Нацү башёгийн барилдааны банцүкэ зарлагджээ

2019 оны 04-р сарын 30 өдөр, 19 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
300px-Sumo_ceremony

Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн тэмцээн тавдугаар сарын 12-26-нд үргэлжилж аваргаа тодруулах бөгөөд энэ барилдааны банцүкэг /оноолт/ зарлажээ.

 Энэ башёг өнгөрсөн гуравдугаар сарын /Харү башё/ түрүү бөх 69 дэх Их Хакүхо М.Даваажаргал манлайлж, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд аварга баруун жигүүрийг манлайлах бол Озэки Гойэдо зүүнийг, Озэки Такаясү баруунд эрэмбэлэгджээ.

 Зүүний удаад шинэ Озэки Такакейшо бичигдсэн бол өнгөрсөн башёд амжилттай барилдсан Сэкиваке Ичиножёо А.Ичинноров мөн зүүн жигүүрээс барилдана. Озэки Точиношин цол буурч барууны Сэкиваке болсон бөгөөд энэ башёд 10 болон түүнээс дээш давбал Озэки цолоо эргүүлэн авах боломжтой. Болгарын сумоч Айояама, Митакэүми нар Комүсүби цолтой байна.

 Нацү башёд хүчээ сорих монгол бөхчүүдээ танилцуулахад, Макүүчид: Хоёр Их аварга болон Ичиножёо А.Ичинноровоос гадна Тамаваши Б.Мөнх-Оргил /Маэгашира 3/, Дайшохо Шижирбаяр /Маэгашира 16/, Чиёошома Г.Мөнхсайхан /Маэгашира 17/ нар барилдах бол Жюүрёо зиндаанд: Кёкүшюүхо Б.Эрдэнэбаатар зүүний 3, Азамарюү C.Тодбилэг барууны 4, Миторюү Б.Төрболд барууны 9, Кирибаяма Б.Лхагвасүрэн барууны 11, Араваши Э.Дөлгөөн зүүний 12, Сэйро А.Өнөболд барууны 14-т тус тус эрэмбэлэгджээ.

 Харин Макүшитад: Хоошёорюү С.Бямбасүрэн барууны 4, Сакигаке Я.Баттүшиг барууны 16, Гоочёозан Д.Ууганбаатар барууны 20, Кёкүсоотэн Э.Энхманлай зүүний 33, Кагамио Б.Нанжид /зүүний 40/ нар хүч үзэх бол Сандамэд: Ёошояама Б.Анхбаяр барууны 9, Роога А.Амарсанаа зүүний 22, Саданохикари Д.Наранцогт барууны 35, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /зүүний 49/ нар барилдана. Жонидан зиндаанд: Дайтэнма Б.Чинзориг барууны 31 тус тус эрэмбэлэгдсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх