Нөхөн сонгуульд өрсөлдөхөөр найман нам бүртгүүлжээ

2019 оны 04-р сарын 30 өдөр, 19 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
songuuli

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөхөөр МАН, МАХН-аас өнөөдөр албан ёсны хүсэлтээ СЕХ-нд хүргүүллээ. Энэ үеэр тус тойргийн тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх улс төрийн найман нам бүртгүүлсэн талаар сонгууль зохион байгуулах ажлын багийн ахлагч, СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн мэдэгдлээ.

 Түүний ярьж буйгаар,“Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийг УИХ-ын шийдвэрээр, энэ оны зургаадугаар сарын 30-нд товлосон. Тиймээс хуульд заасны дагуу сонгуульд өрсөлдөх улс төрийн намыг СЕХ өнөөдөр бүртгэж дуусах юм. СЕХ намуудын бичиг баримтыг шалгаад, ирэх сарын 5-наас өмнө хариу мэдэгдэх ёстой. Намын нэр дэвшигчдийг ирэх сарын 24-28-нд бүртгэнэ. Харин бие даан өрсөлдөгчид тухайн тойргийн 800 гаруй хүний гарын үсэг цуглуулж, ирэх сарын 24-30-ны хооронд бүртгүүлэх боломжтой. Аймаг, сумын сонгуулийн хороо байгуулагдаж, санал тоолох төхөөрөмж зэргийг бэлтгэж эхэлсэн. Намууд үндсэн хууль болон бусад хууль тогтоомжинд нийцүүлэн сонгуулийн ажилд оролцоно гэдгээ мэдэгдэж бичиг ирүүлсэн” байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Тогтохсүрэн, “МАН нөхөн сонгуульд албан ёсоор өрсөлдөхөөр Сонгуулийн тухай хуулийн дагуу бүрдүүлсэн 10 гаруй бичиг баримтаа СЕХ-нд хүргүүллээ. Нэр дэвшигчдээ ирэх сарын 25-28-нд намын бага хурлаар сонгоно” гэв. Хуульд заасан хугацаандаа албан ёсоор сонгуульд өрсөлдөх баримт бичгээ СЕХ-нд хүргүүлсэн бөгөөд МАХН-ын бага чуулганаар мөн нэр дэвшигчдээ сонгохыг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга мэдэгдлээ.

УИХ-ын өнгөрсөн намрын чуулганаар, нөхөн сонгуулийн товыг энэ оны зургадугаар сарын 30-ны өдөр явуулахаар тогтож, сонгуулийн зардлыг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр батлах, энэ зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг тусгажээ.

 Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт  2016 оны ээлжит сонгуулиар, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга олонхын санал авч УИХ-д тус тойргийг төлөөлж байсан ч ноднин зургаадугаар сард өөрийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсан. Түүнээс хойш Хэнтийн 42 дугаар тойргийн 12 мянган сонгогч УИХ-д төлөөлөлгүй байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх