

2019 оны 05-р сарын 01 өдөр, 13 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2f63263d9a61f1169437d349a66888d4

Баян-Өлгий аймагт тарваган тахал гарч, эхнэр нөхөр хоёр нас барлаа гэх мэдээлэл цацагдсан. Аймгийн Онцгой комиссоос өгсөн мэдээллээр, тус аймгийн Ногооннуур сумын нутаг “Талын толгой” хэмээх газарт нас барсан иргэн Т-гээс авсан дээжийг хурдавчилсан тестээр шинжлэхэд урьдчилсан байдлаар тарваган тахлын үүсгэгч эерэг цагаан мөгөөрсөн хоолойн агууламжид нян харах аргаар хоёр туйл нь тод будагдсан сөрөг савханцар илэрчээ.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 319 тоот захирамжаар Өлгий сумын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоож, орох, гарах цэгүүдийг өнөөдрөөс хаалаа. Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан Өлгий сумын нутаг дэвсгэрт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглож, аймгийн төв болон Бугат сумын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, хот, сум хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоогоод байна.

Түүнчлэн аймаг, сумын Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, ерөнхий болон тусгай мэргэжлийн анги бүрэлдэхүүнийг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ.

 Шинжилгээний хариу 72 цагийн дотор гарах бөгөөд тухайн хугацаа нь маргааш дуусгавар болох аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх